Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд оролцсон ОХУ-ын Буриад улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны нийт 66 дуучдаас хоолойныхоо цараа, авьяас чадвараараа цолгорон гарч, Гран при хүртсэн Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин С.Бат-Эрдэнэтэй ярилцсан юм. Дашрамд дуулгахад тэрбээр энэ намар Казахстан улсын Алматы хотноо зохион байгуулсан олон улсын дуурийн дуучдын уралдаанд оролцож, гуравдугаар байр эзэлсэн билээ.
-Сонгодог урлагийн алтан тайзнаа дуулаад хэдэн жил болж байна вэ?
-Долоон жил дуулж байна. Анх 2008 онд Хөгжим, бүжгийн коллежид элсэн орж Ардын жүжигчин Д.Жаргалсайхан багшийн удирдлага дор сурч байтал багш маань бурхан болсон. 2012 оноос гавьяат багш Ц.Ерөө багшийн удирдлагад нэг жил сураад төгссөн. 2013 онд төгсөөд Дуурь, бүжгийн эрдмийн театрт найрал дууны ангид орж ажилласан. Анх найрал дуунд зургаан сар дуулсан даа.
-Анхны дүрээс эхлээд хэчнээн дүрд тоглосон байна вэ?
-Театрт орж ирээд хамгийн анх бүтээсэн дүр бол “Чингис хаан” дуурийн Боорчийн дүр байсан. Дараа нь “Учиртай гурван толгой” дуурийн Балган, Ван хаанд тоглож уран бүтээлийн гараагаа эхэлснээс хойш Аида дуурьт, “Травиата”дуурийн доктор, “Риголетто”-ийн Чепрано гүн зэрэг 20 гаруй дүрийг бүтээжээ. Давхардсан тоогоор 50 шахам дүрд тоглосон байх.
-Хамгийн их тарчлааж бүтсэн, тайзнаас буусан ч сэтгэлээс нь гарч чадахгүй удаан оршсон ямар дүр байдаг вэ?
-Дүр бүр өөрийн гэсэн сэтгэлгээ, тавилантай. Том ч байсан, жижиг ч байсан дүр л бол дүр. Хамгийн их надад тэгж мэдрэгдэж байсан дүр бол Ж.Россинигийн “Сивилийн үсчин” дуурийн Дон Базило. Тэр дүр бол маш хорон дүр. Бүх зүйлийг мөнгөөр хэмждэг чанар нь миний мөн чанараас хахь ондоо байсан болохоор тэгсэн болов уу.
-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Дуурийн театрт гурван жил тоглогдоогүй “Риголетто “дуурийг дахин тавихаар бэлтгэж байна. Гавьяат жүжигчин Э.Амартүвшин тоглож байгаад гадаадад дуулахаар явсан. Дэлхийн сонгодог энэхүү дуурийг дахин тоглох гэж байгаад баяртай байна.
-Дэлхийн алдартай ямар театрт дуулахыг хүсдэг вэ?
-Нэгэнт дэлхийн сонгодог урлагт хөл тавьсан бол олон улсад Монголынхоо нэрийг цуурайтуулж явах нь эрхэм үүрэг. Дэлхийн томоохон театруудаар дуулах боломж олдвол би “Риголетто“ дуурийг Амартүвшин ахтай Италийн Верона задгай театрт дуулах юм сан гэж мөрөөддөг.
-Өнгөрөгч сард болсон Ц.Пүрэвдоржийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд Гран при авсан. Ямар бүтээлийн шалгуураар уралдсан бэ?
-Олон улсын уралдаан болдог жишгээр нэгдүгээр шатанд гадаадын эртний ари, хоёрдугаар шатанд сонгодог романс, монгол романс, ардын дуу, оросын хөгжмийн зохиолчдын ари, баруун европын хөгжмийн зохиолчдын ари гэсэн таван шалгуураар явагдсан. Гуравдугаар шатанд бүрэн хэмжээний оркестортой монголын хөгжмийн зохиолчдын ари, баруун европын хөгжмийн зохиолчдын ари дуулсан. Миний хувьд финалын шатанд хөгжмийн зохиолч Б.Шаравын “Чингис хаан” дуурийн Ванхаан Тоорил ваны ари, Ж.Верьдийн ариг дуулсан.
Дүр бүр өөрийн гэсэн сэтгэлгээ, тавилантай. Том ч байсан, жижиг ч байсан дүр л бол дүр. Хамгийн их надад тэгж мэдрэгдэж байсан дүр бол Ж.Россинигийн “Сивилийн үсчин” дуурийн Дон Базило. Тэр дүр бол маш хорон дүр. Бүх зүйлийг мөнгөөр хэмждэг чанар нь миний мөн чанараас хахь ондоо байсан болохоор тэгсэн болов уу.
-Өнөө цагт сонгодог урлагт өнгөлж яваа дуучдыг нэрлэвэл?
Ө.Уянга, Б.Гомбо-Очир, Э.Бумхүү, Э.Отгонбат, Б.Батжаргал гээд олон сайхан дуучид бий. Манай театрт солист анги 25 дуучинтай. Бүгд л сайн дуучид. Ер нь муу дуучин гэж байдаггүй шүү дээ.
-Уран бүтээлч хүн, зарим зүйлээ золиосолж байж амжилтад хүрдэг юм шиг?
-Уран бүтээлч хүмүүс өөрийнхөө хүсэл сонирхлоороо л, бор зүрхээрээ урлагт зүтгэдэг. Гадаадад уралдаанд амжилттай яваад ирэхэд төр засгаас зардал мөнгө даах урамшуулал энэ тэр байдаггүй л дээ. Гэвч сэтгэл зүрхнийхээ дуудлагаар бүхнийг болно, бүтнэ гэж тэмүүлдэг өөдрөг хүмүүс. Би уран бүтээлч гээд ар гэр, амьдралаа орхиж болохгүй. Аль алийг нь даагаад авч явах сэтгэлийн тэнхээ, хаттай байх хэрэгтэй.
-Дуурийн урлагаас гадна ямар уран бүтээл, сонирхлоо хөгжүүлдэг вэ?
-Олон улсын “А” зэрэглэлийн уралдааны насны хязгаар 32 байдаг. Ойрын хугацаанд дуурийн бүтээлдээ шамдаж олон улсын тэмцээнд өөрийгөө сойх бодолтой. Сонирхол гэснээс хөл бөмбөгийн шигшээд бэлтгэл хийж байсан. Хөл бөмбөгт ер нь дуртай шүү.
Сэтгэгдэл ( 0 )