ОХУ-ын Гадаад хамтын ажиллагааны холбоо Монгол, Орос, Хятад гурван улсын нутгаар дайрч байсан “Цайны зам”-ыг яг хуучин маршрутаар нь Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх хүсэлт гаргаж, ЮНЕСКО-д материалаа бүрдүүлж өгсөн байна.
Өмнө нь БНХАУ-ын засаг захиргаа судалгаа хийж, цайны зам дайрч өнгөрдөг байсан Бээжин, Хаалган, Хөх хот, Эрээн чиглэлийн замыг ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн юм. Зөвхөн Хятадын нутгаар явж өнгөрдөг байсан дээрх сүлжээг Хятадууд “Эртний цайны зам” гэх нэршлээр бүртгүүлсэн байна.
Энэ удаад ОХУ-ын санаачилгаар Орос, Монгол, Хятад улсыг хамарсан эртний цайны замыг Дэлхийн соёлын өвд оруулах хүсэлт гаргасан нь энэ аж.
Сүүлийн жилүүдэд ОХУ-ын “Евразын тээврийн сүлжээ”, Монгол Улсын “Талын зам”, БНХАУ-ын “Нэг бүс-Нэг зам” санаачилгуудыг нэгтгэн “Шинэ Цайны зам” төсөл боловсруулж , гурван улсын эдийн засгийн коридор хөтөлбөрт нэгтгэхээр хөгжүүлж байгаа билээ.
XVII зууны үед гурван улсын эдийн засаг, соёл, урлаг, технологийн хамгийн том сүлжээ болж байсан “Цайны зам” нь Орсоын Хөшөө мод буюу Бийск, Хиагт, Улаан-Үд, Эрхүү, Москва хот, Монголын Нийслэл хүрээ, Маймаа, Улиастай, Ховд, Хиагт хот, БНХАУ-ын Бээжин, Хаалган, Хөх хот, Эрээн гэсэн хотуудыг дайрч өнгөрдөг байжээ.
Одоогоос 330 жилийн тэртээ буюу 1689 оны наймдугаар сарын 28-ны өдөр Нэрчинкс гацаанд Хаант Орос болон Манж Чин гүрний төлөөлөгчид хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх Нэрчүүгийн гэрээнд гарын үсэг зурсан юм. Гэрээ ёсоор хоёр улсын хилийг тодотгож, худалдаа хийхээр тохирчээ. Гэрээний эхний хэдэн жил зам харилцааны саад тотгороос шалтгаалан худалдаа тааруу байсан ч аажимдаа сэргэж эхэлжээ. Хиагт-Нийслэл Хүрээ-Маймаачин хотын хооронд зөөдөг байсан гол ачаа нь цай байсан тул “Цайны зам” нэрээрээ түүхэнд үлдсэн байна. АНУ-ын сэтгүүлч Ж.Кеннан 1881 онд бичсэн нийтлэлдээ “Цайны зам”-аар 10-15 сая ам.долларын үнэ бүхий бараа тээдэг тухай тэмдэглэсэн нь бий.
Сэтгэгдэл ( 0 )