- ОХИДОО ХАМГААЛЪЯ -
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд оршин суух хаягтай Д.Сэржмядаг гэх найман настай, охин одоогоос хоёр жилийн өмнө буюу 2017 онд ор сураггүй алга болсон.
Охин мөн оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн 12.00 цагийн орчимд гэрээсээ гарч яваад одоог хүртэл сураггүй байгаа ба өнөөдрийн байдлаар ямар нэг сэжүүр гараагүй хэвээр байна. Тиймээс хэргийг илрүүлэхэд чухал ач холбогдол бүхий баримт, мэдээлэл өгсөн иргэний мэдээллийг цагдаагийн байгууллага үнэлэн авах бөгөөд мэдээллийг чандлан нууцлахаа мэдэгдээд байгаа юм. Албаныхны хэлж байгаагаар энэ хугацаанд эрлийн ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байгаа гэх ба эрлийн баг бүрэлдэхүүн нийт дөрвөн удаа солигдож, шалгалтын ажиллагааг явуулжээ. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд цагдаагийн байгууллагаас давхардсан тоогоор 4000 гаруй цагдаагийн алба хаагч биечилсэн эрэн хайх ажиллагааг явуулсан байна. Харин хэрэгт холбогдуулан охины авга ах болон түүнийг хамгийн сүүлд харсан гэх иргэдийг хорьж шалгасан ч хэрэгт холбогдолгүй болох нь тогтоогдсон учир сулласан байдаг.
Б.ХОРОЛМАА: ЦАГДАА НАР ОЛЖ ӨГӨХГҮЙ БОЛ НҮБ-Д ХАНДАНА
Охины ээж Б.Хоролмаатай утсаар холбогдож хэргийн тухай зарим зүйлийг тодрууллаа.
-Сайн байна уу. Таны охин сураггүй болсноос хоёр жил гаруйн хугацаа өнгөрчээ. Охиныг эрэн хайх ажил үргэлжилж байгаа юу?
-Миний охин Д.Сэржмядаг сураггүй болоод яг хоёр жил, хоёр сарын хугацаа өнгөрлөө. Хэрэг гарсны дараа цагдаа нар их идэвхтэй хайж байсан ч өнөөдөр ямар ч сураг гаргаж чадаагүй байна. Одоо эрэн хайх ажиллагаа явуулж байгаа гэдэг л хариулт өгч байгаа. Дөнгөж өнөөдөр би эрүүгийн цагдаатай нь уулзаад ирлээ. Ямар ч дэвшил гарсан зүйл алга байна. Тагнуулынхан хамт хайж байгаа гэдэг ч бид нартай уулзсан ярилцсан хүн одоогоор байхгүй л байна.
-Хэрэг гарсны дараа охиныг урагшаа хил давуулсан байж болзошгүй гэж таамаглаж байсан. Эрээн хотод эрлийн ажиллагаа явуулна гэж байсан?
-Одоогоос жилийн өмнө нь л Эрээнд хайна гэж байсан. Хайсан үгүйг нь мэдэхгүй байна. Би нүдээр хараагүй шүү дээ. Ар гэрийнхэнд бол ямар ч мэдээлэл өгөөгүй байна. Цагдаагийнхан тодорхой тоймтой мэдээлэл өгдөггүй. Хайж байна аа л гэдэг үг хэлсээр байгаа. Миний охин монголд байсан бол сураг чимээ гарах л байсан. Муугаар бодоход цогцос нь олдох байсан. Одоо хүртэл сураггүй байхыг бодохоор хил давуулсан болов уу гэж бодож байна. Дарга цэргийн хүүхэд байсан бол өдийд олчих л байсан. Манайх тийм баян чинээлэг айл биш, ганцхан өдөр орхих хооронд аваад явчихсан. Манайхыг судалж байгаад авсан байх.
-Тухайн үед сургуулийн орчимд нэг ч хяналтын камер байгаагүй. Одоо энэ бүсийг камержуулсан болов уу?
-Одоо камертай болсон. Гэхдээ ажилладаггүй. Би одоо төр засагтаа гомдож байна. Хэрвээ миний охиныг алга болох үед камертай байсан бол хэн ямар хүн авч явсныг гаргаад л ирэх байсан. Охины сургуулийн яг хойно нь аймгийн Онцгой байдлын газар байдаг. Бүхэл бүтэн онцгой нь хүртэл камергүй. Хэрвээ тэнд камер байсан бол гэр хорооллоос ирж очиж байгаа бүх хүүхэд харагдана. Авч яваад урагшаа гаргасан бол цайны цагаар л гаргасан байх гэж нутгийхан ярьж байна. Гэхдээ улсын хилээр хүн аваад гарахад мэдэхгүй ийм төрөөр яах юм бэ. Д.Сэржмядагийн хэргээр л энэ улс ямар улс вэ гэдэг нь харагдаж байна.
-Хэргийг шалгаж байгаа ажлын хэсэг солигдсон гэсэн. Хэзээнээс солигдсон юм бэ?
-Одоо шинэ цагдаа нар ирсэн. Хуучин хэрэг мөрдөж байсан хүмүүсээс нэг нь ч байхгүй. Шинээр ирсэн ажлын хэсгийнхэн нь нутгийнхныг ч мэдэхгүй, танихгүй. Хэрэгтэйгээ танилцаж байна гээд маш их цаг алдаж байгаа. Одоо эднийг хараад л сууж байна. Үнэхээр хэнд гомдохоо, хаана хандахаа мэдэхгүй юм. Охиныгоо амьд байгаасай л гэж залбираад сууж байна. Цагдаа нар охиныг маань олж өгч чадахгүй бол Нэгдсэн Үндэсний Байгууллагын хүүхдийн эрхийнхэнд хандъя гэж бодож байгаа. Энэ хэрэгт хууль хүчнийхэн анхаарч өгөөч. Хүүхдийг минь олж өгөөч гэж гуймаар байна.
Ш.ЦОГТЦЭЦЭГ: ХӨДӨӨ ГАЗАР ХҮҮХДЭЭ АЛДЧИХНА ГЭЖ БОДООГҮЙ
Ийнхүү охиноо алдсан нэгэн ээж хоёр жилийн хугацаанд бүтэн нойртой хонож чадалгүй, шаналж суух зуур энэ зовлон дахин нэг айлыг нөмөрсөн юм. Одоогоос хагас жилийн өмнө буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант сумаас Д.Бибишийн Ундармаа гэх есөн настай охин алга болоод өнөөдрийг хүртэл олдоогүй хэвээр байна. Одоогийн байдлаар Б.Ундармаа охиныг хайх эрлийн баг хилийн орчимд ажиллаж байна гэх мэдээллийг албаныхан өгч буй.
Хэрэг гардаг өдөр охины ээж гэртээ хоолоо хийж байгаад хамгийн сүүлд 18:00 цагийн орчимд түүнийг гэрийнхээ хойд талын тоглоомын талбайд тоглож байхыг харсан байдаг. Ийнхүү сураггүй болсон Б.Ундармаа охиныг сум даяараа эрэн хайж эхэлсэн бөгөөд Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар болон тагнуулын газар хамтран ажиллагаа явуулж эхэлсэн. Улмаар Улаанбаатар хотоос эрүүгийн мөрдөгчид хүч нэмэн ажилласан ч эрлийн ажил өнөөдөр үр дүнд хүрээгүй хэвээр байгаа.
Энэхүү хэргийн талаар охины ээж Ш.Цогтцэцэгтэй холбогдож тодруулахад “Хүүхэд алга боллоо гээд хайж эхэлснээс хойш өдөр бүхэн олдчих юм шиг санагдаж байгаа. Хөдөө газар хүүхдээ алдчихна гэж ерөөсөө бодоогүй. Ганц охиноо алдчихаад яахаа мэдэхгүй байна. Цагдаагийн байгууллагынхан хайж байгаа. Та бүхэн хүүхдийг минь олоход туслаач. Би яах учраа мэдэхгүй явж байна. Охиныг минь авсан бол гаргаад өгөөч. Харсан үзсэн хүн байвал мэдэгдэж туслаач гэж хэлье” гэсэн юм.
Өнөөдөр ч гэсэн эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байгаа ба уг хэрэгтэй холбоотой бодит мэдээллийг таван сая хүртэлх төгрөгөөр худалдаж авах юм. Хэрэв охиныг харсан үзсэн хүн байвал 99108260 болон Жавхлант сумын хэсгийн төлөөлөгчийн 95919178, Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын 7036101 утсанд мэдээлэл өгөх боломжтой бөгөөд мэдээлэл өгсөн иргэний нууцыг чандлан хадгална гэдгээ цагдаагийн газраас мэдэгдээд байна.
Бидний дундаас 19 хүүхэд ор сураггүй болоод байна
Дээрх хоёр жишээ бол хоёулаа Монгол Улсын урд болон хойд хилийн орчимд үйлдэгдсэн бөгөөд охидоо алдсан ээж нарын зүгээс тэднийг хил давуулсан байж болзошгүй гэх хардлага тээсээр байгаа юм. Гэвч хуулийн байгууллагынхны зүгээс хилийн орчимд ажиллагаа явуулсан гэдгээ мэдээлээд, хилийн цаана эрлийн ажил явуулах боломж хомс гэдгийг тайлбарлаж буй.
Харин сураггүй болсон эдгээр охидын ар гэрийнхний зүгээс тэднийг хилийн цаана хайж өгөхийг хүсэж байгаагаа учирлаж байсан юм. Зөвхөн нийслэл хотод гэхэд бага насны хүүхэд сураггүй алга болсон гэх дуудлага цагдаагийн байгууллагад жилд 1000 орчим бүртгэгддэг гэх албаны тоо баримт бий. Энэ оны эхний арван сарын байдлаар гэхэд 830 хүүхэд эрэн сурвалжлагджээ. Эдгээрээс 810 хүүхэд олдсон бол үлдсэн нь ор сураггүй хэвээр. Өнөөдрийн байдлаар 6-17 насны нийт 19 хүүхэд олдоогүй, эрэн сурвалжлагдаж байна. Энэ мэт сураггүй болсон эдгээр хүүхдүүдийн ард гэр бүл, эцэг эх нь энэлэн шаналж, эсэн мэнд олдоосой хэмээн итгэл найдвар тавин хүлээсээр байгааг хуулийнхан мартаж боломгүй билээ.
Сэтгэгдэл ( 9 )
үнэхээр мэргэн түргэн, хутагт хувилгаан байдаг бол туслах хэрэгтэй. Тэгвэл жинхэнэ бөө, хутагтаа батлана даа, сайхан боломж гарлаа, эрхэм далдыг харагч, шидтэнгүүдээ
Хүний наймааны бүлэг Мафи байна. Хөдөө орон нутгаар камергүй газар сонгоод Монгол хүмүүс байгаа
Нялх амьтан одоо хүртэл амьд байгаа бол эх орон минь намайг хайж байгаа гэж хүлээж суугаа. Доривтой арга хэмжээ аваачээ. Хаашаа хандах боломж байгаан хандаачээ. Үхсэнээ хийгээд утсаар яриад алслагдсан газар суугаад 2 жил болгож байгаан бэ ЭЭЖ минь. Охиноо хай, Орон нутгийн эмэгтэйчүүдийн зөвлөл,хүүхэд гэр бүлийн хэлтэс, хүүхэд хамгаалалын баг, засаг захиргаа, хүний эрхийн төлөөлөгч гэсэн туслах олон л газар байгаа шдэ
Аюулгүй байдал нь алдагдсан энэ улс оронд эх хүн хичнээн хариуцлагатай байлаа ч гэсэн авна гэснээ авдаг тэр хятадууд чинь аваад л явна байх. Үрийнхээ хойноос хатаж суугаа эхийг битгий буруутаг, харин хилийн ойролцоо хөдөлгөөн, эрэсдэл ихтэй бүс нутаг байж яагаад ямарч камергүй байдгын бэ, нэг нялх амьтан алга болчихоод байхад яагаад 2 жил олгоод , яагаад зөвхөн сошшилд энэ талаар бичиж суугаа юм бэ
Үнэхээр харамсаж байна. Монгол улсын ард иргэдийг басамжилж хятадын бодлогыг хэрэгжүүлж яваа төрийн минь өндөрлөгт заларсан луйварчдаа одоо боль. \nТа нартай амь зуулгаа хаяаад үхтэл тэмцмээр байвч өрх толгойлсон би, 4 хүүхдийнхээ амь зуулгыг бодоод тэвчээд давчдаад сууж байна
Хөөрхий минь хаана яаж яваа бол, ямар их зовлон туулж байгаа бол хэнд итгэж найдан харуулдан суугаа болооо. 4 жилд нэг удаа ядмагхан ард иргэдээ хуурч итгэлийг олж ээлжлэн гарчихаад. 4 жилийн турш Эх орны аюулгүй байдал, ард түмнийхээ итгэлийг эвдэж, өөрсдийнхөө тансаг амьдралаас цаашдахыг харах нүдгүй болсон новшнууд минь та нарт хэдэн юань атгуулаад эмсийг чинь бузарлаж бүүр сүүлдээ нялх амьтадыг хулгайлж байна
Өөрсдөө хариуцлагагүй үйлдэл гаргачихаад бусдаас хариуцлага нэхээд яахав дээ.
Бөө нарт хандаж үзэв үү нэг гарц зааж өгнө дөө.
Жирийн ард иргэдийн хүүхдийг олж өгөхгүйээ иймээс ард иргэдээ хүүхэддүүдээ өөрснөө сайн харж байхгүй бол төрд найдах хэрэггүй шүү