Э.Энхсайхан: Биатлоны ДАШТ-д буудлагадаа илүү сайн анхаарах шаардлагатай

Админ | Zindaa.mn
2020 оны 01 сарын 15

“Таван цагариг”-ийн сурвалжлагч Э.Гуамарал Les Tuffes-аас мэдээлж байна.

"Лозанн 2020" Залуучуудын Өвлийн олимпод биатлоны спортоор Монгол улсаа төлөөлөн оролцсон Э.Энхсайхантай тэмцээний дараа хэдэн хором ярилцлаа.
 

-Юуны өмнө Монголын биатлончдын түүхийг үргэлжлүүлж Лозанн 2020 Залуучуудын Өвлийн олимпод амжилттай оролцсонд баяр хүргэе! Уг наадмын тухай болон өнөөдөр болж өндөрлөсөн хоёр дахь зайдаа буюу спринт-д уралдсан сэтгэгдлээсээ хуваалцвал?

-Баярлалаа. Би өмнө нь гүйлтийн цанын спортоор 4 жил хичээллэж байгаад, яг биатлоноор хичээллэж эхлээд 2 жил гаруй болж байна. “Лозанн 2020” Залуучуудын Өвлийн олимпод оролцох, амжилт гаргах нь миний сүүлийн 2 жилийн мөрөөдөл, зорилго минь байсан учраас өнөөдрийн үр дүндээ сэтгэл дундуур байгаа.

-Бэлтгэл сургуулилт хэр хангагдсан байсан бэ

-Итали улсад ЗХУ-Беларусийн нэрт биатлонч, 1988 оны Калгарийн олимпийн алт, 1992 оны Альбервилийн олимпын мөнгөн медальт, ДАШТ-ий 4 алт, 4 мөнгө, 2 хүрэл медальт, ЗХУ, Беларусийн гавьяат тамирчин, Беларусийн гавьяат дасгалжуулагч Александр Поповын удирдлага доор өнгөрсөн намраас бэлтгэлээ хийж байгаа. Бэлтгэл сургуулилт сайтай байсан гэж болно.

-Тун удахгүй биатлоны дэлхийн аваргад оролцохоор явна. Юун дээр түлхүү анхаарах хэрэгтэй гэж дүгнэж байна?

-Буудлага дээрээ илүү анхаарч, техникийн болон хурдны бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлэн сайн хийх хэрэгтэйг ойлголоо. Цаашдаа улам илүү хичээнэ гэж бодож байгаа.

-Баярлалаа. Цаашдын уралдаан тэмцээнүүдэд нь амжилт хүсье!

-Баярлалаа. Үргэлж тусалж дэмждэгт бүх хүмүүстээ, ивээн тэтгэгч Итали компани болон буудлагын төвийн захирал Наран-Идэр ахдаа, багш нар, МБХ болон МҮОХ-ны хамт олонд баярлалаа. Мөн дэмжихээр ирсэн Швейцарт амьдардаг монголчууддаа талархсанаа илэрхийлмээр байна.

Photo: OIS/Ben Queenborough

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top