Уран гулгалт: Дэлхийг “дэлдийлгэсэн” Оросын АШТ тэмцээн

Админ | Zindaa.mn
2020 оны 01 сарын 03

Ц.Энхтүвшин. “Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч

Красноярск хотноо ОХУ-ын уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө. Хэдийгээр нэг л орны УАШТ хэдий ч уран гулгалтын ертөнц төдийгүй дэлхий нийтээрээ энэ тэмцээн рүү чих тавьж, нүдээ чилээсэн билээ. Бүүр тодруулбал эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн өрсөлдөөнийг.

Хэд хоногийн өмнө олимп, дэлхийн аварга Алина Загитова их спортоосоо түр завсарлага авч буйгаа, ОХУ-ын АШТ-д оролцохгүй гэдгээ зарласан. Уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд авч болох бүх цолыг авсан, үзэгчдийг үзэсгэлэнт царай, уран гоё гулгалтаараа байлдан дагуулдаг Загитова оролцохгүй ч, дэлхийн хошой аварга Евгения Медведева, дэлхийн аварга Елизавета Туктамышева, за тэгээд алдарт Этери Тутберизегийн “Шадар гурван гүнж” болох энэ улиралд болсон Гран-при тэмцээний бүх гарааны алтан медалийг зүүсэн, Гран-при финалын бүх медалийг “хамсан”, дэлхийн рекордыг ээлжлэн шинэчилсэн, дөрвөн эргэлттэй үсрэлтүүдийг амжилттай хийсэн “нөгөө гурав” буюу Александра Трусова, Алёна Косторная, Анна Щербакова нар улсынхаа аваргаар өрсөлдөж, тив, дэлхийн АШТ-д оролцох “визээ” өвөртлөх байсан болохоор “анхаарлын төвд” орох нь арга ч үгүй биз, Оросын АШТ.

Уран гулгалтын нэгэн том гүрэн Японы ТВ -үүд ОХУ-ын АШТ-ийг дамжуулах онцгой эрхийг “булаацалдаж”, АНУ, Канад болон бусад олон орны хэвлэл мэдээллийнхэн Красноярскт “десант” буулгасан гэхээр л хэр том тэмцээн болсон нь мэдэгдэнэ. Чанар чансааг нь ганц баримтаар нотлоё. Уран гулгалтын “ундарга” болсон ОХУ-ын АШТ-д хүссэн болгон нь орчихдог ч юм бас биш. Шилдгийн шилдэг 18 гулгагч л ганцаарчилсан төрөлд ордог. Тэгвэл энэ жилийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд хамгийн сүүлийн байр эзэлсэн тамирчны авсан оноо нь Францын аварга болсон гулгагчийн авсан онооноос илүү байсан гээд л бод доо! Франц чинь уран гулгалт бас л өндөр хөгжсөн орны нэг шүү дээ.

За нэг иймэрхүү л, бараг л “бага дэлхийн АШТ” гэхэд болохоор тэмцээн боллоо доо. Мэдээж эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн өрсөлдөөн “гол цөм” нь болохоор дэлгэрэнгүй өгүүлье.

Богино үзүүлбэрт энэ жилийн Гран-при тэмцээний финалын аварга А.Косторная гайхамшигтай гулган, 89,86 оноогоор тэргүүлэв. Гран-при финалд Алёна богино үзүүлбэрт түрүүлэхдээ 85,45 оноо авч дэлхийн рекорд тогтоож байсан бол энэ удаа дөрвөн ч оноогоор өндөр оноо авсан. Харамсалтай нь дэлхийн рекордод тооцогдохгүй. Олон улсын бус тэмцээнд авсан оноог дэлхийн рекордод тооцдоггүй журамтай, ISU буюу Олон улсын гулгалтын холбоо. Түүний ард Щербакова, Трусова, тэгээд дэлхийн аваргууд болох Туктамышева, Медведева нар 2-5 байрт орсон. Дэлхийн хошой аварга Медведевагийн уран гулгалтын гутал нь тэмцээний яг өмнөх өдрийн бэлтгэл дээр эвдэрсэн байна. Тэрбээр тэр даруйдаа шинэ гутал худалдан авсан ч ганцхан өдөр шинэ гуталдаа дасах боломжгүй л дээ. Тиймээс ч дассан гутлаа “баглаж, боогоод”, бүүр “скочдоод” өмсөхөөс өөр аргагүй болж. Харамсалтай нь санасандаа хүртэл амжилт гаргаж чадаагүй, нөгөөтэйгүүр үсрэлт хийхэд гэмтэл авах магадлалтай байсан тул чөлөөт үзүүлбэрт оролцохоос татгалзлаа. ОХУ -аас тив, дэлхийн аваргад гурван гулгагч оролцуулах эрхтэй. Үүнийг УАШТ-дээ эхний гуравт орсон тамирчдадаа олгодог. Тэгэхээр Медведева тив, дэлхийн аваргад оролцохгүй нь тодорхой болсон гэсэн үг. Бас л харамсмаар.

Чөлөөт үзүүлбэрт “өнөө гуравтай” өрсөлдөх боломжтой нь гол хүн Туктамышева болов. Гэхдээ тэрбээр зүгээр нэг алдаагүй гулгаад энэ гурвын аль нэгний өмнө орно гэж байхгүй л дээ. Тиймээс ч “шийдсэн мэх” буюу дөрвөн эргэлттэй үсрэлт хийхээр шийдэж. Ердөө хэдхэн долоо хоногийн өмнө хийж сурсан гэж байгаа. Ингээд дөрвөн эргэлттэй тулуп хийсэн ч амжилтгүй болсон. Үүний дараа Туктамышевад бусад үсрэлтүүдээ ч цэвэрхэн гүйцэтгэх хүч, сэтгэл дутсан байх олон алдаа гаргасан. Дөрөвдүгээр байрт орсноор тэрбээр Европын аваргад нөөц тамирчнаар л сонгогдох ажээ.

Ингээд медаль Тутберизегийн шавь нарт 100 хувь очих боллоо. Өнгөрсөн жилийн ОХУ-ын АШТ-д Щербакова алт, Трусова мөнгө, Косторная хүрэл медаль авсан. Харин энэ жил хэн нь ямар медаль хүртэх бол?

Дөрвөн эргэлттэй үсрэлтийн “Хатан хаан” Трусова. 15-хан настай энэ охин дөрвөн эргэлттэй тулуп, лутц, флип үсрэлтийг амжилттай гүйцэтгэсэн анхны эмэгтэй гулгагч төдийгүй нэг үзүүлбэрт дөрвөн эргэлтэй дөрвөн үсрэлт амжилттай гүйцэтгэсэн анхны эмэгтэй гулгагч болон түүхэнд бичигдээд байгаа. Риск ихтэй үсрэлт олон хийдэг тул унах тохиолдол цөөнгүй гардаг. Энэ удаа ч Саша дөрвөлсөн флип, дөрвөлсөн лутц дээр унаж, 4 тулуп дээрээ алдаа гаргасан. Гэсэн ч үзүүлбэрийнхээ хоёрдугаар хагаст, тэр тусмаа дөрвөлсөн эргэлттэй гурван үзүүлбэр нь дараалан амжилтгүй болоод байхад л 4 тулуп-ойлер-3 сальховын каскад буюу комбинацийг амжилттай гүйцэтгэж гайхууллаа. Хэдийгээр Саша дөнгөж хүрэл дээр буусан ч маш хүнд нөхцөлөөс медаль хүртэж, тив, дэлхийн аваргад орох замаа заслаа.

Богино үзүүлбэрийн дараа хамгийн өндөр оноо авсан Косторнаяд түрүүлэх сайхан боломж гарч ирсэн дээ уг нь. Алёна маш сайн гулгасан чөлөөт үзүүлбэртээ. 3 аксель-2 тулупын каскад, 3 аксель, 2 аксель, 3 риттбергер, 3 флип-3 тулупын каскад, 3 флип-ойлер-3 сальховын каскад, 3 лутц амжилттай гүйцэтгэж, нийлбэр оноо нь 259,83 буюу дэлхийн рекордоос ч даваад явчихав.

Гэтэл Анна Щербакова гээд 15 настай бас нэг охин. Нэг үзүүлбэрт 4 лутц хоёр удаа амжилттай гүйцэтгэсэн анхны эмэгтэй гулгагч, үзүүлбэрийн дунд даашинзныхаа өнгийг сольдог өнөөх охин. Энэ удаа ч чөлөөт үзүүлбэртээ 4 лутц хоёр удаа амжилттай гүйцэтгэлээ. Нэгийг нь бүүр 3 тулуптай каскадаар. Бас 3 лутц-3 риттбергерийн каскад, 3 флип-ойлер-3 сальховын каскад , 3 лутц, 2 акселийг амжилттай гүйцэтгэсээн. Косторная гайхамшигтай гулгасан. Тэгвэл Щербакова гайхамшигтай дээрээ супер хүнд элементүүд хийлээ. Тиймээс ч нийлбэр дүнгээр 261,87 оноо авсан. Дэлхийн рекордоос илүү оноо авлаа аль аль нь. Щербакова ийнхүү ОХУ-ын хошой аварга боллоо. Косторная ноднингийн хүрлээ мөнгө болгож, Трусова мөнгөнөөс хүрэл рүү буулаа.

Этери Тутберизегийн “Мөсний гурван гүнжтэй” энэ тэнцүү өрсөлдөх гулгагч одоогоор алга гэдгийг ОХУ-ын АШТ дахин харууллаа. Тив, дэлхийн аваргад Анна, Алёна, Александра гээд 15-16 настай энэ гурван охин шагналын тавцанд зогсоно гэдэгт би л лав огтхон ч эргэлзэхгүй байнам. Харин хэн нь алт, хэн нь мөнгө, хэн нь хүрэл авахыг л харах байх. Уран гулгалтад, тэр тусмаа эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд “Гурван А”-ийн үе нэгэнт иржээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ddddd(202.21.109.57) 2020 оны 01 сарын 04

Гоё бичжээ

1  |  0
polo(192.82.75.77) 2020 оны 01 сарын 04

goeshvv

2  |  0
Top