АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани футурист загвар бүхий цахилгаан хөдөлгүүртэй “Cybertruck” ачааны тэргийг /пикап/ танилцууллаа.
Тус компанийн үүсгэн байгуулагч Илон Маск ачааны тэрэгний хаалгыг “SpaceX” сансрын пуужинд ашигладаг хайлшаар хийсэн учир есөн мм калибрын сумыг тэсвэрлэх чадвартай хэмээн танилцуулжээ. Үүнийг нотлохын тулд загвар хариуцсан захирал Франц фон Хольцхаузэн лантуугаар хаалгыг нь цохиж харуулсан бөгөөд үүний дараа цонхны цохилтод тэсвэртэй байдлыг харуулахаар төмөр бөмбөлөг шидэхэд цонх нь хагарсан байна. Илон Маск “үйлдвэр дээр энэ алдааг засах болно” гэж амласан байна.
“Cybertruck” загварын пикап гурван төрөл байх бөгөөд нэг, хоёр, гурван цахилгаан мотортой байх гэнэ. Гурван моторт “Cybertruck” 2.9 секундийн дотор 96.6 км/ц хурд авч, нэг удаагийн цэнэглэлтээр 805 хүртэл км явах хүчин чадалтай гэнэ. Ирээдүйн ачааны тэрэг 1.5 тонн ачаа тээвэрлэж, 6.4 тонны жинтэй чиргүүлийг чирэх хүчин чадалтай. Мотоорын тооноос хамааран “Cybertruck” 39900, 49990, 69990 ам.долларын үнэтэй байх аж.
Илон Маскийн хэлснээр, “Cybertruck” загварын пикапыг 2021 оны сүүлээс эхлэн үйлдвэрлэнэ гэнэ. Гэхдээ тэрбээр худалдаанд гарах хугацааг тодруулаагүй байна.
Сэтгэгдэл ( 0 )