
ОХУ-ын засаг захиргаа крипто зах зээл болон арилжааг бүрэн хянах зорилготой хуулийн төсөл батлах гэж байна. ОХУ-ын Төв банк болон Сангийн яам төрийн төвлөрсөн хяналт, зохицуулалттай дотоодын крипто зах зээлийг бий болгох хуулийн төсөл боловсруулж эхэлжээ.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр уг хуулийн төслийг ирэх гуравдугаар сард Төрийн Думад өргөн барьж магадгүй байна. Уг хуульд ОХУ-ын Төв банкны хяналт дор тодорхой лицензтэй бирж, крито болон дижитал хадгаламжийн газар, бирж, брокер, хөрөнгийн менежерүүдтэй албан ёсны зах зээлийн бүтцийг бий болгохоор тусгажээ. Мөн тусгай зөвшөөрөлтэй дилерүүдээс криптовалют худалдан авахыг зөвшөөрнө. Мэргэжсэн болон мэргэжээгүй хөрөнгө оруулагчид нэг удаад 300 мянган рубльтэй тэнцэх крипто арилжах бөгөөд ингэхдээ зөвхөн ОХУ-ын дотоодын зах зээлд зөвшөөрөгдсөн токенуудыг арилжах зэрэг заалтыг мөн тусгасан байна.
ОХУ-ын засаг захиргаа анхандаа крипто арилжааг бүр мөсөн хориглох бодолтой байсан. Гэвч өрнийн орнуудын тавьсан эдийн засгийн аливаа хориг тэр дундаа хөрөнгө царцаах бодлого баримталсан нь крипто арилжааг төр хянах дараагийн алхамд хүргэсэн байж болзошгүй байна. Өнгөрсөн жил Казань хотноо болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр долларыг халсан арилжааг бий болгохын тулд гишүүн орнуудын крипто арилжаа байх ёстой тухай хэлэлцэж байсан юм. Энэ цаг мөчөөөс хойш крипто арилжааг бий болгох хууль эрх зүйн орчныг бий болгох санаачилга эрчимжсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )