"Оюу толгой"-н компанид 2014 оноос гэрээний дагуу ажиллаж байгаа “Support Service Mongolia” компанийн ажилчид хөдөлмөрлөх эрхээ ноцтой зөрчиж байгаа тухай хэвлэлийн бага хурлаар дамжуулан олон нийтэд зарлалаа. Хөдөлмөрлөх эрх зөрчигдөж, үндэслэлгүйгээр халагдаж байгаа тухай ажилчид удирдлагууддаа хандахад тодорхойгүй шалтгаанаар халдаг тухай “SSM” компанийн үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид хэлж байсан юм.
“Оюу толгой компанийн туслан гүйцэтгэгч компанийн ажилчид хөдөлмөрлөх эрхээ ноцтой зөрчүүлдэг. Үүний нэг нь “SSM” компани юм. Энэ тухай удаа дараалан удирдлагууддаа хандахад тодорхойгүй шалтгаанаар ажлаас халдаг. Одоогийн байдлаар 20 гаруй ажилтан тодорхойгүй шалтгаанаар халагдчихаад байгаа. Энэ асуудал олон жилийн өмнө ч байсан. Гагцхүү элдэв төрлийн дарамт, шахалтын улмаас олон нийтэд ханддаггүй байсан юм” гэж “SSM” компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Ононхангай ярилаа.
Тус компанийн 51 хувийг “Таван богд” компани эзэмшдэг бөгөөд Францын “CS” компанийн хөрөнгө оруулалтаар 2014 онд Оюутолгой компанитай гэрээ байгуулан ажиллаж иржээ. Гэвч ажилчдын цалин хөлс, нийгмийн байдал, ажил, амралтын хуваарь зэргийг сайжруулах талаар хандахад тодорхойгүй шалтгаанаар ажлаас халдаг байна. Чухам ямар шалтгаанаар ажлаас халагдсан тухай лавлахад хариу өгөхгүй, өнгөц шалтгаан хэлдэг гэдгийг ажилтнууд хэлж байлаа.
“Таван богд компанийн шууд томилгоогоор ирсэн гурван хүн бидний эрхийг ноцтой зөрчиж байна. Үүний нэг болох Хүний нөөцийн менежер н.Идэр гэдэг хүн орж ирээд ердөө дөрөвхөн сар болж байгаа. Гэтэл компанид 13 жил ажилласан хүмүүсийг компанийн дотоод журам зөрчсөн гэх үндэслэлээр халсан. Халагдсан гээд байгаа хүн нь компанийн үйл ажиллагааг сайжруулах, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар үзэл бодлоо хэлсэн юм” гэж “SSM” компанийн Үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч гишүүн М.Өнөрцэцэг ярьсан юм.
Компанид хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаа асуудлыг Үйлдвэрчний эвлэлийн зүгээс “Оюутолгой” компани болон Өмнөговь аймгийн Иргэдийн нийтийн хурал, Ханбогд сумын Засаг даргын Тамгын газарт удаа дараалан хандаж байжээ.
Гэвч дорвитой арга хэмжээ аваагүй тул Үйлдвэрчний эвлэлийн хорооны зүгээс “Оюутолгой” компанид шаардлага хүргүүлэхээр болоод байна. Уг шаардлагад ажилчдын хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн “SSM” компанийн тендерийг цуцлах шаардлагыг тусгажээ.
Одоогийн байдлаар “Оюу Толгой” компанид гадаад, дотоодын нийт 145 компани туслан гүйцэтгэгч, гэрээт компаниар ажиллаж байна. Эдгээр компанид ажилладаг 13 мянган ажилтнуудын хөдөлмөрлөх эрх зөрчигддөг болохыг судалгаагаар тогтоожээ. “Оюу Толгой” төслийн менежментийн баг, олон улсын байгууллагын төлөөлөл тус компанийн нөхцөл байдалд судалгаа хийхэд туслан гүйцэтгэгч компанийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэсэн дүгнэлт гарч байсан удаатай.
“Оюу толгой” компанийн туслан гүйцэтгэгч компаниудаас ердөө гуравхан компани үйлдвэрчний эвлэлтэй бөгөөд үүний нэг нь “SSM” компани юм. Гэвч дээрх үйлдвэрчний эвлэлийн байгууллагын гишүүдийг дарамтлах, элдэв янзаар хяхаж, хавчих тохиолдол байдаг гэдгийг үйлдвэрчний эвлэлийн гишүүд хэлж байсан юм.
Сэтгэгдэл ( 1 )
Одоо энэ дарамт шахалтаа зогсоож гэрээт ажилтанаа багасгах хэрэгтэй.