Түүх болсон “Цайны зам”-аас Монгол Улс ирээдүйд юу хүлээх вэ...

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 05

Уншигч та 120 мянгатын уулзварт их хот руу жин тээж яваа есөн тэмээний хөшөөг андахгүй мэдэх байх. Энэ есөн тэмээг зүгээр ч нэг сүндэрлээгүй ажээ. Өрнийг дорнотой, хоёр хөршийг монголтой айлсуулсан “Цайны зам” яг хөшөө лугаа адил Хүрээгээр дайрдаг байсан юм. Их хотын үүтгэл цаашлаад гурван улсын худалдаа харилцааны эртний холбоог үр хойчид сануулах мэт энэ хөшөө сүндэрлэн байна. Гэвч хөшөөний сүүдэрт үүнээс ч илүү утга учир болох цаашид Монгол, Орос,Хятад улс “Цайны зам” хэрхэн хөгжих вэ гэдэг асуулт хариултаа нэхсээр...

 

ТҮҮХ БОЛСОН “ЦАЙНЫ ЗАМ”

Монгол, Орос, Хятад гурав гэх онигоо бий. Инээдэм наргиа гэхээс илүү монголчуудыг нэг талаар егөөддөг энэ онигооноос илүү гүн бат харилцаа энэ гурван улсад байсан түүх бий. Үүний нэг нь түүхийн хуудаснаа “Цайны зам” нэрээрээ мөнхөрсөн худалдааны нэг харгуй юм. Он цагийн уртад мартагдсан болохоос тухайн цаг үедээ үнэлж баршгүй үүрэг гүйцэтгэж байлаа.

Цаг хугацааны хүрдийг 330 жилийн өмнөх рүү буцаая. Тухайн үеийн Хаант Орос улс Нерчинск гацаанд Манж Чин гүрний төлөөлөлтэй харилцаагаа зузаатгахаар 1689 оны намрын дунд сарын сүүлээр уулзжээ. Уулзалт Монголоос холгүй одоогийн Дорнод аймгийн цаахна орших Нэрчүү голын эрэгт болсон юм. Энэ бол европ тооллоор 1689 оны наймдугаар сарын 28-ны өдөр байлаа. Түүхэнд Нэрчүүгийн гэрээ гэдгээрээ мөнхөрсөн энэ гэрээгээр Хятад, Орос улс харилцаагаа наашлуулж, хоёр талдаа харилцан ашигтай хөгжихийн тухайтад олон зүйлсийг хэлэлцэж, гэрээнд тусгасан юм. Хоёр улс хилийн зааг ялгамжаа тусгасан нь маш том хэрэг байсан ч хамгийн гол нь хоёр улсын хооронд жин тээж худалдаагаа хөгжүүлэхийг тохиролцон тусгасан нь маш том ололт байлаа. Зам харгуйн нугачаа, ердийн хөсөг явах боломжгүй хэдэн жил гацсан ч 1727 оноос эхлэн тээврийн эргэлт нь нэмэгджээ.

Хятадын Бээжин-Хаалган-Хөх хот-Эрээнээс Монголын Хиагт-Ховд, Улиастай-Маймаа-Нийслэл хүрээ, Оросын Хөшөө мод буюу Бийск-Хиагт-Улаан үд-Эрхүү, Москва хот хүрдэг байсан 9000 км үргэлжлэх энэ замын эцсийн зогсоол нь Москва байсан юм. Энэ замаар ихэвчлэн цай зөөдөг байсан учраас “Цайны зам” гэж нэрлэжээ. Нэршил нь л цай болохоос энэ замаар тухайн үеийн үнэ цэнтэй гэгдэх торго, шаазан эдлэл тээвэрлэдэг байлаа. Америкийн сэтгүүлч Ж.Кеннанын бичиж үлдээсэн тэмдэглэлийг харвал ид үедээ энэ замаар өдөрт 10-15 сая ам.долларын бараа эргэлддэг байж.

Суэцийн суваг, Алс дорнодын төмөр зам зэрэг бүтээн байгуулалтаас болж “Цайны зам” түүхэн үүргээ алгуур алдаж эхэлсэн нь ч түүхэн үнэн.

 

ХҮРЭЭГ БҮТЭЭСЭН  “ЦАЙНЫ ЗАМ”

Энэ цагийн Улаанбаатар шинэ цагт хоёр хөршийнхөө тусламжаар бүрэлдэж бий болсон ч хоёр зууны өмнө энэ хоёр улсын ачаар дүрсээ олсон нь түүхэн баримт. Хятадын нутагт ургуулж хураасан цай тэргүүтнийг Хаалган хүргэж тэндээс Замын-Үүд, Чойр, улмаар Хүрээгээр дайруулан Хиагтад хүргэж байсан юм.

Уламжлалт мал аж ахуйгаас өөр зүйлгүй Монгол Улсад хоёр их гүрний худалдааны бодлого, түүнээс нь “ургасан” Цайны зам үлэмж нөлөө үзүүлжээ. Нийслэл болсон Хүрээ орныг судлахаар энэ л замаар гаднын нэртэй эрдэмтэд ирсэн юм. Өдгөө бидний мэдэх жинчин, панзчин зэрэг нүүдэлчин монгол оронд байгаагүй ажил үүргийн хуваарь ч бий болсон билээ. Ардын уламжлалд нэвт шингэснээс гадна жингийн цуваагаар тээдэг байсан цай нь мөнгөний нэгжийн үүрэг гүйцэтгэж байв.

Хятад-Оросыг холбох “Цайны зам”—ын тэхий голд нь Монгол Улс байсан нь стратегийн түшиц болж сүм орон байгуулагдах, хот суурин бий болох үүтгэлийг тавьсан юм. Нэг ёсондоо та бидний хэрүүл уруултай, түгжрэл, утаатай гэж бухимддаг Улаанбаатар хот чухам үүнээс эхтэй.

 

“ЦАЙНЫ ЗАМ” ДАХИН СЭРГЭЛЭЭ

ОХУ-ын санаачилсан “Евразийн тээврийн сүлжээ”, Монгол Улсаас санаачилсан “Талын зам” буюу “Хөгжлийн зам” хөтөлбөр, БНХАУ-ын Засгийн газраас санаачилсан “Бүс ба зам” хөтөлбөр. Хөрш гурван улс зүгээр л бодож байгаад дээрх хөтөлбөрүүдийг санаачлаагүй. Энэ бол эртнээс холбогдсон харилцаа дахин сэргэсэн явдал байлаа. Өнөө хэр нь хэрэгжилтээ хүлээж байгаа гурван улсын “Эдийн засгийн коридор” хөтөлбөрийн нэгээхэн хэсэг нь “Цайны зам” болжээ. Гэхдээ худалдаа эдийн засгийн гэх хуучин агуулгаараа бус өнөө цагийн шинэ агуулга, үзэгдэл болсон аялал жуулчлалын салбарт “Цайны зам” дахин төрнө.

БНХАУ-ын санаачилгаар 2015 он “Цайны зам” соёл, аялал жуулчлалын хуралдаан санаачилж, жил бүр гурван улсад зохион байгуулахаар тогтсон юм. Хоёр хөрш улс 2010-аад он гармагц “Цайны зам”-аа сэргээхээр тохирч бодлогоо сэргээхээр болсон бөгөөд 2014 оноос хойш Монгол Улс дээрх санаачилгад нэгдсэн билээ. Улмаар гурван улс нэгдэн “Цайны зам” аялал жуулчлалын холбоог байгуулсан юм. Одоогийн байдлаар “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбоонд Монголоос Улаанбаатар хот, Дорноговь, Дорнод аймгууд нэгдэн ороод байна. Холбоо байгуулагдсанаас хойш 2016 оны долоодугаар сард Цайны зам аялал жуулчлалын брэндийг бий болгохоор санамж бичиг байгуулсан юм.

 

БИД “ҮЛДЭХ” ВИЙ...

Манай хоёр хөрш аль хэдийнээ эдийн засгийнхаа хөшүүрэг болгоод ложистикийн төсөл хөтөлбөрүүдээ уялдуулаад эхэлсэн. Хоёр хөршийн түшиц байсан бид эндээ уул уурхайгаа тойрон маргалдаж байна. Хэрэв бид мөнхийн хөршүүдийнхээ интеграцид нэгдэхгүй хоцорвол 100 илүү жилийн хөгжлөөсөө хоцорсон хэрэг болно. Шинэ цагийн “Цайны зам” төслийг ОХУ-ын Олон улсын аялал жуулчлалын холбоо хариуцдаг бол БНХАУ-ын ӨМӨЗО-ны Соёл аялал жуулчлалын танхим нь тус холбооны нарийн бичгийн дарга нарын үүргийг гүйцэтгэдэг.

“Цайны зам” бол гурван улсыг түүхийн өнгөрсөн хугацаанд ч ирээдүйд ч холбож чадах стратегийн томоохон бодлого юм. Эдийн засгийн интеграциа ч гурван улс үүнтэй л холбож байна. Харин их гүрнүүдийнхээ эмх цэгцтэй бодлого дунд Монгол Улс бодлогоо хойш нь тавьж болохгүй. Хэдийгээр бид гурван улсын санаачилсан олон арван форум, уулзалт хэлэлцүүлэгт оролцдог ч бодит байдал дээр хэрэгжиж чадахгүй байгааг хөрш улсуудын эрдэмтэд сануулдаг. Бодлогоо яаралтай зангидаг улс орныхоо хэтийн ирээдүйг анхаарах цаг нь болжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(122.201.21.192) 2019 оны 12 сарын 05

Ubtz -n zam chin tsainii zamiin uldets

0  |  0
Top