Хар тамхины наймаачин ба ХЭТЭРХИЙ ОРОЙТСОН шүүхийн шийдвэр

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 02 сарын 05

Долоо хоног бүр хэн нэгэн олны танил хүн, урлаг соёлынхон, төрийн өндөр албан тушаалтны үр хүүхдүүд хар тамхины хэрэгт холбогдож байна. Гэтэл биднийг шуугилдаж суух хойгуур тэд хуулийн ял шийтгэлээс мултардаг жишиг монголд бий болсон гэхэд хилсдэхгүй. Мөрдөгчид хар тамхичдыг илрүүлсээр, баривчилсаар, нийгэм тэднийг эсэргүүцсээр байгаа ч эцсийн шийдвэр гаргах эрх бүхий хуулийн байгууллага эдгээр нийгмийн “хорт хавдрууд”-д хариуцлага тооцож чадахгүй, бүр өөгшүүлэн дэмжсээр байгааг бид нүдээрээ харж байна.

Тоо баримт дурдах нь энд илүүц биз. Товчхондоо манай улс өнөөдөр 75 мянган хар тамхичинтай болжээ. Тэдний ард 1-2 хүн өдөрт шинээр хэрэглэгч болж байна гэсэн албаны тандалт мэдээлэл бий. 

Танаас, надаас хол гээд тайван суух боломж бидэнд байхгүй. Өнөөдөр эсвэл маргааш таны ойр дотнын нэгэн, магадгүй үр хүүхэд тань энэ хавдрын нэг эд эс болсон байхыг үгүйсгэх аргагүй юм. Өдөр ирэх тусам хар тамхичдын эгнээ тэлж, хүүхэд эмэгтэйчүүд, өсвөр насныхнаас эхлээд нийгмийн бүхий л давхарга, бүр улс төр, бизнесийнхэн, хууль сахиулагч нарын дунд тархаад байна. Гэтэл хар тамхины хэрэгт оноох ял шийтгэл манай улсад байхгүйтэй адил. Харин ч "эрхлүүлж", тэднийг "сурталчилж", "дэмжиж" иржээ.

Ганцхан жишээ дурдъя. Хар тамхины хэргээр 10 жилийн ял шийтгэгдэж байсан С.Баярмаа гэх эмэгтэй бий. Түүнийг Монгол Улсын хилээр хууль бусаар хар тамхи, сэтгэц нөлөөт бодис оруулахыг завдсан хэргээр саатуулсан.

Бүр тодруулбал, 2019 оны арваннэгдүгээр сард БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис зөөвөрлөн, оруулж ирэхэд нь Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид дайчлан баривчилсан байдаг.

Улмаар нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос С.Баярмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Мөнх-Эрдэнийг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.

Дээрх хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020.02.03-нд хэлэлцэж, шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргав.

Хурлыг тус шүүхийн шүүгч Л.Баатар даргалж, нээлттэй хэлэлцсэн бөгөөд С.Баярмаа, Х.Мөнх-Эрдэнэ нарыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар С.Баярмааг зургаан жилийн хорих, Х.Мөнх-Эрдэнийг таван жил хорих ялаар тус тус шийтгэж, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Гэвч шүүхийн энэ шийдвэр хэтэрхий оройтсон шийдвэр байлаа. С.Баярмаа гэгч нь одоо 34 настай, Чингэлтэй дүүргийн 14 хороо Хайлаастад оршин суух хаягтай, хоёр хүүхдийн ээж, үсчин мэргэжилтэй нэгэн. Ингээд харахад энэ эмэгтэй энгийн нэгэн иргэн мэт. Гэхдээ энэ иргэн нийгэмд хэтэрхий их хор хохирол учруулжээ. С.Баярмааг 14 жилийн өмнө яллаж, нийгмээс тусгаарласан бол хар тамхитай холбоотой олон хүнийг түүний хамаарлаас хамгаалах ч байсан юм билүү. Аль 2006 онд л анх хар тамхи улсын хилээр тээвэрлэж, бусдад худалдаж байсан гэхээр энэ хугацаанд ил, далд юу болж өрнөснийг хэлэхэд хэцүү. 

Тухайн үед манай улс хар тамхины дамжин өнгөрөгч улс гэсэн статустай байсан ба хэрэглэгч нарын тоо ч бага байсан. Энэ үед түүнийг хуулийнхан илрүүлж, гэмт үйлдэлд нь Баянзүрх дүүргийн шүүхээс хоёр жилийн ял оноосон ч энэ ялыг нэг  жилийн хугацаа болгон тэнсэн харгалзаж шийдвэрлэсэн байдаг.

Гэтэл тэр удалгүй дахин шүүхийн хаалга татаж, 2008 оны арванхоёрдугаар сард Баянгол дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг буюу бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хэргээр дөрвөн сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байжээ.

Ийнхүү суллагдсанаасаа хойш дахин зургаан жилийн турш хар тамхины наймаа эрхэлж, БНХАУ-аас Монгол Улс руу хууль бусаар нэвтрүүлэх сүлжээ бий болгосноор өөрийгөө “Мөсний хатан” нэрээр хэрэглэгчдийг хар тамхиар хангаж ирсэн гэгддэг.

С.Баярмаа нь энэ хугацаанд Х.Мөнх-Эрдэнэ гэгчтэй тохиролцож, 2015 оны тавдугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах,  сэтгэцэд нөлөөлөх бодис 79.1 граммыг, дельта-9-тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх бодис 2,8 граммыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн гэмт хэргийг зохион байгуулсан нь тогтоогдсон байдаг. 

Түүний энэхүү үйлдэлд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээс арван жилийн хорих ял оноосон ч 2017 оны долоодугаар 1-ний өдрөөс шинээр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн зүйлчлэлээр ялыг өөрчилж, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон, өршөөлд хамруулан, хар тамхины наймаагаа эрхлэх эрх олгож байжээ.

Хэрвээ Монгол Улсын шүүх байгууллага С.Баярмаагийн ялыг удаа дараа тэнсэж, бүр арван жилийн хорих ялыг өршөөлд хамруулаагүй бол тэрбээр 14 жилийн турш хар тамхи наймаалж, донтогчийн тоог нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулахгүй байлаа. Энэ хэргээс бид нийгэмд онц аюултай гэмт хэрэгтнүүдийг, хар тамхичдыг нийгмээс нэн түрүүнд тусгаарлаж, гэмт хэрэг үйлдсэнийх нь төлөө ял шийтгэл хүлээлгэх ёстой гэдгийг маш тодоор харж авлаа. Тиймээс ирээдүйд учирч болох хор хөнөөлийг тооцож, олны танил ч бай, энгийн нэгэн ч бай хар тамхичдад хуулийн дагуу ял шийтгэл оноохыг хуулийнхнаас шаардаж байна.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.126.89.166) 2020 оны 02 сарын 06

Дуучин Амархүү гэгч этгээд бол оросод удаан жил амьдарч хар тамхины хэрэглэгч болоод монголд ирж урлагийнханд түүнийгээ зааж түгээн дэлгэрүүлсэн их багш юм. ийм этгээд ялгүй өнгөрөх ёсгүй.

0  |  0
Zochin(85.218.48.83) 2020 оны 02 сарын 05

Busad orond barag tsaaziin yal ugdug gej sonsoj baisan! Uursduu mungu olohin tuluu busdiig zoliond gargadag,Mongol zaluusaa ogt hairladagui zarim negen hulgai hiigch bolon har tamhi naimaalagchidad,taraagch nart hund yal onoohiig shaardaj bn!!!Mongoliin min huuhdud zaluusiig horlogchidod Hair ogt heregui.Eebee gej MANAN iin tolgoilogch nuhur uuruu olon ulsad ner oloh gej tsaazin yaliig bhgui bolgoson ni Mongoliin niigemd het ih zadgairal bii bolgoj Mongol uls min Utaa,Bohirdol,Abilgaliin\n,yaduuraliin,taltsan hereldegsediin uls bolson baigaa ni odoo ilerhii bn busuu

0  |  0
Зочин(202.21.108.163) 2020 оны 02 сарын 05

хэтэрхий бага ял өгчээ. Авилгал байгаа нь тодорхой хар тамхи зарах бэлдэх нь нийгэмийг аймшигтайгаар устгаж бна энэ олон хэрэглэгчийг хэн бий болгож бна зардаг бэлддэг улсууд шүү дээ тэгээд ч энэ бүсгүй олон удаагийн давтан хэрэг хийсэн бна бүх насаар нь л хорих байсан юм иймэрхүү хүмүүсийг өршөөлд хамруулж болохгүй хуулиа чанга болгож сайн мөрдөх хэрэгтэй

0  |  0
харамсалтай(192.82.72.183) 2020 оны 02 сарын 05

ХАР тамхи тараагчийг ХҮНД ялаар яллах ёстой. 5 -6 жил - бага байна. БАС л авлига өгсөн байх даа.

0  |  0
Top