Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтаас гарахаар ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 09

УИХ-ын чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Улмаар УИХ-ын гишүүдийн 64.3 хувийн саналаар хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагаас 2019 оны аравдугаар сард мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд стратегийн дутагдалтай улсын жагсаалтад Монгол Улсыг оруулснаа мэдэгдсэн. Ингээд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоог сайжруулах хугацаатай ажлын төлөвлөгөө өгсөн юм. Монгол Улс уг жагсаалтаас гарахгүй удвал эдийн засгийн өсөлт саарах, улс орны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэл дагуулж болзошгүй тул ФАТФ-тай тохирсон ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн чухлыг Сангийн сайд онцлон тайлбарлав. Уг жагсаалтаас Монгол Улсыг гаргах талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх арга хэмжээг уялдуулан зохицуулж, удирдлага зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 172 дугаар захирамжаар байгуулсан байна. Уг ажлын хэсгээс боловсруулсан “Монгол Улсыг ФАТФ-ын стратегийн дутагдалтай улсын жагсаалтаас гаргах чиглэлээр авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний төлөвлөгөө”-нд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар заасан. Иймд хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, мэдээлэх үүрэгтэй этгээдэд хамаарах хуульд заасан үүргийн хэрэгжилтийг хангах, тэдгээртэй холбоотой зохицуулалтыг нийцүүлэх, мэдээлэх үүрэгтэй этгээдэд тавих хяналт, шалгалтын тогтолцоог сайжруулах, хууль зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог сайжруулах, төрийн байгууллагын хамтын ажиллагааны уялдааг бэхжүүлэх зорилгоор дээрх төслүүдийг боловсруулжээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Надад 2018 оны авлигын ерөнхий тайлан байна. Авлигын гэмт хэргээс 68 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний хохирол жил бүхэн хүлээж байна. Жил болгон 80 гаруй хувиар нэмэгдэж байна. Оффшор бүсэд Монголоос 12 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө гадагшилсан байна. Манай эдийн засаг 10 тэрбум ам.доллартай тэнцдэг. Мөнгө угаахтай тэмцсэн шийдсэн хэрэг жилд нэг, хоёрхон. Гэтэл зарлаж байгаа хэргүүд маш их. Энэ бүхнээс үүдээд монголчууд маш их мөнгө угаадаг гэдэг ойлголт гадаадад их байна. Бас авлигын индексээр бид байнга хойшилсоор 103-т орчихлоо. Авлигын хяналтыг хийх хэрэгтэй байна. Авлига хяналтаас гадуур байна. Эдгээрийг засах чиглэлээр юу хийх вэ” гэж асуув.

Үүнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Энэ хуулиар ФАТФ-аас өгсөн зөвлөмжийн гурвыг нь хэрэгжүүлэх боломжтой болно. Нийтдээ 40 зөвлөмж өгснөөс бүрэн биелсэн долоо, дийлэнхийг нь биелүүлсэн 28, хэсэгчлэн биелүүлсэн тав байгаа. Энэ таваас хоёрыг нь сайжруулж байгаа. Цаана нь гурав үлдэнэ. Одоо хуульд өөрчлөлт орсноор эдгээр гурван зөвлөмжийг биелүүлнэ. Саарал жагсаалттай холбоотойгоор Л.Энх-Амгалан гишүүний хэлсэн зүйл үнэн. Биднийг хэргүүдээ шийд гэж байгаа. Бид ФАТФ-ын саарал жагсаалтаас гарахаар ажиллаж байна” хэмээн хариуллаа.

Чуулган үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top