Загитоваг элэглэсэн жүжигчдийг шүүхэд өгнө

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 10

Оросын алдарт тамирчдын нэг, олимпын аварга Алина Загитова өнгөрсөн сард “Время” нэвтрүүлгээр тэмцээн, уралдаанд орохоо зогсоож байгаагаа мэдэгдсэн. 17 настай түүний мэдэгдэл спортын ертөнцөд шуугиан тарьсан билээ.
 


Мэдэгдлээс хоёр долоо хоногийн дараа ОХУ-ын Нэгдүгээр сувгаар дахин Алинагийн нэр гарсан. Харин энэ удаад хошин шогийн КВН буюу Авхаалж сэргэлэнчүүдийн клубийн финалын тоглолт дээр Красноярск хотын багийнхан түүнийг элэглэсэн юм.
 


Тоглолтод баахан медаль зүүсэн нохойг тайзан дээр дагуулан гарч ирээд “Энэ бол медаль авдаг машин” гэж тайлбарлана. “Хэдэн настай нохой вэ” гэсэн асуултад “17 настай. Тэтгэвэртээ гарах цаг нь болж” гэж хариулахад нөгөөх жүжигчин “17 настайдаа тэтгэвэрт гардаг Загитова юм уу, наадах чинь” гэж хэлсэн байна.

Үзэгчид нэг их инээгээгүй ч Красноярскийн баг уралдаанд түрүүлж чадсан юм.   
 


Загитовагийн фэнүүдэд энэ хошин шог огт таалагдсангүй. Тэд шүүхэд гомдол гаргана гэдгээ мэдэгдэж, тус багийн алтан медалийг хүчингүй болгохыг шаардах гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top