Аяллын хөтөч, тайлбарлагчид чуулна

2019 оны 11 сарын 29

Аяллын хөтөч тайлбарлагчид хоёр дахь жилдээ чуулах гэж байна.

Манай улс аялал жуулчлалаас ДНБ-нд 1.2 тэрбум төгрөгийн орлого оруулсан нь дотоодын эдийн засагт оруулсан нийт бүтээгдэхүүний 5.3 хувийг эзэлж байна гэсэн статистик гарчээ. Цаашид энэ хувь нэмэгдэх хандлагатай байна гэсэн тооцоолол ч гарсан. Энэ салбарт Монгол орныг гадны зочид жуулчдад таниулахад хамгийн идэвхитэй ажиллаж, чухал үүрэг гүйцэтгэдэг хүмүүс бол аяллын хөтөч тайлбарлагчид билээ. Тэд хоёр дахь жилдээ 2019 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр чуулж, тулгамдаж буй асуудал болох нийгмийн даатгал, хөдөлмөрийн аюулгүй байдал, ангилал зэрэглэл тогтоох, даатгал гэсэн чухал сэдвүүдийг хөндөн хэлэлцэх гэж байна.

 Өнгөрсөн жил Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо нь Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, Travel Hub ХХК-тай хамтран “Аяллын хөтөч тайлбарлагчдын” анхдугаар чуулганыг амжилттай зохион байгуулсан. Чуулганы үеэр аялал жуулчлалын салбарт хөдөлмөр эрхэлж байгаа аяллын хөтөч тайлбарлагчдын нийгмийн даатгал, ажлын байрны аюулгүй байдлын талаарх хэд хэдэн тулгамдсан асуудлыг илрүүлж, тэдний дуу хоолойг дамжуулах ажлыг эхлүүлсэн билээ. Ийнхүү чуулганы эцэст бид мэдээлэлгүйгээс хамгийн их хүндрэл учирч байгааг олж мэдсэн юм.

Энэ удаагийн чуулганаар аяллын хөтөч тайлбарлагч нарт нийгмийн даатгалын шимтгэл, хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн хууль, зохицуулалт, хариуцлагын даатгал, стандарт ангилал, зэрэгжилтийн асуудлаар холбогдох мэргэжлийн хүмүүсээр мэдээлэл олгох, хууль зохицуулагчдын түвшинд асуудлыг хүргэх зорилготой. Энэ жилийн чуулганыг Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, Travel Hub ХХК хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар, Монголын Аялал Жуулчлалын Холбоо дэмжин, салбарынхан хүчээ нэгтгэн ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top