Л.Оюун-Эрдэнэ: Гишүүд хариуцлагын гадна үлдэж болохгүй

М.Бүүвэй | Zindaa.mn
2020 оны 01 сарын 21

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат болон Д.Лүндээжанцан нар Сидней хотын казинод байгаа зураг хэвлэлүүдээр түгэх болсон. Энэ асуудалтай холбогдуулан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээс дараах тодруулгыг авлаа.


-Казино тоглосон байж болзошгүй УИХ-ын гишүүдэд хариуцлагын асуудал яригдах уу?

-Засгийн газрын 33 дугаар тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 40.2, Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэн 2019 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Засгийн газраас ёс зүйн дүрэм баталж байсан. Та бүхэн санаж байгаа бол Засгийн газрын 2019 оны 122 дугаар тогтоолоор энэ дүрэмд өөрчлөлт оруулаад 3.1.4-т гадаадад зорчихдоо мөрийтэй тоглоом тоглож, энэ төрлийн газраар үйлчлүүлэхгүй байх гэдгийг нэмсэн. Тэгэхээр Засгийн газрын тухай энэ тогтоол бол төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдад үйлчилнэ гэж ойлгож болно.

Дипломат алба нь төрийн тусгай албад тооцогддог. Засгийн газрын 2019 оны долоодугаар сарын 3-ны өдрийн 272 дугаар тогтоолоор батлагдсан дүрэм байдаг. Дипломат ажилтны сахилгын дүрэмд казино тоглох хориотой. Гэхдээ дипломат ажилтан дээр шууд халах үндэслэл байхгүй. Өнөөдрийн хууль тогтоомжоор сануулах, уучлал гуйлгах үндэслэл байдаг. Үүнийг бид өмнө нь баталсан дүрмээр сахилгын зөрчил гэж үзэх юм бол халах боломжтой.

Энэ дашрамд, хэвлэлийнхэн болон иргэддээ баярлалаа гэж хэлэхийг хүсэж байна. Яагаад гэвэл манайд казино тоглосон хэргүүд нэлээн бугшчихсан байсан. Ямар нэгэн байдлаар зураг дэлгэгдлээ гэхэд нийгэм тоохоо больчихсон. Үүнийг УИХ-ын гишүүд хийх ёстой мэтээр үздэг. Төрийн албан хаагчид олуулаа казино тоглодог нь тодорхой. Тэр бүхнийг Элчин сайдын яамд мэддэг байсан. Харин ёс зүйн дүрэм батлагдсанаас хойш нийгэмд казиногийн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй сэтгэл зүй бүрдэж байгаад миний хувьд баяртай байна. Бас энэ мэдээллүүдийг өгсөн иргэддээ баярлалаа гэж хэлэх ёстой.

-Төрийн албаны ёс зүйн дүрэм УИХ-ын гишүүнд адил үйлчлэх үү?

-УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм бол УИХ-ын тогтоолоор батлагддаг. Засгийн газраас УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхэд халдах боломж байхгүй. Сүүлийн жишээг харахад хоёр намын бүлгийн дарга хоёулаа бас төрийн албан хаагчдын сахилгын асуудлыг удаа дараа ярьдаг Д.Лүндээжанцан гишүүн өөрөө холбогдсон асуудал үүслээ. Энэ нь УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг хуульчлах шаардлага үүссэнийг харуулж байна. Ёс зүйн дүрэмд улс төрийн албан тушаалтныг оролцуулан хуульчлахаас аргагүй нийгмийн шаардлага үүссэнийг УИХ-ын гишүүд маань ойлгосон гэж бодож байна. Хуулийн төслийг Засгийн газраас өргөн бариад байгаа. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос ёс зүйн дүрэмтэй холбоотой асуудлыг давхар өргөн барьсан тухай мэдээлэл авсан. Тэгэхээр үүнийг нэн даруй баталъя. Хоёр намын бүлгийн дарга нар улс төрийн манлайлал гаргаж ажиллахыг хүсэж байна. Төрийн албан хаагчид халагдаад байхад үлгэр жишээ үзүүлэх ёстой УИХ-ын гишүүд нь хариуцлагын гадна үлддэг жишгийг үүгээр цэглэе. Засгийн газар асуудалд ийм итгэл үнэмшилтэйгээр хандаж байна.

-Засгийн газраас Австрали улсад суугаа Элчин сайдад ямар хариуцлага тооцох вэ?

-Элчин сайдтай холбоотой асуудлаар Гадаад харилцааны сайдтай өчигдөр холбогдсон. Мөрийтэй тоглоомын газраар үйлчлүүлэхгүй байхыг дүрэмд заасан байгаа. Тэгэхээр тухайн байгууламжид орсныг үйлчлүүлсэн гэж үзэх үү гэдэг маргаантай асуудал үүснэ. Засгийн газраас Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газарт тогтоох чиглэл өгсөн. Хэрэв ямар нэгэн байдлаар тэнд мөнгөн гүйлгээ хийгдсэн, тоглосон нь тогтоогдох юм бол Элчин сайдыг нэн яаралтай эргүүлэн татах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулаад Ерөнхийлөгчид санал хүргүүлэх боломжтой.

-Төрийн албан хаагч мөрийтэй тоглосон гэх хэрэг хэд бүртгэгдээд байгаа вэ?

-Одоогийн байдлаар 27 төрийн болон улс төрийн албан хаагчтай холбоотой мэдээлэл ирээд байгаа. Өмнө нь хариуцлага хүлээсэн хоёр хүн мөнгө солиулаад, тоглож байсан нь нотлогдсон тул шууд өөрсдөд нь танилцуулаад, сахилгын зөрчил гэж үзээд ажлаас халсан. Бусад хүмүүст сануулах арга хэмжээ авсан гэж ойлгож болно. Тэдний хувьд бичлэгээр нотлогдоогүй. Тэгэхээр өнөөдрийн хууль журмын хүрээнд бидний зүгээс ингэж ажиллаж байна. Цаашдаа нэн яаралтай УИХ-ын гишүүдийг бүрэн эрх гэдэг байдлаар орхих биш хамтдаа хариуцлага хүлээдэг байх зарчим руу иргэдийг Засгийн газартай хамтарч ажиллана гэдэгт итгэж байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (103.212.117.24) 2020 оны 02 сарын 05

Бат-Эрдэнийг тушаал дэвшүүлэн Сангийн сайдын зөвлөх болгосон энэ чинь арга хэмжээ юу сайд Ламаадан гуай

0  |  0
иргэн(202.21.115.126) 2020 оны 01 сарын 22

ЁСТОЙ ДАРХЛАГДСАН ХУЛГАЙЧУУД ГЭЖ ЭНЭ ХҮМҮҮСИЙГ ХЭЛЭХ БАЙХ.МОНГОЛЫН ХУУЛЬ ЦААШАА ХАРИН БАЙГАЛИЙН ХУУЛИЙГ ЯАЖ ХУУРАХ ЮМ БОЛ.МУЛГУЙ ХААНЫ ҮЛГЭР ХЭЗЭЭ АМАР САЙХАН ЖАРГАХ ЮМ БОЛ.

0  |  0
Zochin(27.123.213.134) 2020 оны 01 сарын 22

Uls turiin alban tushaaltan kazino sonirhoj, bas togloj ch boloh yum ba. Harin turiin zahirgaanii bolon uilchilgeenii alban haagch sonirhoj bas togloj bolohgui gesen ba.Mongol ulsin undsen huulind zaasan IRGENII ERKH zurchigduj ba u ugui yu.UIH-in gishuunii haldashgui davuu erkh uu\n

0  |  0
Зочин(192.82.74.190) 2020 оны 01 сарын 21

Гаалийн Бат-Эрдэнийг халаагүй ажилаа ч хийхгүй цалин аваад төрийн албыг хийдүүлээд бгааг юу гээд ойлгох юм бэ Оюун-Эрдэнэ сайдаа.

0  |  0
иргэн(192.82.78.88) 2020 оны 01 сарын 21

Халсан гээд байгаа улсууд нь ажлаа хийж байна гээ биздээ

1  |  0
иргэн(202.70.34.70) 2020 оны 01 сарын 21

Хэрэгждэг бол зөв л шийдвэр байна даа, Зөв зүйл ярьжээ. Харж л байя.

1  |  0
Top