"ДЭЭД ЛИГ"-ийн талбайд маргааш хоёр тоглолт болно

2019 оны 12 сарын 10

18:00 Хасын Хүлэгүүд vs Хан-Уул Хангарьд

20:00 Эрдэнэтийн Уурхайчид vs Багануур


"Монголын тоглогчдын эрх ашгийг хамгаалах холбоо"-оос зохион байгуулж байгаа сагсан бөмбөгийн дээд лигийн талбайд лхагва гарагт /2019.12.11/ хоёр тоглолт болох гэж байна. Спортын төв ордонд зохион байгуулагдаж байгаа энэхүү дээд лигийн тэмцээнд ОУХМ Б.Билгүүн, О.Сэргэлэн, Д.Мөнхтүвшин, Г.Баттөр, С.Өрнүүнбилэг, П.Болортулга, Б.Мөнхболд, О.Ууганбаяр, Ц.Азбаяр, О.Очирбат, Г.Билгүүн, Ц.Мэргэн, Б.Болдбаатар, О.Эрдэнэцогт, М.Дорждагва, Б.Батжавхлан тэргүүтэй туршлагатай олон тоглогчдоос гадна лигийн өрсөлдөөнд анх удаа хүч үзэж байгаа болон жил ирэх тутам амжилт нь ахиж байгаа залуу ур чадвартай тамирчид тоглож байна.

20 дахь удаагийн дээд лигийн тэмцээнд Хасын Хүлэгүүд, Алдар Танан Гарьд, 23 Стормс, Эрдэнэтийн Уурхайчид, Багануур, Хан-Уул Хангарьд багууд хурд хүч, ур чадвар, тэсвэр тэвчээрээ сорин дээд лигийн аварга хэмээх эрхэм хүндтэй алдрын төлөө өрсөлдөж байна.

Маргааш эхний тоглолт улиралд 1 хожил 1 хожигдолтой байгаа Б.Соронзонбаатар эзэнтэй, Д.Пүрэвдорж дасгалжуулагчтай дээд лигийн 6 удаагийн аварга Хас банкны Хасын Хүлэгүүд клуб болон улиралд 1 хожил 1 хожигдолтой байгаа Ч.Гантулга, Я.Энхбаатар эзэдтэй ОУХМ Ш.Сэдбазар дасгалжуулагчтай дээд лигийн хүрэл медальт Хан-Уул дүүргийн Хангарьд багуудын хооронд явагдана.

Хасын Хүлэгүүд багийн хувьд ОУХМ Б.Билгүүн, О.Сэргэлэн, С.Өрнүүнбилэг, Т.Мэндбаяр, З.Доржсүрэн зэрэг туршлагатай тоглогчдоор лигийн өрсөлдөөнд оролцож байгаа бол Хан-Уул Хангарьд багийн хувьд сүүлийн хоёр жил оролцсон бүрэлдэхүүн дээр нэмээд дээд лигийн туршлагатай тоглогч болох А.Одыг эгнээндээ нэгтгэж мөн хоёр легионер тоглогчидтой лигийг эхлүүлээд байгаа билээ.

Маргааш өдрийн хоёр дахь тоглолт энэ жил лигт шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй оролцож байгаа шинэхэн багууд болох улиралд 1 хожил 1 хожигдолтой Б.Ганзориг ахлах дасгалжуулагчтай Эрдэнэтийн Уурхайчид болон 1 хожигдолтой байгаа Багануур дүүргийн багуудын хооронд болно.

Одоогийн байдлаар лигийг өнгөрсөн жилийн аварга Алдар Танан Гарьд баг 2 хожилтой хошуучилж байна.

Энэ улирлын үнэ цэнтэй тоглогч автомашин, шилдэг дасгалжуулагч гадаад улсад аялах, амрах эрх, 2019-2020 оны улирлын шилдэг 6 дахь тоглогчийн шагналыг дэлхийн алдартай уураг, нэмэлт бүтээгдэхүүний компани болох "SCITEC NUTRITION"-н нэрэмжит шагнал зэрэг олон шагналууд шилдгүүдийг хүлээж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top