Батлан хамгаалахын сайдгүй Хятад: Ли Шанфу огцорсны шалтгаан

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 01

2023 оны аравдугаар сарын 24-нөөс хойш БНХАУ Батлан хамгаалах сайдгүй “амьдарч” байна. Хурандаа генерал Ли Шанфуг албан тушаалаас нь чөлөөлсөн шалтгааныг тодруулаагүй ба шинэ сайдыг хараахан томилоогүй л байна.

Шинжээчдийн үзэж буйгаар, энэхүү нөхцөл байдал нь онцгой бус хэдий ч Хятадын арми дахь авлигын цар хүрээ, цэргийн удирдлагын шинэчлэл хэр их тулгамдсан асуудал болохыг илтгэж байна.

Батлан хамгаалахын сайдыг огцруулсны дараа БНХАУ-ын дарга Ши Жиньпин Зэвсэгт хүчний удирдлагын бүх жолоог гартаа авсан хэвээр буйд эргэлзэх зүйлгүй. Гэхдээ Хятадад цэрэг, улс төрийн хямрал үүссэн гэж ярих нь утгагүй. Арми бүрэн хяналтад байгаа. Учир нь Хятадын улс төрийн тогтолцоонд батлан хамгаалахын сайд нь бэлэг тэмдгийн чанартай гэхэд хилсдэхгүй. Тиймээс л энэ албан тушаалыг түр хугацаанд хоосон байлгахад асуудалгүй. Одоогоор Хятадын Засгийн газарт зөвхөн энэ албан тушаал л нээлттэй байна.

Батлан хамгаалахын сайдын эрхлэх хүрээнд олон улсын цэргийн харилцаа, дайчилгааны ажил, цэргийн алба хаагчид болон тэдний гэр бүлийн хангалт, нийгмийн халамжийн асуудал багтдаг. Бусад бүх командын үйл ажиллагаа, Хятадын Ардын чөлөөлөх армийн хөгжлийн стратегийн төлөвлөлтийн асуудал БНХАУ-ын Цэргийн төв зөвлөл /ЦТЗ/ болон Хятадын Коммунист намын Төв хорооны Цэргийн зөвлөлийн эрхлэх хүрээнд багтдаг. Бүтцийн хувьд ижил ч хоёр өөр процедураар бүрддэг тус хоёр зөвлөлийг Ши Жиньпин тэргүүлдэг.
 


Ли Шанфу нэг албан тушаалаа өгөөгүй байгаа нь сонирхолтой. Тэрбээр ХКН-ын Төв хорооны Цэргийн зөвлөлийн гишүүн хэвээр байгаа ба намын дүрэм ёсоор түүнийг энэ албан тушаалаас нь зөвхөн Төв хорооны бүгд хурлаар чөлөөлөх боломжтой. ХКН-ын Төв хорооны бүгд хурал энэ оны сүүлээр болох ёстой. Тэр үед л хоёр зөвлөл дэх хоосон албан тушаалын шинэ эзэн тодорч, магадгүй Ли Шанфуг томилогдсоноос нь хойш найман сарын дараа огцруулах болсон шалтгааны тайлбар сонсогдох байх.

Армийн “барууд”

Ли Шанфу БНХАУ-ын түүхэнд Батлан хамгаалахын сайдын албан тушаалыг хамгийн богино хугацаанд хашсанаараа рекорд тогтоогоод байна.

Чөлөөлөгдөхөөсөө өмнө тэрбээр хоёр сар орчим олны өмнө гарч ирээгүй нь гэрийн хорионд орсон, түүнийг шалгаж байгаа гэсэн хэл ам гарахад хүрсэн. Хамгийн сүүлд тэр наймдугаар сарын 29-нд Бээжин хотноо болсон Хятад, Африкийн энх тайван, аюулгүй байдлын форумд үг хэлсэн юм. Түүнээс хойш тэрбээр Хятадын мэдээний урсгалаас “усанд хаясан чулуу шиг” алга болжээ.

Мэдээллийн вакум орчныг үл харгалзан Хятадад ч тэр хилийн чанадад ч тэр Ли Шанфу дотоодын шалгалтын хугацаанд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн гэдгийг ойлгосон. Шалгалтыг ХКН-ын Төв хорооны Цэргийн зөвлөлийн дэргэдэх сахилгын комисс явуулдаг. Ли Шанфугаас өмнө батлан хамгаалахын сайдын албан тушаалыг хашиж байсан Вэй Фэнхэг мөн ижил шалгаж байсан гэх яриа бий. 2023 оны зун пуужингийн цэргийн хүчний удирдлагыг гэнэт сольсон. Тус хүчний командлагч, орлогчийн хамтаар олны өмнө гарч ирэхээ больж, мөн албан тушаалаасаа хоёул чөлөөлөгдөж байв. Энэ гэнэтийн өөрчлөлт Хятадын Ардын чөлөөлөх армид авлигын эсрэг шинэ кампанит ажил өрнөсөн гэх таамаг төрөхөд хүргэсэн билээ. Энэ ажиллагаанд армийн шинэ “барууд” өртөх нь тодорхой байсан. Хятадын улс төрийн хэллэгээр томоохон авлигачдыг “бар” хэмээн нэрийддэг байна.
 


Ши Жиньпин төрийн эрхэнд 2012 онд гарч ирснээс хойш Хятадын Ардын чөлөөлөх арми дахь авлигын эсрэг шалгалтууд зогсоогүйгээр үл барам армийн томоохон зүтгэлтнүүд өртсөн. ХКН-ын Төв хорооны Цэргийн зөвлөлийн орлогч дарга асан, хурандаа генерал Го Босюн өдгөө авлигын хэргээр бүх насаараа хоригдох ялаа эдэлж буй. Го-г авлига авч, өндөр албан тушаалтай офицеруудыг албан тушаал ахиулж байсан хэмээн буруутгасан. Мөн ижил хэргээр хурандаа генерал Сюй Цайхоу-г шалгаж байсан ч Сюй урьдчилсан шалгалтын үеэр нас барсан тул хэргийг нь хааж байжээ. 2017 онд Улс төрийн ерөнхий газрын дарга асан Жан Ян мөн авлигын хэрэгт шалгагдаж байхдаа амиа хорлож байсан бол Цэргийн төв зөвлөлийн Нэгдсэн штабын дарга асан Фан Фэнхуэй авлигын хэргээр бүх насаараа хоригдож байна.
Авлигын эсрэг кампанит ажлыг цэргийн удирдлагын тогтвортой байдлыг хангах гол хүчин зүйл хэмээн үздэг. ХКН-ын 100 жилийн ойд зориулж гаргасан намын албан ёсны шийдвэрт шинэ эрин зуунд /Ши Жиньпиний төрийн эрхэнд байх хугацааг ингэж нэрлэдэг/ Хятадын шинэ түүхэнд үндэсний батлан хамгаалах, зэвсэгт хүчний хамгийн далайцтай шинэчлэлийг явуулж, армийн командлалын орчин үеийн тогтолцоог бий болгосон гэж дурдсан байдаг.

Тендерийн саарал бүс

Цэргийн удирдлагын асуудал Ши Жиньпиний анхаарлын төвд байсан хэвээр. Энэ оны наймдугаар сарын 1-нд тэмдэглэсэн Хятадын Ардын чөлөөлөх армийн ойн өмнө ХКН-ын Улс төрийн товчооны хамтын сургалтын чуулганыг хуралдуусан. Энэ нь улс төр, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг хэлэлцдэг механизм юм. Энэ үеэр Цэргийн шинжлэх ухааны академийн Цэргийн эрх зүйн хүрээлэнгийн дарга, хошууч генерал Жао Дунбинийг илтгэгчээр урьсан байна. Түүнийг урьсан явдал нь хэлэлцэх гол асуудлыг илтгэжээ. Хятадын Ардын чөлөөлөх армид хуулийг хэрхэн сахиулж байгаа асуудал. Түүний илтгэлийн талаар Хятадын Синьхуа агентлагийн албан ёсны мэдээлэлд дурдаагүй бөгөөд зөвхөн ажил хэргийн санал дэвшүүлсэн гэж мэдээлжээ. Улс төрийн товчооны ерөнхий нарийн бичгийн дарга болон гишүүд ямар дүгнэлтэд хүрсэн талаар таамаглахад бэрх ч удаахан нь цэргийн худалдан авалтын цахим хуудсанд цэргийн тендер явуулах үед хууль зөрчсөн хэргийн талаарх мэдээлэл авч буй мэдэгдэх хуудас нийтлэгджээ. Энэ баримт бичиг өөрөө хачирхалтай. Хятадын Ардын чөлөөлөх армийн техникийн зэвсэглэлд авлигын асуудал гүнзгийрснийг ил тодоор хүлээн зөвшөөрсөн. Үүнтэй зэрэгцэн хууль бус схемд Ли Шанфу болон түүний ойрын хүрээлэл оролцсоныг тодорхой ойлгуулсан нь онцгой анхаарал татсан. Мэдэгдэх хуудаст 2017 оны аравдугаар сараас хойших хугацаанд хамаарах мэдээллийг авч байна гэж шууд заажээ. Яг энэ үеэс Ли Шанфу Зэвсэглэл хөгжүүлэх газрын албан тушаалд очиж, цэргийн худалдан авалтыг шууд хариуцаж байсан.
 


Баримт бичгийн агуулгаас үзвэл, түүнийг урьдчилсан байдлаар шалгаж эхэлсэн гэдэгт эргэлзээ үгүй. Тиймээс гол оролцогчид, үйлдэл нь илэрхий болсон авлигын сүлжээг цаашид тайлах асуудал тавигдаж буй нь тодорхой. Мэдэгдэх хуудаст ашиг сонирхлын зөрчил, компаниудад онцгой дэмжлэг, ивээл үзүүлэх замаар гэрээ байгуулахад нь туслах зэргийг дурджээ. Үүнээс гадна мэдээлэл алдагдах, гэрээ цуцлах, баримт бичгийн үнэлгээнд алдаа гарах, үнэлгээний шалгуурыг буруу хэрэглэх, тендерт оролцогчдын гомдлыг үл тоомсорлох, бодит бусаар шийдвэрлэх зэрэг тохиолдлуудын талаарх мэдээллүүд эрх баригчдын сонирхлыг нь татаж байна. Энэ бүх зөрчлийн жагсаалт Хятадын Ардын чөлөөлөх армийн материал, техник хангамжийн салбарт гарч буй зөрчлийн цар хүрээ, удаан хугацаанд төрийн болон намын хяналтын гадуур байсан асар том саарал бүсийг харуулж байна. Ли Шанфуг аль зун баривчлаагүй нь сонирхол татаж байна. Тэрбээр долоодугаар сарын 31-нд Хятадын Ардын чөлөөлөх армийн 96 жилийн ойн арга хэмжээнд үг хэлж, наймдугаар сар хүртэл албан ёсны арга хэмжээнүүд оролцсоор байсан.

Магадгүй хоёр огцролтын хоорондын зайг холдуулахад хугацаа хэрэгтэй байсан байх талтай. Долоодугаар сарын сүүлээр Чинь Ган гадаад хэргийн сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн билээ. Тэрбээр чөлөөлөгдөхөөсөө өмнө бас хэсэг хугацаанд олны өмнө гарч ирээгүй. Хэдийгээр энэ хоёр албан тушаалтны хэрэг холбоогүй байх талтай ч нэг асуулт тавигдаж байна. Тэр хоёр хоёулаа Ши Жиньпиний оролцоотой албан тушаалд томилогдсон. Ихээхэн шигшигдэн байж сонгогдсон нь тодорхой.  Гэхдээ аль аль тохиолдолд тогтолцоонд алдаа гарсан нь илт. Өнөөгийн улс төрийн тогтолцооны хүч нь удирдлагын үйл явц ноцтой зөрчигдөөгүй явдалд буй. Харин сул тал нь асар хатуу хяналт, шийтгэл үл харгалдан хүний нөөцийн алдаа их гарах болсон явдал. Төрийн худалдан авалтын тогтолцоонд зөрчил гарсны улмаас Хятадын батлан хамгаалах чадварт ямар хохирол учирсан асуудал бол өөр асуудал юм. Энэхүү асуултын хариултыг ойрын үед бид мэдэж чадахгүй л болов уу.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top