Залуучуудын өвлийн олимпын III наадам Швейцар улсын Лозанн хотноо үргэлжилж байна. Энэ сарын 18-нд гүйлтийн цанын 1.8 км зайн чөлөөт тэшилтээр 900 м тойрог замыг хоёр удаа тойрох уралдаан зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус төрөл нь урьдчилсан уралдааны эхний 30 тамирчин хагас шигшээд шалгарч, хагас шигшээ уралдааны эхний 10 байр эзэлсэн тамирчид шигшээ уралдаанд оролцох журмаар явагдав.
Эмэгтэйчүүдийн гараанд нийт 80 тамирчин уралдсанаас Швейцарын Ш.Виггер /4:39.95/ алтан медаль, Шведийн М.Русенберг /4:40.72/, Т.Эрикссон /4:41.10/ нар мөнгө, хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн уралдаанд нийт 85 тамирчин өрсөлдсөнөөс Норвегийн Н.Холмбю /4:08.27/ алтан медаль, Шведийн Э.Ангер /4:11.74/ мөнгө, А.Острём /4:13.51/ хүрэл медалийг тус тус хүртлээ гэж МҮОХ-ноос мэдээллээ.
"Лозанн-2020" Залуучуудын өвлийн олимпын наадмын гүйлтийн цанын төрөлд Монгол улсаас Б.Номин-Эрдэнэ, Д.Урангоо, О.Золбаяр, Б.Хонгор нар олимпын эрхээ хүртэн оролцож буй билээ.
МОНГОЛЫН ТАМИРЧДЫН ТЭМЦЭЭНИЙ ДҮН - 1.8 КМ ЧӨЛӨӨТ ТЭШИЛТ
ЭМЭГТЭЙЧҮҮД:
Б.Номин-Эрдэнэ - 5:58.79/+1:14.88/ - /80 тамирчин уралдсанаас 57-р байр/
Д.Урангоо - 6:26.51/+1:42.60/ - /80 тамирчин уралдсанаас 69-р байр/
ЭРЭГТЭЙЧҮҮД:
О.Золбаяр - 4:58.58/+47.92/ - /85 тамирчин уралдсанаас 60-р байр/
Б.Хонгор - 5:14.85/+1:04.19/ - /85 тамирчин уралдсанаас 72-р байр/
Манай тамирчдыг Улаанбаатар хотын цагаар 01.19-ний өдрийн 20:00 цагт ойрын зайн чөлөөт төрөл, 01.21-ний өдрийн 20:00 цагт 5, 10км-ийн сонгодог тэшилтийн төрлүүд хүлээж байна.
Сэтгэгдэл ( 0 )