БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах улсад крипто майнинг компаниудын үйл ажиллагааг хатуу зохицуулж эхэллээ. Хамгийн сүүлд арван нэгдүгээр сарын 13-ны өдөр бүлэг компаниудын үйл ажиллагааг зогсоож, удирдлагуудад нь эрүү үүсгэсэн байна. Ингэснээр цахим залилан түүнээс үүдэн гарах сөрөг үр дагавраас сэргийлнэ гэж Хятадын засаг захиргаанаас мэдээлжээ.
Крипто валют олборлох зах зээл нь бодит эдийн засгийг гажуудуулж, хуулиас гадуур мөнгө угаах хамгийн том талбар гэж Хятадын эдийн засагчид дүгнэдэг юм. Өвөр Монголын хүн ам суурьшаагүй бүсүүд, өндөр барилгаар хот төлөвлөсөн ч хүн ам суурьшаагүй “сүнстэй хот”-уудад крипто майнингийн компаниуд ихээр байрладаг гэж Guardian сонин мэдээлж байсан удаатай.
БНХАУ-ын Намын төв хорооноос баталсан төлөвлөгөөний дагуу төрийн бүх албан хөтлөлт, бичиг баримт, иргэнтэй холбоотой лавлагаа зэргийг 2023 он гэхэд блокчейн технологид шилжүүлэх юм. Нам, төрийн зүгээс блокчейн технологид анхаарч байгаа нь крипто майнингийн хувийн компаниудын үйл ажиллагааг цэгцлэх нэгэн том шалтгаан болжээ. Блокчейн технологид шилжихэд БНХАУ-ын Сангийн яам хоёр тэрбум ам.доллар зарцуулна гэсэн судалгаа гаргасан юм.
Сэтгэгдэл ( 0 )