Авлига ба улс төр

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 09



Хараат бус судалгааны “Сант Марал сан”-гаас Азийн сантай хамтран 14 жилийн турш явуулсан судалгаагаа танилцууллаа. Энэхүү судалгааг авлигын цар хүрээ, олон нийтийн ойлголтыг нарийвчлан тодорхойлох зорилгоор явуулсан бөгөөд авлигын чиг хандлагын талаар багц мэдээлэл авахад туслахад чиглэжээ. Судалгаанаас харахад монголчууд авлигад илүү их бухимдаж, авлигын хор хөнөөлтэй үйлдлийн талаар мэддэг болсон нь эерэг үзүүлэлт болсон байна. Гэсэн хэдий ч авлигатай тэмцэх тогтолцооны байгууллагуудад итгэх итгэл, улс төрчдөөс хүлээх хүлээлт түүхэн доод хэмжээнд хүрч авлигын түвшин шинэ дээд түвшинд хүрчээ. 2019 оны судалгаанд оролцогсдын 93.6 хувь “авлига манай улсад хэвийн үзэгдэл болсон” гэдэгтэй санал нийлсэн нь 2018 оныхоос давсан үзүүлэлт болсон байна. Иргэдийн дунд өрнөдөг буюу жижиг авлигын тохиолдлын буурах хандлага үргэлжилсээр 2019 онд гурван хувьтай болжээ. Энэ онд судалгаанд оролцогсдын 76.4 хувь нь АТГ-т итгэхгүй байгаагаа илэрхийлсэн бөгөөд дөнгөж 11.1 хувь нь уг байгууллагыг шударга гэж үзэж байна. Олон нийт Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын авлигатай тэмцэх чиглэлээр хийсэн ажлуудыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. 2019 онд улс төрийн намууд болон шүүхийн тогтолцооны авлигын түвшний талаарх сөрөг хандлага нэмэгдсэн байна. Улс төрчдийн авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлийг доогуур үнэлэх хандлага хэвээр үргэлжилсэн бөгөөд 88 хувь нь улс төрчид асуудлыг шийдвэрлэхийг огт хүсэлгүй байна гэж судалгаанд оролцогчид илэрхийлжээ. Цахим сүлжээний ач холбогдол тасралтгүй нэмэгдэж байгаа хэдий ч авлигын талаарх мэдээллийн хамгийн чухал эх сурвалж телевиз хэвээр байгаа нь судалгаанаас харагдсан байна.

* * *

Авлига өөрчлөгдсөн үү?

Монгол Улсын орчин цагийн авлигын суурийг 2000 оноос хайхад болох юм. Тухайн үед МАХН 1996 онд залуу ардчилагчдад алдаад байсан засгийн эрхээ буцааж авсан. 1996 онд МАХН одоогийнхтой адил нам байгаагүй бөгөөд шинэ үеийн удирдагчидтай болоод байв. Тэдний улс орон даяарх ялалт нь улс төрийн сөрөг хүчнийг бүрэн ялсан тул УИХ, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрыг хяналтдаа авчээ. Үүний зэрэгцээ Монголын иргэний нийгмийн идэвх буураад байв. 1990-ээд онд олон улсын өгөөмөр хандивлагчдын асар их нөөц болон залуу идэвхтнүүд олон байсан бол 2000-аад оны үед тэднээс цөөн үлдсэн байв. Цаг хугацаа өнгөрөх тутам засаглал дахь иргэний нийгмийн хяналт, шалгалт хязгаарлагдмал болж, улмаар Монгол Улс засаглалын хувьд сул дорой байдалтай, энэ нөхцөл байдал нь засгийн эрх мэдэлд буй хүмүүс эрх мэдлээ урвуулан ашиглах боломжийг нь нэмэгдүүлж байлаа. Мөн нэг намын засаглалын урт удаан уламжлал нь Монголын засаглалын хэв маягт муу өв үлдээж байв. Сонгуулийн мөчлөгөөс үл хамааран Монгол Улс аливаа улс төрийн сөрөг хүчнийг арилгах гэсэн тасралтгүй оролдлогыг хийх болов. Улс төрийн эсэргүүцлээс зайлсхийхийн тулд томоохон эвсэл байгуулах нь үүнийг хэрэгжүүлэх ердийн стратеги болж 2004 онд сонгуулийн үр дүн нь МАХН-ыг улс төрийн өрсөлдөгчидтэйгөө хамтарсан томоохон эвсэл байгуулахыг шахав. 2008 онд Ерөнхий сайд С.Баяр тэргүүтэй бас нэгэн “ердийн бус” томоохон эвсэл байгуулагдсан. Иргэний нийгэм сулхан байсан үед бизнес–улс төрийн нам хоорондын ашиг сонирхлын холбоо бий болж мөн олигарх бүлэглэлүүд олноор бий болсон нь 2004-2008 онуудад иргэний нийгмийн байгууллага эсвэл улс төрийн сөрөг хүчний дэмж­лэгтэй хяналт, хариуцлагын хүчтэй механизмгүй Монголын улс төрд төвөгтэй чиглэлийг бий болгосон болохыг судалгаанд өгүүлжээ. Судалгаагаар Монголд жижиг авлига жилийн дотор 28 хувиас 3 хувь болж буурсан байхад авлига нь “ердийн үзэгдэл болсон” гэдэгтэй санал нийлэх оролцогчдын тоо яагаад 93 хувьд хүрснийг бодох учиртай. Шалтгаан нь жижиг авлигын тохиолдлын хувь буурч байгаа ч том авлигын талаар сонсох давтамж ихсэж байгаатай холбоотой гэнэ. Өөрөөр хэлбэл, том авлигын хэргийг улс төрийн ашиг сонирхлын улмаас нийтэд дэлгэснээр тухайн асуудлын талаарх хүн амын мэдлэг дээшлэхэд нөлөөлж байна.

* * *

Авлигатай хэн тэмцэх вэ?

Засгийн газар болон АТГ нь авлигатай тэмцэх чиглэлээр тэргүүлэх байгууллагуудаар нэрлэгдэж иржээ. АТГ авлигатай тэмцэх чиглэлээр тэргүүлэгч хэвээр байгаа боловч сүүлийн үеийн үр дүнгээс харахад олон нийт Засгийн газрыг том авлигатай тэмцэхэд хамгийн гол үүрэгтэй гэж тодорхойлсон байна. Хэдийгээр авлигатай тэмцэхэд Засгийн газарт илүү найдлага тавьж байгаа боловч хэр ахиц гарах талаар судалгаанд оролцогчид эргэлзээ өндөртэй хариулжээ. Олон жилийн туршид энэхүү эргэлзээ улам нэмэгдэж, 2017 оноос 2019 оны хооронд дээд цэгтээ хүрсэн байна. Учир нь “улс төрчид авлигаас ашиг хүртэх боломжтой байдаг тул үүнтэй тэмцэх бодит хүсэл зориг байхгүй” гэсэн хандлагыг судалгаанд оролцогчдын 80 хувь нь илэрхийлсэн байна. Хэдийгээр жижиг авлига буурсан гэх үзүүлэлттэй байгаа ч  Засгийн газрын авлигатай тэмцэх зарим ажил хэрэгжихгүй байна. Тухайлбал, төрийн томилгоог зарахтай холбоотой “60 тэрбумын хэрэг” болон хэсэг УИХ-ын гишүүд, төрийн албан хаагчид Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг зүй бусаар ашигласан хэргүүд нь олон нийтийн дунд ихээ­хэн дургүйцлийг төрүүлсэн байдаг. Авлигын нөхцөл байдлын талаарх ерөнхий үнэлгээг үл харгалзан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар авлигатай тэмцэх чиглэлээр хийсэн ажлынхаа үр дүнд олон нийтээс харьцангуй эерэг үнэлгээ авсан байна. Эдийн засгийн өсөлттэй байгаа нь олон нийт Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн засгийн газрыг дэмжиж буй цорын ганц хүчин зүйл биш аж. Учир нь Ерөнхий сайдаас гадна Засгийн газрын гурван сайд авлигын эсрэг удирдагчдын чансааг тэргүүлж байгаа юм байна. Эрх баригч МАН-ын доторх тэмцэл нь намын нэр хүндийг доройтуулсан мэт санагдаж байгаа ч Ерөнхий сайд энэхүү тэмцлээс түүнийг намын хуучны хамгаалагч гэж харсан бүтцийн эсрэг сонгогчдын улам их дэмжлэгийг авсаар гарсан бололтой. Гурав дахь зэрэглэлтэй улс төрч УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг дэмжиж намын захиалгын эсрэг санал хураалт явуулсны улмаар АН-ын гишүүнээс чөлөөлөгдсөнөөс хойш сөрөг хүчний томоохон нам болох АН-аас авлигын эсрэг чансааны тэргүүн байранд хэн ч орохгүй нь гайхмаар. Судалгаанд оролцогчдын 47.8 хувь энэхүү асуултад хариулахдаа авлигыг бууруулах чиглэлээр үр дүнтэй ажилласан хэнийг ч нэрлэж чадахгүй байсныг тэмдэглэх нь зүйтэй. Олон жилийн туршид ажиглагдсан олон нийтийн итгэл үнэмшил эрс буурсан ч улс төрийн намууд Монголын улс төрийн амьдралд хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд цаашид ч мөн гүйцэтгэх болно. Өнөөдөр авлигын асуудал улс төрийн хүчтэй хөдөлгөгч хүч болж гарч ирж байгаа бөгөөд энэ нь 2020 оны сонгуулиас өмнө шинээр гарч ирж буй “Үнэн ба Зөв” нам, “Шинэ нам” зэрэг шинэ намуудын чухал тавцан болж байгаа юм.

* * *

“Авлигын салбар”-т намууд тэргүүлсэн нь

Авлигатай тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэх ёстой гурван байгууллага буюу парламент, шүүхийн тогтолцоо болон улс төрийн намуудад итгэх олон нийтийн итгэлийн түвшин доогуур гарчээ. 2019 онд улс төрийн намууд авлигад өртдөг байгууллагуудыг тэргүүлсэн бол шүүхийн тогтолцоо нь авлигад хамгийн их автсан байгууллагуудын хоёрт бичигджээ. Өмнөх жилүүдэд шүүх засаглал болон газрын алба нь Монгол улсын авлигын асуудалтай байгууллагаар байнга нэрлэгдэж ирсэн бол сүүлийн үед гурван өөр этгээд (УИХ, улс төрийн намууд болон Засгийн газар) гарч ирсэн нь авлигын эсрэг үр дүнтэй бодлогыг боловсруулахад тулгарч буй хамгийн том саад бэрхшээлүүд болоод байна. Энэ асуудлаар 2019 оны судалгаагаар ажиглагдсан цорын ганц эерэг хандлага бол Засгийн газар авлигад өртсөн таван байгууллагын жагсаалтад багтаагүй явдал юм. Олон жилийн туршид ажиглагддаг олон нийтийн итгэл ихээхэн буурсан ч улс төрийн намууд болон УИХ нь Монголын улс төрийн амьдралын чухал үүрэг гүйцэтгэгч хэвээр байна. Улс төрийн намуудад тулгарч буй бэрхшээлүүд зөвхөн Монголд тулгараад байгаа асуудал биш аж. Монголын улс төрийн намууд сонгуулийн үеэр авлигын талаар олон удаа амлалт өгдөг ч ихэвчлэн тэдний сонгуулийн хөтөлбөрт бодитой болон тодорхой үйл ажиллагааны төлөвлөгөө болж ороогүй байдаг. Одоо 2019 онд авлигын сэдэв нь улс төрчдийн рейтингд хүчтэй хөдөлгөгч хүч болсонтой холбоотой улс төрийн намууд магадгүй 2020 оны сонгуулийнхаа бодлогыг боловсруулахдаа үүнд хариу өгөх байх. Улс төрийн намуудыг авлигатай тэмцэх чадавхаар нь эрэмбэлж харах гэвэл санал асуулгаар авлигын эсрэг хатуу байр сууриа илэрхийлдэг нэр хүндтэй нам байхгүй байгаа нь хачирхалтай. Үндсэн хоёр нам хоорондоо маш төстэй түвшинд байгаа бөгөөд шинэ намууд олон нийтийн дэмжлэгийг илүү авч байгаа аж. 2020 оны сонгууль ойртох тусам авлигын эсрэг сурталчилгаа шинэ намуудад тархах төлөвтэй байна гэж судалгаанд дурджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top