Өмнөговийнхон “Цагаан дэл уул - Өлзий” боомт байгуулахыг эсэргүүцэж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 03

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Цагаан дэл уул, БНХАУ-ын Өлзий хэмээх газрыг хамарсан “Цагаан дэл уул - Өлзий” боомт байгуулахыг Өмнөговь аймгийн иргэд эсэргүүцэж эхэлжээ. Учир нь хуучин боомтуудын нөхцөл байдал хүндэрч, иргэдийн эрүүл мэнд, амь нас хамгийн өндөр эрсдэлтэй, тоосжилт, байгаль орчны доройтол гамшгийн хэмжээнд хүрснийг өөрчилж байж дараагийн боомтын асуудлыг ярих ёстой гэж Өмнөговь аймгийн иргэд үзэж буй ажээ.

Иймд “Цагаан дэл уул - Өлзий” боомтыг шинээр нээхийг эсэргүүцэж Өмнөговь аймгийн иргэдийн санаачлан байгуулсан "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ-аас Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, ИТХ дахь МАН, АН-ын бүлэгт шаардлага хүргүүлсэн байна. 
Тус шаардлагад  дурдсанаар “Аялал жуулчлалын боомт нэрээр энэхүү боомтыг анх нээхээр ярьж эхэлсэн байдаг. Харин одоо нүүрс экспортолдог боомт болгон, тухайн чиглэлд нүүрс тээвэрлэлтийн замыг барихаар төлөвлөж байна. Тухайн бүс нутагт БНХАУ-ын эзэнтэй 10 орчим компани мөн тэр хэмжээний монгол компаниуд уул уурхайг эхлүүлэх нь тодорхой боллоо. Өмнөговьчуудад бүтэн газар үлдэхгүй болох аюул нүүрлээд байна. Манай аймаг хуучин хоёр боомттой, тус боомтуудын нөхцөл байдал хүнд хэвээрээ байгаа. Тухайлбал тэнд амьдарч байгаа иргэдийн эрүүл мэнд, амь нас хамгийн өндөр эрсдэлтэй, тоосжилт, байгаль орчны доройтол гамшгийн хэмжээнд хүрсэн байгааг өөрчилж байж дараагийн боомтын асуудлыг ярих ёстой. Гэтэл “Цагаан дэл уул-Өлзий” боомтыг нээхээр улайрч байгаа нь Өмнөговьчуудад ашиггүй. Эмзэг хөрстэй, цэнгэг ус ховор, Монголд төдийгүй дэлхийд нэн ховор ан амьтан, ургамалтай тухайн бүс нутаг биднээс аврал эрэн сөхөрч буйг зүгээр хараад суух учиргүй” гэсэн байна.

Мөн иргэдийн зүгээс Ханхонгор, Хүрмэн, Номгон сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нарын байр суурийг сонсож, аймгийн ИТХ-аар нээлттэй хэлэлцүүлэх, боомтын талаар гаргасан УИХ, Засгийн газар, аймгийн ИТХ, Засаг даргын шийдвэрийг олон нийтэд ил болгохыг шаардаж буй ажээ.

Энэхүү шаардлагыг Ханхонгор, Хүрмэн, Номгон сумдын 1000 гаруй иргэн гарын үсгээ зурж дэмжсэн байна. Дээрх асуудлаар энэ сарын 16-нд Өмнөговьчууд Төрийн ордонд үндэсний хэмжээний чуулганыг зохион байгуулахаар төлөвлөж буй ажээ.

Монгол, Хятадын хилийн “Цагаан дэл уул-Өлзий” боомтын барилга байгууламж, дэд бүтцийг бүтээн байгуулах тухай гэрээнд энэ оны зургаадугаар сарын 26-нд  Монголын талаас Сангийн яам, Гаалын ерөнхий газар, БНХАУ-ын талаас ӨМӨЗО-ны Худалдааны танхимын удирдлагууд гарын үзэг зурж байжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top