Баянхонгор аймгийн Баганат талбайд "Архидан согтуурахтай тэмцэх жилийн аян"-ны нээлт боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Баянхонгор аймгийн иргэд хөдөлмөрчид, төрийн болон төрийн бус байгууллагууд, Автомашин сонирхогчдын холбоо оролцож, архидалттай тэмцэхэд нэгдэж буйгаа өөр өөрсдийн өнцгөөр илэрхийллээ. Нээлтийн үеэр Засаг дарга Г.Батжаргал, ДЭМБ-ийн тогтоосноор дэлхийн улс орнуудын дундаас архидалт хамгийн ихтэй таван орны нэгт нь Монгол Улс орсон талаарх сэтгэл эмзэглэм баримтыг дурдаад үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн энэ архидалттай бүх нийтээрээ тэмцэж, ирээдүй хойч үеэ зөв төлөвшүүлье гэж уриаллаа.
Баянхонгор аймагт 2019 онд 877 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 211 бүртгэгдсэнээс 162 буюу 76.8 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсний улмаас, замын хөдөлгөөний аюулгүй байдлын журмын зөрчил буюу зам тээврийн ослын улмаас 44 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 18 буюу 41 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсний улмаас үйлдэгдсэн байна. Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргээс болж нийт 48 хүн хохирсноос 30 хүн нас барсан, 23 хүн мотоциклтой осолдсоноос 8 хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодож нас баржээ.
Гэр бүл салалт 2018 онд 112, 2019 онд 123 болж өссөн. Үүний гол үндэс нь мөн л архины хамааралтай байна. Мөн согтуугаар гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн хүний тоо 2019 онд 94 хүрээд байгаа юм.
Иймд цаашид архинаас үүдэлтэй гэмт хэргийн гаралт, гэр бүл салалтыг байхгүй болгох боломж хүн бүрд бий гэдгийг нээлтийн үеэр аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Ц.Отгонбаяр хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.
Тус аяныг зохион байгуулах ажлын хэсгээс архидан согтуурахтай холбоотойгоор үйлдсэн гэмт хэрэг зөрчлийг эрс бууруулах, архины хэрэглээг аймгийн хэмжээнд эрс багасгах үндсэн зорилтыг тавиад байгаа юм. Зорилтын хүрээнд хэсэгчилсэн зургаан төрлөөр аяныг өрнүүлэхээр Засаг даргын орлогч Б.Батсууриар ахлуулсан ажлын хэсэг төлөвлөжээ.
Сэтгэгдэл ( 0 )