ТЕГ: Хувийн болон албаны нууц мэдээллээ хамгаалахыг зөвлөж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 02 сарын 05

Микрософт компаниас "Windows-7" үйлдлийн системийн анхны хувилбарыг гаргаснаас хойш арваад жилийн дараа буюу 2020 оны 1 сарын 14-ний өдрөөс программ хангамж, аюулгүй байдлын шинэчлэл, засварыг зогсоож байгаагаа мэдэгдлээ. Ингэснээр үйлдвэрлэгч байгууллагын хувьд уг бүтээгдэхүүнд илэрсэн асуудал, шинээр олдсон эмзэг байдлыг арилгах техникийн дэмжлэг үзүүлэхээ зогсоох юм.

"Windows-7" үйлдлийн системийн дэлгэцэнд нэгдүгээр сарын 15-ны өдрөөс "Windows-10" үйлдлийн системийн хамгийн сүүлийн хувилбар руу шилжихийг анхааруулсан мэдэгдэл гарч эхэлсэн ба хортой код, цахим халдлагад өртөхөөс сэргийлэн "Windows-10" руу шилжих нь хамгийн аюулгүй алхам болохыг зөвлөж байна. Микрософт компани 2016 оны долооугаар сарын 29-нийг хүртэл "Windows-10"-ыг үнэгүй олгож байсан бол харин одоо уг үйлдлийн системийг эсхүл шинэ компьютер худалдаж авахыг уриалж байна.

Google компаниас "Windows-7" дээрх Google chrome хөтчийг 2021 оны долоодугаар сарын 15-ныг хүртэл дэмжихээ мэдэгдсэн ба үүнийг дагаад Микрософт компаниас мөн адил хугацаанд Microsoft Edge хөтчийн шинэчлэлтийг өгөх бөгөөд үйлдлийн системээ шинэ хувилбар руу шилжүүлэх хугацаа олгож байгаа юм.

Үйлдлийн системээ шинэчлэхэд тодорхой хугацаа шаардлагатай албан байгууллага, хэрэглэгчдийн хувьд ESU /Extended Security Updates/ буюу өргөтгөсөн аюулгүй байдлын шинэчлэл программыг төлбөр (Жишээ нь: Windows 7 рго хувилбарын хувьд эхний жилд 50 ам.доллар, дараагийн жилд 100 ам.доллар, сүүлийн жилд 200 ам.доллар) төлж ашиглах боломжтой ба энэ нь хугацаа дууссанаас хойш 3 жилийн хугацаанд шинэ функц, дизайны өөрчлөлт бус зөвхөн аюулгүй байдлын шинэчлэлтийг өгдөг.

Windows үйлдлийн систем нь зах зээлийн 77 хувийг эзэлдэг, үүний 26 хувь буюу нэг тэрбум орчим хүн "Windows-7" ашигладаг ба "Windows-10"-ыг сайшаадаггүй бөгөөд шинэчлэл зогссон үеэс Linux үйлдлийн систем рүү шилжих хандлага ажиглагдаж байна.

Дээрх систем шинэчлэх аргуудаас сонгон хэрэгжүүлж ашиглаж буй компьютер тоног төхөөрөмжийн үйлдлийн системийн аюулгүй байдлыг хангаж, хувийн болон албаны нууц мэдээллээ хамгаалахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top