Хятадын Гаалийн ерөнхий газрын орлогч даргыг авлигын хэргээр огцруулан шалгаж байна

Л.Батбаяр | Zindaa.mn
17 цагийн өмнө

БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын орлогч дарга Сунь Юйнинийг авлигын хэргээр албан тушаалаас нь огцруулж, Хятадын коммунист намын /ХКН/ гишүүнчлэлээс хассан тухай ХКН-ын Сахилгын хяналтын төв комиссоос мэдээлсэн байна.

ХКН-ын Сахилгын хяналтын төв комисс 2024 оны есдүгээр сард Сунь Юйнинийн сахилгын зөрчлийг хянан шалгаж эхэлсэн ажээ. Тэрээр албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, төрийн санхүүгийн хөрөнгө мөнгөний хуваарилалтад хөндлөнгөөс оролцож байсныг мөрдөн шалгах явцад тогтоосон байна. Сунь Юйнинь нь эрх мэдлээ хувьдаа ашиг олоход ашиглаж, гуравдагч этгээдүүдээс асар их хэмжээний эд хөрөнгө авч тэдэнд давуу эрх олгож байжээ. Тэрээр мөн албан үүргээ шударгаар биелүүлэхэд нь нөлөөлж болзошгүй бэлэг авч, тансаг аялалд оролцохыг зөвшөөрч байсан аж. Түүний хууль бусаар олсон орлогыг хураах бөгөөд хэргийг нь прокурорын газар үргэлжлүүлэн мөрдөн шалгахаар болжээ.

ХКН-ын Сахилгын хяналтын төв комисс 2024 онд өндөр албан тушаалын 58 этгээдийн сахилгын зөрчлийг шалгаж эхэлсэн байна. Тэдгээрийн 47 нь орлогч сайд болон түүнээс өндөр түвшний албан тушаал хашиж байсан аж. БНХАУ-ын дарга Ши Жиньпин төрийн эрхэнд гарсан 2012 оноос хойш Хятадад авлигын эсрэг тэмцэл эрчимжсэн юм. Авлигын эсрэг өргөн хүрээтэй кампанит ажлын дүнд сүүлийн хэдэн жилд өндөр албан тушаалын олон түшмэл, томоохон компаниудын удирдагчид урт хугацааны хорих ялаар шийтгүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu