Чөлөөт бөхөөс дифлимпийн анхны аваргатай боллоо

2022 оны 05 сарын 15

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын зуны XXIV олимпийн наадам Бразилын Кашиас-ду-Сул хотод болж байна. Дөрвөн жил нэг удаа болдог дифлимпийн наадмын чөлөөт бөхийн төрөлд Өвөрхангай аймгийн БТСГ-ын дасгалжуулагч, спортын мастер Э.Баттүшигийн удирдлага дор Монгол Улсаас гурван тамирчин оролцсон. Тэднээс Өвөрхангай аймгийн тамирчин, "Самсун-2017" дифлимпийн мөнгөн медальт, дифийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга, Намдагдоржийн Эрхэмбаяр 65 кг-ын жинд алтан медаль хүртэж Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж төрийн дууллаа эгшиглүүлэв.

Тэрбээр шөвгийн наймд Казахстаны Пернешийг 9:6-аар, хагас шигшээд дөрвөн жилийн өмнө Самсуны дифлимпод ялагдаж байсан Ираны Ростамабадиг 9:1-ээр, финалд Кыргыстаны Исаковыг 14:4-өөр ялснаар чөлөөт бөхийн төрөлд дифлимпийн анхны аварга болов.

Монголын тамирчдаас дифлимпод "Тайпей-2009" гавьяат тамирчин Дамдины Очбадрал жүдо бөхийн төрөлд анхны алтан медалийг авчирч байсан бөгөөд ийнхүү 13 жилийн дараа Н.Эрхэмбаяр чөлөөт бөхөөр хоёр дахь аваргаар тодорч байна. Түүнээс гадна өмнөх димфлимпийн мөнгөн медальт Д.Чинзориг 70 кг-ын жинд 7, хүрэл медальт Ш.Батбаатар 74 кг-д 5 дугаар байрт тус тус оров.

Эх сурвалж: Монголын Чөлөөт бөхийн холбоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top