Ургамлын бордоогоор гоймон дэвтээж, идээд хордлогод оржээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 06 сарын 08

Өнгөрөгч амралтын өдөр Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлэгт хордлогод орсон иргэн хүргэгдэн иржээ.

Тэрбээр ургамлын хуурай бордоогоор бэлэн гоймон найруулж, идсэний улмаас хордлогод ороод байсан ба яаралтай түргэн тусламжаар тус эмнэлэгт хүргэгджээ. Улмаар дээрх эмэгтэйд эмнэлгийн тусламж үзүүлж, хордлого тайлах эмчилгээ хийсэн байна. Одоогоор өвчтөний биеийн байдал тогтворжиж, хэвийн болоод байгаа ажээ. Энэхүү хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Мөн өдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах хувийн эмнэлэгт хордлогод орсон гэх бас нэгэн иргэн хүргэгдэж ирсэн байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн харьяат 41 настай эрэгтэй нь тавдугаар сард гэрээсээ гарч яваад, эргэж ирэхдээ түлш уусны улмаас хордлогод орсон байжээ. Түүнийг ар гэрийнхэн нь эмнэлэгт хүргэж, хордлого тайлах эмчилгээ хийлгэж байгаа ажээ. 

Статистик мэдээллээс үзвэл, долоо хоногт дунджаар хордлогод орсон гэх шалтгаанаар 50 орчим иргэн холбогдох байгууллагуудад хандаж, эмнэлгийн тусламж авдаг. Харин шалтгааны хувьд угаарын хийн хордлого сүүлийн хагас жилийн хугацаанд 80 орчим хувийг эзэлж байгаа бол бусад нь архи,  эмийн бодисонд харшилсан иргэд байдаг байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top