Буузнаас хордсон 47-р сургуулийн сурагчдын нэг нь эмнэлэгт хэвтжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 04

Баянгол дүүргийн тэргүүний математик, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 47 дугаар сургуулийн 16 сурагч цайны газрынхаа мантуун буузнаас хорджээ.

Тус сургуулийн өглөөний ээлжийн сурагчид сургуулийнхаа цайны газраасаа мантуун бууз авч идээд удалгүй дотор нь муухай оргиж, гэдэс нь базалж эхэлсэн тул эмчид ханджээ. Хүүхдүүдийг Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүргэж, үзлэг шинжилгээнд хамруулсан байна.

Энэ талаар 47-р сургуулийн сургуулийн Сургалтын албанаас тодруулахад “Хүүхдүүдийн биеийн байдал гайгүй байгаа. Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүүхдүүд шинжилгээ өгсөн. Шинжилгээний хариу гараагүй байна. Эмнэлэгт хэвтсэн хүүхэд байхгүй” гэдэг мэдээллийг өгсөн юм.

Харин ХӨСҮТ-ийн Нэгжийн дарга М.Сувдмаа “Манай төвд 47-р сургуулийн 16 сурагч ирж, үзлэгт хамрагдсан. Хоолны хордлого байж магадгүй сэжигтэй тохиолдол илэрсэн. Шинжилгээний хариу гурав хоногийн дараа гарна. Нэг хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал нь хэвийн байгаа” гэдэг мэдээллийг өглөө.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Д.Дайриймаа “Мэргэжлийн хяналтын байгууллагаас 47-р сургууль дээр ажиллаж, сургуулийн цайны газраас дээж авч, лабораторийн шинжилгээнд өгсөн. Шинжилгээний хариу гарахаар хоолны хордлого эсэх нь тодорхой болно. Манай байгууллагаас тандалт судалгаа хийж байна” гэлээ.

Хоолны хордлого байж болзошгүй тохиолдол илэрсэн 16 хүүхдийн нэг нь эмнэлэгт хэвтсэн ч бусдынх нь биеийн байдал хэвийн болжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top