Хабиб Нурмагомедов: Намайг дийлж чадах хүн бол ганц аав минь

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 23

UFC холбооны аварга Хабиб Нурмагомедов Ирландын тулаанч Конор МакГрегорыг ялсныхаа дараа дэлхийн хэмжээний од болон хувирсан. Ялангуяа Исламын шашинт орнуудад тэр бурхан тэнгэр шиг л хүндлэгдэж байна. Өчигдөр буюу энэ сарын 22-нд Хабиб гурав дахь хүүхдээ өлгийдөн авсан. Дөрвөн настай охин Фатима, хоёр настай хүү Магомед нар дүүтэй болсон баяртай мэдээ Дагестанаас ирсэн юм. Хабиб ирэх оны дөрөвдүгээр сарын 18-нд Нью-Йоркт болох тулаанд Тони Фергюсонтэй туталдахаар бэлтгэлдээ гараад байна.

Ингээд түүний ярилцлагаас хамгийн сонирхолтой хариултуудыг түүвэрлэн хүргэе.
 


"Gorilla Energy"-тэй байгуулсан гэрээ

"Сүүлийн тулааны дараа ивээн тэтгэлт, зар сурталчилгааны олон гэрээний санал ирнэ гэж бид хүлээж байсан. Үнэхээр багагүй тооны гэрээний санал ирсэн, ирсээр байгаа. Яагаад “Gorilla” гэж үү? Энэ компани зөвхөн надад биш баг, хамт олонд минь гэрээ байгуулах санал тавьсан болохоор сонгосон. Тэд "Хабиб бүгд чамтай хамтран ажиллахыг хүсэж байна. Харин бид танай багтай гэрээ байгуулж, залуу тамирчдыг ч дэмжих хүсэлтэй байна" гэж хэлсэн. Сая долларын гэрээ байгуулсан.

Мэйведертэй тулалдах уу

"Үлдэх өв, авах мөнгөний хувьд Мэйведертэй тулалдах нь Тони Фергюсонтой үзэлцэхээс хамаагүй илүү сонирхолтой. Хүмүүс аваргыг ялагдахыг харах дуртай байдаг. Мейведерийн тулааныг яагаад хүмүүс худалдан авдаг вэ гэвэл тэр ялагдаагүй аварга болохоор тэр. 50 тулаан, 50 ялалт. Ялагдаж үзээгүй хоёр аварга гэдгээрээ бидний тулаан олны анхаарлыг ихэд татна. Хэвлэл мэдээлэл төдийгүй манай багийн залуус ч боксоор намайг ялна гэдэгт итгэлгүй байгаа нь тулалдах сэтгэлийг улам төрүүлж байгаа"

Конор МакГрегор

"Түүнтэй тулалдаж байхдаа ярилцаад байсан зүйл байхгүй. Намайг зүгээр байсныг та нар харсан. Харин Конор хэлээ мартсан уу, ямар ч гэсэн харилцах хүсэлгүй байлаа. Би түүнд "Алив, одоо ярилцъя" гэж хэлсэн. Тэр "Энэ бол зүгээр л бизнес" гэж хариулсан. Намайг тайвшруулах гэж бодсон байх л даа. Конор гар алгадан бууж өгөхөд би их харамссан. Түүнийг дэмжихээр энэ олон мянган хүн ирсэн байхад тэр бууж өгч байдаг. Хэрэв торонд орсон бол эцсээ хүртэл тулалдах хэрэгтэй. Түүнийг бууж өгөхөд би дотроо "Энэнтэй үзэлцэх гэж би ийм олон хоног бэлтгэл хийж, хөлсөө асгаруулсан гэж үү" гэж бодсон. Түүний хэлж байсан үгнүүдийг хэн тоох билээ. Нохой хуцаж л байдаг. Гэхдээ тэр миний өрсөлдөгч болохоос дайсан биш. Би хэзээ ч бууж өгдөггүй. Конорыг зугтах газаргүй болгоход тэр бууж өгдөг"
 


Фэнүүд

"Олон нийтийн сүлжээнд хэр нөлөөтэй вэ гэдгээ огт боддоггүй байлаа. Сүүлийн үед л бодож эхэлж байна. Инстаграмаа би өөрөө хөтөлдөг. Ямар ч асуудал байхгүй. Хааяа таслал орхигдуулдаг ч дүрмийн алдаагүй бичиж чадна. Би улс төрөөс хол байхыг хүсдэг. Хэрэв хүн нийгэмд ашиг тустай байхыг хүсвэл заавал хаа нэгтэй депутат болох шаардлага байхгүй"

Орост Конорыг дэмжсэн хүн олон байсан талаар

"Энэ бол спорт шүү дээ. Хэнийг дэмждэг, түүнийгээ л дэмжинэ. Би Хабиб байна, намайг заавал дэмж гэж хэн ч шаардахгүй. Жишээ нь, би "Реал" Мадрид багийг дэмждэг. "Барса"-гийн фэнүүд яагаад гэж бодож байгаа байх. 1998 онд нэг тоглолтыг нь үзээд л шууд хайртай болсон. Одоо ч үздэг. Хөгжөөн дэмжигчдэд чи энийг дэмжих ёстой гэж хэн ч тушааж чадахгүй"

Хүмүүжил

"Бөхийн дэвжээн дээр хөлд орсон гэж хэлэхэд болно. Аав гэртээ спортын заал барьсан болохоор би тэнд л үргэлж байдаг байв. Гэртээ суугаад тамхи татаж, архи уудаг хүн хүүхдээ спортын танхимд очиж, хичээллэ гэж хэлж чадахгүй. Өөрөө үлгэр жишээ үзүүлэх хэрэгтэй. Сайн аавтай би азтай хүн. Одоогийн залуусын гол дутагдал нь тэд маш их завтай. Хүүхэд чөлөөт цаггүй байх ёстой. Хичээл, бэлтгэл дууссан ч аав надад хийх юм заавал олдог, хийлгэдэг байлаа. Хийлгэдэг гэдэг маань 17 насны шилжилтийн үе. Аварга болохоор хичээж байгаа ч гадуур зугаалмаар санагдана. Энэ үед хянаж байх хэрэгтэй. Хэрэв амжилт гаргахыг хүсэж байвал 100 хувь анхаарлаа хандуул"

Аавынхаа талаар

"Одоо ч би аавыгаа эсэргүүцэж чаддаггүй. Намайг унагааж чадах цорын ганц хүн бол аав. Бага байхад түүнтэй санал нийлэхгүй зүйл байсан ч хэзээ ч "Би энийг чадахгүй" гэж бодож байгаагүй. Учир нь аав хүн чадахгүй юм хийлгэх гэж оролдохгүй. Намайг аав хамгийн сүүлд 18 настай байхад шийтгэсэн. Над руу залгахад нь би утсаа аваагүй юм. Харин аав үүнийг мэдчихсэн. Яаж шийтгэсэн гэж үү? Надтай юм ярихаа больсон"

Боловсрол

"Манай гэрт Ожеговын тайлбар толь байлаа. Бэлтгэлийн дараа би тэр номоос 10 хуудсыг хуулан бичдэг байлаа. Бас "Улс орон, ард түмэн" гэдэг ном байсан. Тэр номоос 3 хуудсыг аавд ярьж өгөх үүрэгтэй байсан. Би тэр үед 8 дугаар ангид сурч байсан ч орос хэлэндээ тааруухан. Энэ толь бичиг надад их зүйл өгсөн. Дараа нь Махачкалагийн турк коллежид суралцаж, англи хэл сурсан. Хотод оросоор яриад, физик, химийн хичээл англи хэл дээр, зарим нь турк хэл дээр орж, бөөн холион бантан. Би авар хэлний толь байна уу гээд л. Сурлага муу, сахилгагүй, зодоон хийдэг гээд тэндээс гарахаас өөр аргагүй болсон. Буцаад жирийн сургуульд орохдоо харин бусадтайгаа ижил амжилттай суралцсан"
 


Айдас

"Бурхан биднийг ийм мэдрэмжтэй бүтээсэн. Надад ч айдас байдаг. Энэ айдсаа давж чадсан хүн бол хүчтэй хүн. Айдас ирэхэд бууж өгөх, даван гарах гэсэн 2 л зам бий. Үүнд л амжилт гаргасан, дампуурсан хүмүүсийн гол ялгаа оршиж байгаа юм. Мөнгө, эрүүл мэндээ алдах бий гээд хүн болгонд айдас бий. 2015 онд 3 удаа хагалгаанд ороод аавдаа "Энэ Бурханы тэмдэг юм болов уу. Зодог тайлах уу" гэж хэлэхэд аав "Бууж өгөхгүйн тулд ийм сорилт хийж байгаа юм. Явж бэлтгэлээ хий" гэж хэлсэн. Эрчүүд ч уйлдаг. Өвөө минь нас барахад би уйлсан"

Мөнгө

Анхны 100 мянган доллароороо аавдаа машин худалдан авч өгсөн. Үлдсэн нь хоол унд гээд л алга болсон. Мөнгө надад байвал маш найдваргүй. Тиймээс ах маань миний мөнгийг хянаж, зохицуулж байдаг. Эдийн засгийн сургууль төгссөн болохоор толгой нь булчингаас нь илүү сайн ажилладаг залуу. 30 нас хүрлээ, машин аваагүй л байна. Шинийг авснаас бэлгийн машинаа унасан нь дээр. Сайн хүний гарт байгаа мөнгө бол сайн мөнгө. Өөрийгөө хэлж байгаа юм биш шүү. Миний авсан бүх зүйл Дагестанд байгаа. Гэхдээ хөрөнгө оруулах юм бол янз бүрийн газарт оруулна. Би бизнес төсөл боловсруулж эхлээд удаагүй байна. Энэ талаар мэдлэг дутуу болохоор хүмүүстэй зөвлөж, ярилцаж байгаа"

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top