ЧУУЛГАН: Сонгуулийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 18

УИХ-ын чуулганы өнөөдөр /2019.12.18/-ийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын зургаан гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын даргын захирамжаар хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан байгуулсан ба ажлын хэсэг гурван удаа хуралдаж, УИХ-д суудалтай болон суудалгүй намуудаас ирүүлсэн саналуудыг судалж төсөлд тусгажээ. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн тогтолцоог Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах, улс орны эдийн засгийн болон нийгмийн хөгжилд эергээр нөлөөлөх байдлыг үндсэн шалгуур болгон тодорхойлж, том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоог сонгосон байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Я.СОДБААТАР “Сонгуулийн хуулийн заалт болгон иргэдийн сонгох сонгогдох үндсэн эрхийг хангаж байх ёстой. Иргэдийн санал хөндлөнгийн нөлөөлөлд ордоггүй, гээгддэггүй байх нь чухал. Сонгуулийн мөнгөний нөлөөллийг багасгах чиглэлээр ямар заалт орсон бэ. Сонгууль болоод дуусдаг. 30 жилийн хугацаанд бид ардчиллыг тогтоож, төрийн эрхийг сонгуулиар шилжүүлдэг. Сонгогдсон нэр дэвшигчийн эрхийг баталгаажуулах асуудал хууль шүүхийн байгууллагаар явах нь бий. 2012-2016 оны сонгуулиар Өвөрхангайгаас сонгогдсон гишүүдийн ард түмний сонголт баталгаажилгүй удсан. Өмнөх парламентад хоёр гишүүний эрх баталгаажиж чадаагүй дууссан түүхтэй. Эргээд иргэдийн өгсөн санал нэг шүүгчийн ширээн дээр байхгүй болдог. Энэ асуудлыг хэрхэн анхаарсан бэ” хэмээн асуухад ажлын хэсгийн ахлагч Д.ТОГТОХСҮРЭН “Бид сүүлийн 30 жил сонгууль хийж байгаа учраас иргэд болон нэр дэвшигчид сонгуулийн талаар мэдлэг мэдээлэл сайтай болсон. Ер нь мөнгөний нөлөөллийг багасгах зорилгоор олон мандат бүхий мажоритар том тойргийг санал болгож байгаа. Аймаг, дүүрэг бол тойрог байна гэдэг нь нөлөөлөл багасах том өөрчлөлт гэж харж байна. Хоёрдугаарт, сонгуулийн хуулийн зүйл заалт бүр Зөрчлийн  хуулийн хариуцлагаар хэмжигдэнэ. Хариуцлага илүү сайжирсан” хэмээн хариулав.

Мөн УИХ-ын Б.БАТ-ЭРДЭНЭ “2008 онд яг ийм хэлбэрээр сонгууль явуулсан. Тойрогт ногдсон мандатын тоотой ижил санал дугуйлах юм уу дутуу дугуйлах юм уу. Сонгуулийн үеэр зөвхөн ганц хүн дугуйлаарай гээд хэлчихдэг. Бусад бие даагч хүмүүсийг орхичихдог байсан. Энэ нь яваандаа 2008 оны долоодугаар сарын 1-ны хар өдөр болж түүхэнд үлдсэн. Улс төрийн намууд сонгуулийг мөнгөн дээр тулгуурладаг гэж ярих юм. Мөнгөтэй холбоотой асуудлаар бид буруу замаар будаа тээгээд байгаа юм билээ шүү. Нийгмийн сүлжээнд улстөрчид их эмзэг хандах юм. Сонгуулийн үеэр цахим  орчныг хязгаарлах балай заалт ороогүй юм байгаа биз дээ. Ингэж болохгүй шүү. Ганц сонгууль явуулахын тулд цахим сүлжээг хязгаарлана гэвэл төвөгтэй асуудал үүснэ шүү. Ер нь сонгуульд нэр дэвших хүмүүсийн ёс зүйн асуудлыг хэрхэн шийдэж байна вэ” гэж асуув. УИХ-ын гишүүн Д.ТОГТОХСҮРЭН “Олон мандат бүхий томсгосон мажоритар системээр 1992, 2008, 2012 онуудад сонгууль зохион байгуулсан. Ажлын хэсэг дээр ярьж байгаад саналын хуудас дээр бичигдсэн нэр дэвшигчдээс мандатын тоотой ижил нэр дэвшигчид санал өгнө, илүү юм уу, дутуу санал өгөх юм бол хүчингүй болно гэж тогтсон. Би долоодугаар сарын 1-ний үйл явдлыг сонгуулийн системтэй холбоогүй гэж боддог. Энэ үйл явдал нэгдүгээрт сонгуулийн дүн удаан тоологдож, янз бүрийн зөрчил гарсантай холбоотой юм билээ. Одоо бол хар машинаар саналыг тоолж байна. Хяналтын тооллогоор зөрүүтэй зүйл байхгүй. Хууль зөрчсөн үйлдэл тус бүр дээр хариуцлагын тогтолцоог зохицуулсан. Мөнгөний нөлөөллийг багасгахын тулд аймаг, дүүргийн том тойрог гэсэн системийг оруулсан. Сошиалтай холбоотой хаалт хийгээгүй. Зөвхөн сошиал дээр сурталчилгаа тавьж байгаа бол өөрийн хаягаар орох ёстой гэсэн зохицуулалтыг хийж өгсөн” хэмээн хариуллаа.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.БОЛД “УИХ-ын сонгуулийн тухай хууль Монголын хувь заяаг шийддэг. Уг нь анхнаасаа зөв хууль хийчихээд сонгуулиа зохион байгуулах нь хамгийн зөв. Ардчилсан бүх оронд тийм байдаг. Харин манайд сонгууль болгоны өмнө эрх баригчид өөрсдөдөө зориулсан хууль баталдаг ч тэр нь хэзээ ч биелж байгаагүй. 2008 оны сонгуулийн хууль олон жилийн дараа яг хэвээрээ орж ирж байна. Бид сургамжаа засах арга хэмжээ авахгүй бол Монгол Улсын хөгжил олон арван жилээр хойш хаягддаг болохыг 2008 оны сонгууль харуулсан. Бид асуудлаа зассан гэж үзүүлэхийн тулд энэ хуулийг хэрэглэх нь зөв байж магадгүй. Гэхдээ 2008 оных шиг үр дүн гарвал байж болохгүй. 2008 оны үйл явдал сонгуулийн үр дүнд хэн ч итгээгүйтэй холбоотой. Гэтэл сүүлийн хоёр сонгуульд хар машин асуудалтай болохыг бүгд хэлж байна. Хяналтын тооллогыг 100 хувь хийхийг улс төрийн намууд шаардаж байгаа. Яагаад 100 хувь хяналтын тооллого хийж болдоггүй юм бэ” хэмээхэд УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТ “2008 оны сонгуулийн саналын хуудсыг гараар тоолдог байсан. Нэр дэвшигчийн нэрийг андуурах, сонгогчид хэд хэдэн хүнд санал өгөх зэрэг асуудал гардаг байсан. Одоо сонгогч биеийн давхцахгүй өгөгдөл хурууны хээгээр саналаа өгдөг болсон. Нэг иргэн хоёр удаа санал өгөх боломжгүй болсон. Хар машин саналыг үнэн зөв тоолдог. Хэн нэгэн хүн саналын хуудсыг засварлах боломжгүй. Та хар машинаар хоёр удаа сонгогдож орж ирсэн. Тиймээс хар машинд эргэлзэх шаардлагагүй байх. Гэхдээ 50 хүртэлх хувьд нь хяналтын тооллого хийж байгаа. Тооллогыг санамсаргүй аргаар тогтоож тоолдог учраас хар машинтай холбоотой маргаан гарахгүй байх” хэмээн хариулав.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.ОЮУНЧИМЭГ “Өнөөдөр бид маш чухал хууль хэлэлцэж байна. УИХ-д ёс зүйтэй, боловсролтой, хүнээ, улс орноо боддог хүмүүс олноор орж ирээсэй гэж хүсдэг. Олон улсын жишгийг харахад эмэгтэйчүүдийн оролцоо их байх тусам авлига, хээл хахууль багасдаг. Гэтэл манай улсын хувьд олон улсын дунджаас 29 хувиар бага байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх эмэгтэй гишүүдийн тоо нэмэгдсэнээр цэцэрлэг, сургуулийн тоо нэмэгдсэн гэдгийг хэлсэн. УИХ-д олон эмэгтэй гишүүд байна гэдэг улс орны хөгжил дэвшлийн асуудал илүү тэнцвэрээ барьдаг. Ажил сайн хийлгэе гэвэл эмэгтэй хүнээр хийлгэ гэсэн үг бий. УИХ-ын эмэгтэй гишүүд чуулганы ирц, нэр цэвэр байлгахад хувь нэмрээ оруулж байна. Намын дүрэмд эмэгтэйчүүдийн квотыг 30 хувиас доошгүй байна гэж заасан учраас бид энэ асуудлаар эрэгтэй гишүүдийг ухамсартай хандахыг хүсэж байна” хэмээсэн бол УИХ-ын гишүүн Б.УНДАРМАА “Сонгуулийн тухай хуулийн төсөлд нам эвслээс нэр дэвшиж байгаа аль нэг хүйсийн төлөөлөл 20 хувиас доошгүй байна гэсэн заалт байгаа юм байна. Байнгын хорооны хуралд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгох санал гаргасан ч гурван хүний саналаар унасан. Энэ удаагийн парламентад хамгийн олон буюу 13 эмэгтэй гишүүн сонгогдсон. Эмэгтэй гишүүдийн тоо ийнхүү нэмэгдсэнээр хүчирхийлэл, хүүхдийн эрх, эрх ашгийг хамгаалах асуудал, эрүүл мэнд боловсрол, ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр маш их ахиц дэвшил гарч байгаа. Тиймээс манай нийт эмэгтэй гишүүд, улс төрийн нам, олон нийтийн байгууллагууд эмэгтэйчүүдийн квотыг нэмж өгөхийг хүсэж байна. Тиймээс үүнийг дэмжиж өгөхийг хүсэж байна. Эмэгтэйчүүд аль ч түвшинд сайн менежер, ар талыг сайн даагч байдаг учраас харгалзан үзэх байх гэж бодож байна” хэмээн байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтаар үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top