“Таван цагариг”-ийн сурвалжлагч Э.Гуамарал Les Tuffes-aac мэдээлж байна.
Залуучуудын Өвлийн олимпийн III наадмын биатлоны эрэгтэйчүүдийн спринт буюу 7,5 км-ийн зайн уралдаан дөнгөж саяхан Францын Les Tuffes-д болж өндөрлөлөө. Манай тамирчин Энхбатын Энхсайхан гараанаас 19 дүгээрт гарсан. 2,5 км-ийн дараа эхний галын шугам дээр ирэхдээ Энхсайхан 8 мин 09,6 сек гулгаж ирсэн ч хэвтээ байрлалаас буудахдаа 3 сум алдлаа. Маш харамсалтай.
Дахин 2,5 км, нийтдээ 5 км зайг туулсны тамирчид галын шугамд дахин зогсоо байрлалаас буудах ёстой. Энэ зайг Энхсайхан маань 16:08,9 хугацаанд туулсан. Буудлагаа гүйцэтгэхдээ энэ удаа 2 сум алдлаа. Ийнхүү нийтдээ 5 сум алдаж буудлаа. Сүүлчийн 2,5 км зайг туулан, нийтдээ 7,5 км-ийн дараа барианд орохдоо манай тамирчин 22 мин 27,3 секундын амжилт үзүүллээ.
99 тамирчнаас Э.Энхсайхан 49 дүгээрт бичигдлээ. Азиас бол манай тамирчны өмнө Казахстаны нэг тамирчин л орлоо. Японы гурав, Хятадын гурав, Казахстаны нэг, БНСУ-ын нэг биатлонч манай ард орсон. Биатлон өндөр хөгжсөн Итали, Финланд, АНУ, Украин, Чех, Герман, Беларусь, Канадын тамирчид ч бас манай ард бичигдлээ.
Энэ жилийн зургаадугаар сард 18 нас хүрэх Э.Энхсайхан маань буудлагаа сайжруулбал ихээхэн ирээдүйтэй гэдгээ харууллаа.
Э.Энхсайхан ЗХУ-Беларусийн нэрт биатлонч, 1988 оны Калгарийн олимпийн алт, 1992 оны Альбервилийн олимпийн мөнгөн медальт, ДАШТ-ий 4 алт, 4 мөнгө, 2 хүрэл медальт, ЗХУ, Беларусийн гавьяат тамирчин, Беларусийн гавьяат дасгалжуулагч Александр Поповын удирдлага доор өнгөрсөн намраас бэлтгэлээ хийж байгаа юм.
Өнөөдөр мөн эмэгтэйчүүдийн спринт 6 км-ийн уралдаан орон нутгийн цагаар өдрийн 13 цаг 30 минутад буюу хоёр цаг гаруйн дараа эхлэх бөгөөд манай Ч.Бямбасүрэн 13 цаг 45 минут 30 секундэд гараанаас 31 дугаартай гарах юм. Эмэгтэйчүүдийн спринтэд 97 тамирчин оролцоно.
Сэтгэгдэл ( 0 )