Өнөөдөр манай хоёр биатлонч хурд, цэцээ сорино

Админ | Zindaa.mn
2020 оны 01 сарын 14

“Таван цагариг”-ийн сурвалжлагч Э.Гуамарал Лозаннаас мэдээлж байна.

Швейцарын Лозанн хотноо болж буй Залуучуудын Өвлийн олимпын III наадамд оролцож буй манай биатлончид өнөөдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 14-нд хоёр дахь зайдаа буюу спринт-д хурд, цэцээ сорино. “Лозанн-2020”-д манай улсаас нийтдээ зургаан тамирчин оролцож буй бөгөөд биатлоны төрөлд Энхбатын ЭНХСАЙХАН, Чулуунбатын БЯМБАСҮРЭН нарын хоёр биатлонч олимпын эрхээ авч оролцож байгааг өмнө нь мэдээлсэн.

Биатлоны тэмцээн Францын Les Tuffes-д болж буй бөгөөд нэгдүгээр сарын 11-нд болсон эмэгтэйчүүдийн 10 км-ийн зайд Ч. Бямбасүрэн маань 97 тамирчнаас 87 дугаар байр эзэлсэн. Харин эрэгтэйчүүдийн 12,5 км-т манай Э. Энхсайхан маань бахдам сайхан амжилт үзүүлж, 99 тамирчнаас 12 дугаар байрт орсон. Тэрбээр 36 мин 50.09 сек амжилт үзүүлсэн бөгөөд түрүүлсэн тамирчнаас 2:41.5 -аар хоцорсон билээ. Хэрвээ буудахдаа 4 сум алдаагүй бол үүнээс ч илүү амжилт гаргах боломж байлаа. Энэ жил 18 нас хүрэх Э.Энхсайхан буудлагаа сайжруулбал ихээхэн ирээдүйтэй гэдгээ харууллаа. Манай тамирчны ард Азийн бүх тамирчид төдийгүй биатлон өндөр хөгжсөн Швед, АНУ-ын тус бүр гурав, Норвег, Герман, Италийн тус бүр хоёр, мөн ОХУ, Франц, Австри, Финланд, Беларусь, Чех зэрэг орны биатлончид орсон.

Тэртээ 1964 оны Инсбрук, 1968 оны Греноблийн өвлийн олимпод манай Монголын биатлонч Б.Дамдинжав оролцож, тус бүртээ 38 дугаар байрт орж байсан түүх бий. Түүнээс хойш олон жил өвлийн спортын хамгийн үзүүштэй, сонирхолтой төрлийн нэг биатлоны спорт манай улсад “унтаа” байдалд орж, сураг чимээгүй болж байгаад сүүлийн хэдэн жилд дахин сэргэж ирж байгаа билээ.Монголын биатлоны холбоо ч зөв бодлого барьж, гадаадын багш, дасгалжуулагчдын удирдлага, зөвлөгөө доор залуу тамирчдаа бэлтгэх болсны үр дүн ийн гарч эхэллээ. Э.Энхсайхан гэхэд л ЗХУ-Беларусийн нэрт биатлонч, 1988 оны Калгарийн олимпын алт, 1992 оны Альбервилийн олимпын мөнгөн медальт, ДАШТ-ий 4 алт, 4 мөнгө, 2 хүрэл медальт, ЗХУ, Беларусийн гавьяат тамирчин, Беларусийн гавьяат дасгалжуулагч Александр Поповын удирдлага дор өнгөрсөн намраас бэлтгэлээ хийж байгаа юм.

Өнөөдөр (2020.01.14) эрэгтэйчүүдийн спринт буюу 7,5 км-ийн зайн уралдаан Швейцарын цагаар өглөө 10 цаг 30 минутаас эхлэх бөгөөд Э.Энхсайхан 10 цаг 39 минут 30 секундэд гараанаас 19 дугаартай гарна. Энэ зайд мөн л 99 биатлонч гараанаас гарах ажээ.

Харин эмэгтэйчүүдийн спринт 6 км-ийн уралдаан орон нутгийн цагаар өдрийн 13 цаг 30 минутад эхлэх бөгөөд манай Ч.Бямбасүрэн 13 цаг 45 минут 30 секундэд гараанаас 31 дугаартай гарах юм. Эмэгтэйчүүдийн спринтэд 97 тамирчин оролцоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top