Францын уран гулгалтын 10 удаагийн аварга Сара Абитболь дасгалжуулагчдаа 1990-1992 онд хүчирхийлүүлж байснаа зарлалаа. Тэр үед Сара 15 настай байсан байна.
Энэ жил 44 настай Сара “L’Obs”-т ярилцлага өгөхдөө “Би маш их ичиж байсан. Энэ явдлыг би өшөө авах гэсэндээ дэлгээгүй, сэтгэлээ уудлах гэсэндээ ярьж байна. Дасгалжуулагч Жиль Бейер намайг бэлтгэлтэй, гэрээс гадуур хонохыг ашигласан. Би 15 настай байсан. Одоо ч би гэрээс гарахдаа айдаг. Танихгүй газраар явахад аймшигтай” гэж ярьжээ.
Сара Абитболь Стефан Бернадитай хамт хос гулгалтаар олон жил Францын аварга болж, 2000 онд дэлхийн аваргын тэмцээнээс хүрэл медаль хүртэж байлаа.
Сарагаас гадна уран гулгалтын өөр гурван тамирчин хүчирхийлүүлж байснаа энэ долоо хоногт илчиллээ. Тэд бүгд насанд хүрээгүй байхдаа дасгалжуулагч багш нартай хүчирхийлүүлж байжээ.
Элен Годар 1970-аад оны сүүлээр дээр дурдсан Жиль Бейерт 13 настайдаа хүчиндүүлсэн бол Беатрис Дюмур, Энн Бруно нар 1980 онд мөн 13 настайдаа дасгалжуулагч Мишель Лотцийн хүчирхийлэлд өртөж байсан байна.
Сэтгэгдэл ( 0 )