Э.Бэхбаяр Хойд Осетид үзүүрлэв

2019 оны 12 сарын 10

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Аланы” олон улсын тэмцээн арванхоёрдугаар сарын 7-8-нд ОХУ-ын Хойд Осетийн нийслэл Владикавказын “Манеж” спортын ордонд боллоо. III удаагийн тэмцээнд 25 орны 235 тамирчин эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдөв. Манай улсаас гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодмом, ОУХМ Б.Батзориг нарын удирдлага дор зургаан тамирчин хүч үзсэнээс ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Жакарта-2018” Азийн наадам болон 2016 оны Азийн аварга, “Хангарьд” спорт клуб, “Алтай” констракшны тамирчин, гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр 57 кг-ын жинд мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр Владикавказын дэвжээнд тэгшитгэлд Дагестаны Рахман Минтуллаевыг 2:2-оор, 1/8 шигшээд 2017 оны залуучуудын Азийн аварга Узбекистаны Жахонгирмирза Туробовыг 10:0-ээр, энэ жилийн Оросын аварга Рамис Гамзатовыг 4:1-ээр, хагас шигшээд 2019 оны залуучуудын ЕАШТ-ий хүрэл медальт эзэн орны Александр Сабановыг 2:1-ээр тус тус ялсан ч алтан медалийн төлөөх барилдаанд 2018 оны залуучуудын дэлхийн аварга Дагестаны Ахмед Идрисовт 2:5-аар ялагдав.

Хойд Осетид манай бусад бөхчүүд хэрхэн барилдсан мэдээллийг хүргэе.

57 кг: ОУХМ З.Занабазар тэгшитгэлд Чечений Залимхан Магомедсултановыг цэвэр ялсан ч 1/8 шигшээд эзэн орны Александр Сабановт 2:10-аар ялагдав.

65 кг: “Нур-Султан-2019” ДАШТ-ий тавдугаар байрын шагналт ОУХМ Т.Тулга тэгшитгэлд Кыргызстаны Алибек Токтогул Уулуг 11:0, 1/8 шигшээд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Дагестаны Динислам Тахтаровыг 15:4-өөр тус тус ялсан ч шөвгийн наймд Буриадын Даши Шарастепановт цэвэр ялагдснаар тэмцээнээ өндөрлүүллээ. “Токио-2020” олимпийн наадмын эрхийг авчраад буй түүний хувьд барилдаан таардаггүй буриад залууд гурав дахь удаагаа ялагдаад байна.

74 кг: ОУХМ З.Сумъяабазар 1/8 шигшээд Чечений Зелимхан Тазбаевыг 3:1-ээр, шөвгийн наймд Кемеровогийн Дмитрий Купринийг 1:1-ээр ялсан ч хагас шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт АНУ-ын Жеймс Гринд 0:3-аар, хүрэл медалийн төлөөх барилдаанд Дагестаны Гажимурад Алихмаевт 2:3-аар ялагдлаа.

ОУХМ Б.Бат-Эрдэнэ тэгшитгэлд ДАШТ-ий алт, мөнгөн медальт эзэн орны Хетик Цаболовт цэвэр, дагах барилдаанд Дагестаны Магомед Дибиргажиевт оноогоор (1:12) цэвэр ялагдсан. Түүний хувьд дэлхийн аваргыг нутагт нь 7:0-ээр давамгайлж яваад цэвэр ялагджээ.

125 кг: 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ М.Лхагвагэрэл 1/8 шигшээд эзэн орны Заур Козоновыг 9:3-аар илүүрхэж яваад цэвэр даруулсан.

Сонирхуулахад, Владикавказын дэвжээнд олимп, дэлхийн 30-аад медальтан зодоглосон бөгөөд дэлхийн аварга ОХУ-ын Бекхан Гойгереев, Гүржийн Бека Ломтазе, олимпийн медальт Узбекистаны Ихтиор Наврузов, Магомед Ибрагимов, ДАШТ-ий медальт ОХУ-ын Алан Гогаев, Анзор Болтукаев, АНУ-ын Томас Гилман, Ник Гвяздовски, Казахстаны Нурислам Санаев, Словакын Борис Макоев, Узбекистаны Хасанбой Рахимов нар медальгүй хоцорсон гэж бодохлоор ямархуу чанар чансаатай тэмцээн болсныг илтгэнэ.

Эх сурвалж: Монголын Чөлөөт бөхийн холбоо

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top