Дээд лигийн оны эхний тоглолтод "Гарьд"-ууд шилдэг байлаа

2020 оны 01 сарын 02

Шинэ арваны эхний өдөр /2019.01.01/ Монголын сагсан бөмбөгийн "Гоё" дээд лигийн нэгдүгээр тойргийн ээлжит тоглолтууд боллоо.

Шинэ он гарсантай зэрэгцэн, дээд лигийн зүгээс талбайгаа шинэчлэсэн нь шинэ оны онцгой тоглолтуудад улам өнгө нэмж өгсөн юм. Энэ үдшийн эхний тоглолт Эрдэнэтийн Уурхайчид, 23 Стормс багуудын хооронд боллоо. Оны өмнөхөн ӨМӨЗО-ны Ордос хотыг зорисон хүчирхэг бүрэлдэхүүнтэй 23 СТОРМС багийн хувьд бэлтгэл сайтай байсан ч Уурхайчдыг хожиход хангалттай байсангүй.

1-р тойрог эхлээд чамгүй хугацаа өнгөрсөн учраас багуудын хувьд ойлголцол, гар нийлэн тоглож, жигдэрч эхэлсэн гэж хэлж болно. Гоё дээд лигт шинээр энэ улиралд элсэн орсон ч туршлагатай багуудаас дутахгүй сайн өрсөлдөгч гэдгээ батлан харуулаад байгаа Эрдэнэтийн Уурхайчид оны эхний тоглолтондоо 108-99-ийн харьцаатайгаар 23 Стормс багийг буулган авснаар, улирлын 3 хожлоо байгуулсан бол 23 Стормс 3 дахь хожигдолоо хүртлээ.
 

Энэ тоглолтод Уурхайчид багаараа 51 хувьтай довтолж, чөлөөт шидэлтүүдээ 70 хувьтай гүйцэтгэсэн бөгөөд тэд өрсөлдөгчөө илүү самбар дор сайн ажиллаж, самбараар бөмбөг авалтаар давамгайлж чадсан юм.

Уурхайчид багийн тоглогч А.Бямбадож 32 оноо, 5 самбараас бөмбөг авалтаар тус тоглолтын шилдэгээр тодорсон бол дээд лигт анхны улиралдаа тоглож байгаа О.Батмагнай 20 оноо, Э.Дорж-Арилд 15 оноо, О.Очирбат 14 оноо, Б.Батжавхлан, багийн ахлагч М.Дорждагва нар тус бүр 10 оноогоор багтаа тус хүргэлээ. Харин улирлаас 23 СТОРМС багийн эгнээнд нэгдсэн туршлагатай тоглогч Ц.Азбаяр 35 оноо авч энэ үдэш сайн тоглолтыг үзүүлсэн ч, багаараа жигд сайн байж чадсангүй хожигдол хүлээсэн. Тэднээс Д.Мөнхтүвшин 19 оноо, Т.Их-Уул 11 оноог авсан юм.

Сагсан бөмбөг сонирхогчдын хүсэн хүлээсэн шинэ оны онцгой хоёр дахь тоглолт дээд лигт олон жил тоглосон туршлагатай мөнхийн өрсөлдөгчид болох Хасын Хүлэгүүд, Алдар Танан Гарьд багуудын хооронд боллоо. Өнгөрсөн улирлын аваргууд болох Алдар Танан Гарьд баг эхний легионер тоглогчоо талбайд гаргасан нь тус тоглолтын өрсөлдөөнийг улам нэмж өгсөн. Гарьдуудын анхны сонгосон легионер тоглогчийн хувьд АНУ-ын иргэн 24 настай тоглогч бөгөөд багийнхан нь түүнийг тоглолтыг найруулах, удирдан залж тоглох ур чадвараар онцлон сонгосон байна.

Тоглолт болохоос нэг хоногийн өмнө Монголд хүрэлцэн ирсэн тэрбээр Алдар Танан Гарьд багийнхандаа тус хүргэж ч чадсан байна. Энэхүү тоглолтыг Хүлэгүүдийн ахлагч Б.Билгүүн өнжсөн нь багийн хожигдолд нөлөөлсөн гэж хэлж болно. Улмаар тоглолтын эхнээс Гарьдуудын довтолгоо хамгаалалт Хүлэгүүдээс илүү байж, тэд багаараа жигд сайн тоглож чадсанаар 96-86-ийн харьцаатайгаар улирлын ээлжит хожлоо байгуулж, Гоё дээд лигийг итгэл төгс тэргүүлж байна. Гарьдуудыг ялалтанд удаа дараа хөтлөж байгаа Б.Болдбаатар энэ үдэш мөн л шилдэг байлаа. Тэрбээр 28 оноогоор багаа тэргүүлсэн бол легионер тоглогч Д.Лавандер 20 оноо, жил ирэх тутам ур чадвараа улам ахиулсаар байгаа тоглогч болох О.Эрдэнэцогт 18 оноогоор багтаа тус хүргэжээ. Харин Хүлэгүүдээс багийн гол түлхүүр тоглогчдын нэг О.Сэргэлэн 18 оноо, З.Доржсүрэн 17 оноо, С.Өрнүүнбилэг 15 оноогоор багтаа тус хүргэсэн байна.

"Гоё" дээд лигийн дараагийн тоглолт 1-р сарын 6-ны даваа гарагт Багануур Тулнууд болон Алдар Танан Гарьд, Хан-Уул Хангарьд болон Эрдэнэтийн Уурхайчид багуудын хооронд явагдах хуваарьтай байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
7(66.181.177.162) 2020 оны 01 сарын 02

Батмагнай биш Сумьяа шүү 20 оноо авсан нь\n

0  |  0
Top