Ж.Бат-Эрдэнэ: Сонгуулийг жижиг мажоритараар явуулна гэвэл дэмжинэ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 06

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-УИХ энэ өдрүүдэд сонгуулийн хуулийн шинэчлэлийг хэлэлцэж байна. Өргөн барьсан төслөөр бол ирэх оны УИХ-ын сонгуулийг 50:26 буюу тойргоос 50, улс нэг тойргоос 26 гишүүн гаргахаар зохицуулсан юм байна. Хууль санаачлагчид “Жишээлбэл, МАН-ын 26 нэр дэвшигч нэг багц болоод тэдэнд өгсөн саналын нийт дүнг нэгтгэнэ. Ингээд тухай нь сонгогчдын 50 хувь байвал тус намын жагсаалтад орсон хүмүүсийн 13 нь дотроо авсан саналаараа эрэмбэлэгдэж УИХ-д сууна гэсэн үг” гэж тайлбарлаад байгаа. Та энэ хуулийн төсөл дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Бид 20 гаруйхан хоногийн өмнө Үндсэн хуульд оруулах, нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж дууслаа. Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь АН-ын зөвлөлөөс гурван санал тавьсны нэг нь сонгуулийн холимог тогтолцоог оруулах байсан. Тэгэхэд бид “Үгүй ээ, сонгуулийн тогтолцоог ярихгүй, хөндөхгүй” гээд хуульд тусгаагүй. Үндсэндээ сонгуулийг өмнөх тогтолцоогоороо хийнэ гэсэн ойлголтоор явсан. Гэтэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаас хойш сар ч хүрээгүй байхад сонгуулийн хуулийг өөрчлөхөөр оруулж ирсэн төсөлдөө тоглоом хийгээд байгаа юм шиг холимог болгох тухай дурдчихсан байна.

Ер нь сонгуулийн пропорциональ, мажоритарын бүх л хэлбэрт сайн, муу тал бий. Гол нь аль хувилбараар нь хийвэл сонгуульд оролцож байгаа хүмүүсээс мэдлэг боловсролтой, ёс зүйтэйг нь сонгох вэ гэдэг асуудал. Үүн дээр сонгож байгаа иргэд тогтолцооны талаар хэр мэдээлэл сайтай байгааг бодолцох ёстой. Эднийг хооронд нь зохицуулсан процедур систем нь зөв байхаас их зүйл шалтгаална шүү дээ. Би бол гол асуудал нь хүндээ байна гэж хараад байгаа. Тэр утгаараа нэр дэвшигчид нь иргэдтэйгээ шууд тулж санал авдаг мажоритар тогтолцоо нь өнөөдөр Монгол Улсад илүү тохирно гэж боддог. Энэ өргөн барьсан сонгуулийн хуулийн хүрээнд 26 гишүүн нь намын жагсаалтаар орж ирэх юм байна. Үлдсэн 50 нь тойрог дээр очиж өрсөлдөнө гэдэг чинь яг иргэдтэй тулж мөрийн хөтөлбөр, өөрийнхөө талаар материалаа үзүүлж танилцуулаад орж ирдэг хувилбар. Гэтэл нөгөө 26 нь болохоор улс орны хэмжээнд намын том бодлого яриад явна гэсэн үг. Тэгвэл энэ дунд гишүүдийн хооронд зөрүү гарч ирэх гээд байна.

-Нэг нь том, нөгөө жижигхэн гэж үү?

-Тойрогт өрсөлдөж байгаа нэр дэвшигчээ бодвол улс нэг тойрогт орсон нь том бодлого ярьдаг харагдана. Намын бодлого ярьдаг бодлогын хүн, намын даргадаа таалагддаг гэдэг өнцөг наадах дээр чинь гарч ирнэ. Дээр нь дагаад өнөө монголчуудын маань ярьдаг“Намын нэрийн ард нуугддаг, биднээс хол байдаг” гэдэг зүйл ч сөхөгдөнө биз дээ. Уг нь улс нэг тойрог гэж байгаа бол нам бүрээс орсон 26 хүн улсын хэмжээнд авсан саналынхаа тоогоор жагсах ёстой. Тэгээд хэдэн мянган хүний санал авсан байдаг юм түүгээрээ эрэмбэлэгдээд эхний 26 нь УИХ-д орох учиртай. Харин энэ хэлэлцэхээр оруулж ирсэн төслөөр бол нам бүрийн 26 хүний авсан саналыг багцлаад тухайн нам иргэдийн хэдэн хувийн дэмжлэгийг авсан байна гэдгийг гаргах юм байна. Тэгээд авсан хувиар хувь тэнцүүлж дотор нь саналаар нь жагсаагаад парламентад оруулах нь. Энэ өөрөө пропорционалийн элемент байхгүй юу. Энэ чинь нөгөө Үндсэн хуулийн цэцийн 2016 онд хийсэн дүгнэлттэй бас зөрчилдөөд байгаа юм. Тухайн үед пропорционалиар сонгууль явуулах нь иргэний шууд сонгох эрхийг зөрчсөн байна гэж үзсэн шүү дээ. Тийм болохоор магадгүй дахиад Үндсэн хууль зөрчсөн арга хэлбэрээр сонгууль явах эсвэл Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй зөрчилдсөн сонгуулийн хууль орж ирж байгаа янзтай болчихож байгаа юм.

-Намуудын санал болгосон 26 нэр дэвшигчээс аль нэгнийг нь дугуйлах болохоор Үндсэн хуульд байгаа шууд сонголтоо хийж буй хэлбэр мөн гээд тайлбарлаад байна лээ?

-Сонгуулийн насны бүх иргэнээс хамгийн их санал авсан эхний 26 гишүүнийг парламентад оруулна гэвэл энэ шууд сонголт болж таарах байхгүй юу даа.

-Ер нь бол пропорционалийн аливаа нэг хэлбэрийг сонгуулийн хуульд оруулж өгөх шаардлагатай гэж хэлдэг улстөрч хийгээд судлаачид байдаг. Тэгэхгүй бол өнөөгийн 76 жижиг тойрогт өрсөлддөг байдал эргээд муугаар хэлбэл УИХ-ын гишүүд жалга дов руугаа төсвийг тараагаад зөөчихдөг байдалд хүргээд байгаа юм биш үү. Жижиг тойрогт барьцаалагдаагүй парламенттай болж байж хөгжлийн том ажлууд урагшилдаг гэсэн яриа өмнө нь ч байсан, одоо ч явж л байна?

-Жижиг мажоритар хэлбэрээр явбал ингэдэг гэх нь төөрөгдөл л дөө. Өнөөдөр тойргийн бодлого гэж шүүмжлээд байх. Гишүүний мөнгө гээд яриад байдгаар жишээ авъя л даа. Гишүүний мөнгө нэртэй болохоос тухайн нутаг оронд хийх зайлшгүй шаардлагатай цөөхөн ажилд хүрэлцэх мөнгийг улсын төсөвт суулгаж байгаа хэрэг юм. Ерөнхий дүнгээрээ тэдэн тэрбум төгрөгөөр тухайн тойрог дээрх хөрөнгө оруулалт чинь шийдэгдэнэ гээд түгжээд өгчихөж байгаа хэрэг.

-Ирэх жилийн төсөвт тухайлбал, гишүүний мөнгө хоёр тэрбум төгрөг орчим байсан уу?

-Тийм. Би Булган аймаг ганцхан гишүүнтэй гэж хэрүүл хийж байгаад хоёр гаруй тэрбум төгрөг тавиулах жишээтэй. Энэ бол улсын том бодлогоор цоожилчихож байгаа хэрэг юм. Үүнээс илүүг зарцуулахгүй гэсэн санаа. Харин үлдсэн төсвөөр бодлогын хөрөнгө оруулалтуудыг хийдэг. Ингэж л явж ирсэн. Тойрог тойрог руугаа яриад байгаа нь жижиг асуудлууд шүү дээ. Магадгүй тэр нэг тойрог дээр байгаа ганц жижигхэн гүүр эсвэл хоёр км зам зэргийг яриад байхаар хөрөнгө оруулалтыг дандаа тойрог руугаа чиглүүлээд байгаа мэт харагддаг байх. Гэтэл тэр нь тэр нутаг орондоо зайлшгүй хийх ёстой зүйл л хийгдэж байгаа байхгүй юу. Ерөнхий том бодлогоо УИХ бариад л явдаг. Түүнээс биш жижиг мажоритар тогтолцоогоор сонгууль хийхээр гарч ирсэн гишүүд нь хуваагаад зөөгөөд байна гэж байхгүй шүү дээ. Ийм яриа гаргаж байгаа нь ерөөсөө аль системийг нь өргөж тодруулах уу, алийг нь баалах уу гэдгээс л үүдсэн зүйл. Өнөөдрийн манай нөхцөлд пропорциональ, мажоритар, холимог тогтолцоо алийг нь ч хэрэглэсэн төсвийн зарцуулалт дээр ялгааны зөрүү багатай л байна. Мөн бид сая Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа урт хугацааны бодлого гаргадаг байгууллагатай байна гэдгийг хуульчилсан. Нэг нам төрийн эрхэнд гарч ирээд Ерөнхий сайдын хүрээнд, намынх нь бодлогын хүрээнд нэг юм явуулдаг. Дараагийнх нь гарч ирээд дахиад өөрчлөөд шинэ бодлого гаргадаг. Энэ мэтээр дөрөв, дөрвөн жилээр бодлого нь өөрчлөгдөөд явдгийг болиулъя гэж байгаа шүү дээ.

-Та ер нь сонгуулийн аль хувилбарыг нь дэмжиж байгаа юм бэ?

-Миний хувьд бол жижиг мажоритар буюу 76 тойрогтой байхыг дэмжиж байгаа. Одоо санаж байвал жил орчмын өмнө бид хоорондоо баахан юм болоод, гадаа доторгүй УИХ чинь муухай, булай газар болчихлоо тар гээд сүйд байлаа шүү дээ. Тэр үед юу харагдаж байсан гэхээр “Буцаад тойрог дээрээ очоод нүүр нүүрээ харцгаая. Үнэхээр энэ улс орноо хөгжүүлж чадаж байгаа юм уу. Улс орныхоо төлөө энэ гишүүн юм хийж чадаж байгаа юм бол тойрог дээрээ очоод улаан нүүрээрээ уулзаад буцаад гараад ир” гэдэг юм их явсан шүү дээ. Энэ чинь өөрөө ард иргэдтэйгээ хамгийн ойрхон байгаа шүүлтүүрээр орох асуудал хамгийн чухал гэсэн санаа байгаа биз. Бид ард иргэдийнхээ саналыг аливаа хуулийн үндэс болгож авна гэж зөндөө ярьдаг. Тийм болохоор иргэд “Хүрээд ир ээ. Бид та нарыг үзэж харж байгаад сонгоё” гэсэн үндэслэлээ илэрхийлсэн байхад түүнийг хамгийн гол асуудлаа болгож авах ёстой л доо.

-2012 онд сонгуулийг холимог тогтолцоогоор хийж байлаа. Одоо МАН засаг барьж байхдаа дахиад л холимгийг санал болгож байна. Яагаад ингээд байдаг юм бэ?

-Тэр үед “Хаалгаар хөөгдөж гарсан хүн тооноор ороод ирлээ” гэсэн муухай хэллэг гарсан шүү дээ. Энэ бол яг иргэдийн дундаас гарсан үнэн үг байхгүй юу. Үнэхээр улс орондоо хэрэгтэй тустай юу ч хийгээгүй, тухайн тойрог дээрээ дахин сонгогдох боломжгүй болсон хүн намынхаа нэрээр буцаад гишүүн болчихсон парламент дотор давхиж явна гэдэг чинь буруу л асуудал. Ер нь бол яахав, нам болгон сонгууль хийхдээ өөрсдийнхөөрөө өөрчлөх гээд байдаг. Ингэхгүйн тулд л Үндсэн хуульд бид сонгуулийнхаа тогтолцоог хатуу зааж өгье гэсэн асуудлыг ярьж байсан шүү дээ.

-Гэхдээ Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоог хуулиар тогтооно гээд оруулчихсан?

-Тийм.

-Намын нэр биш хүн дугуйлж байгаа болохоор энэ 26 дотор бас арай л голтой хүмүүс нь орохгүй юу?

-Улс орондоо үнэлэгддэг, үнэхээр гоц мундаг хүн байж болно шүү дээ. Гэхдээ тэр хүн жижиг нам дээр байж байя гэж бодъё. Тийм тохиолдолд хэдэн том намууд нь нийт нэр дэвшигчдийнхээ авсан саналын багцаар хуваагаад авчихлаа. Нөгөө хүн хэдийгээр улс орны хэмжээнд ганцаараа өндөр саналтай ч гэсэн нам нь таван хувийн босгыг давж чадаагүй бол УИХ-ын гишүүн болохгүй байх нь. УИХ-д байх ёстой гэж ард түмэн үздэг хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүс чинь үлдчихнэ. Тэгэхээр “Би яагаад энэ хүмүүсээс илүү үнэлгээг ард түмнээс авсан мөртлөө УИХ-д орж чадсангүй вэ” гэдэг логик гарч ирнэ дээ.

-Энэ хуулийн төсөл дээр УИХ-ын гишүүд эерэг, сөрөг янз бүрийн л байр суурьтай байна. Чуулганаар дэмжигдэхгүй бол тэгээд хуучин хуулиараа явна гэсэн үг үү?

-Доторх заалт нь өөрчлөгдөх боломж бололцоо байгаа л даа.

-Сонгуулийн хэл­бэрийн тухайд ийм байж. Хуулийн төсөлд сошиал орчинд сонгуулийн сурталчилгааны үеэр хязгаар тавих тухай бүлэг орсон байна лээ. “Үзэл бодлоо илэрхийлэхийг хааж боолоо” гэх хүн байхад “Сонгуулийн үед гардаг элдэв худал гүтгэлэг доромжлолыг хаах нь зөв” гэж байгаа хэсэг ч байна. Улс нэг тойрогт нам бүрээс 26 нэр дэвшигч гарна гэхээр ийм тооны Ерөнхийлөгчийн сонгууль болж байгаа мэт л байх болов уу?

-Ер нь бие биеэ гүтгэдэг юмыг жаахан хязгаарлах талдаа байх нь зөв гэж боддог. Гүтгэлэг бол арай хэрээс хэтэрсэн тал руугаа л байгаа. Түүнийг яажшуухан зохицуулах юм байгаа юм. Түүнээс биш ард иргэдийнхээ дуу хоолойг хаах гэдэг утгаар алхам хийж болохгүй л дээ. Үүнийг санах л хэрэгтэй.

-Ерөнхийлөгч ирэх оны улсын төсөвт хэсэгчилсэн хориг тавьсан. Шаардлагагүй барилга байшингуудыг барих хөрөнгийг хасах, Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхийг зогсоох гэх мэт. Хориг дээр ямар байр суурьтай байна?

-Нийгмийн даатгалын шимтгэлийн хувийг нэмсэн дээр хориг тавьчихсан байна лээ. Түүнийг нь дэмжихэд бэлэн байна.

-Тэр гэхдээ ОУВС-тай тохирсон хатуу бодлогоор явж байгаа биз дээ?

-Уг нь тэр бодлогоор байгаа юм. Гэхдээ хоёр хувь дээр тэд хатуурхахгүй байлгүй дээ. Иргэн баян бол улс баян гэдэг. Бидний хийх ганц зүйл бол иргэдээ чинээлэг болгох бүхий л боломж бололцоог эрэлхийлэх шүү дээ. Бид чинь одоо хамгийн түрүүнд айхтар лут хууль дүрмүүд зохиогоод, сүрхий стандарт гаргаад мэргэжлийн хяналт гэдэг дээрээ аймар том эрхийг нь олгоод, иргэдийнхээ бизнес хийх боломж бололцоог нь хаагаад, бизнесийнхнээ нэг их том баячууд гэдэг байдлаар хараад л. Уг нь улс орон хөрөнгө чинээтэй, баялагтай байя гэвэл хүмүүстээ боломж болгох ёстой. Баялгийг иргэд, аж ахуйнууд, компаниуд л бүтээнэ шүү дээ. Гэтэл бид нэг талаараа баялагтай байхыг хүсээд байгаа мөртлөө нөгөө талаараа баялаг бүтээгчдийг дарамтлаад байна. Ийм байж болохгүй. Үүнийг нийтээрээ ойлгомоор байгаа юм. Таны гэр бүл, ахан дүүс дотор бизнес хийж байгаа хүн байгаа л байх. Тэр хүмүүс амьдрахын тулд бизнес хийж байгаа. Түүнийг нь та ойлгодог байж таарна. Яг ингэж хамаатан саднаа өөриймсгөөр хүлээж авдагтай адилхан нийт монголчуудаа өгөөмөр сэтгэлээр харж, хийж бүтээж байгааг нь дэмжих зарчим байх хэрэгтэй биз дээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.188.116) 2019 оны 12 сарын 06

МАНАГИЙН ТООЛЛЫГ 20 ОНД ДУУСГАЯ.

0  |  0
Зочин(202.126.89.176) 2019 оны 12 сарын 06

Манан гийн толоолол ГЭДЭГ НЬ онгорсон хугацааг их хурал дээр гараж байсан уйлдэлээс нь тодорхой харагдаж байсан. Уунийг ман ын удирдах зовлол дэмжлэг узуулж болох гуй. Булганд энэнээс оор залуучуудыг зондоо байгаа гэж бодож бна. Хор найруулж, хаашаа ч урвахад бэлэн нохор билээ.\n

0  |  0
Top