ОХУ-ын Эрхүү хотод болж байгаа бөмбөгтэй хоккейн ДАШТ-ий хэсгийн тоглолтууд өндөрлөлөө.
ДАШТ А, В гэсэн хоёр хэсэгт хуваагдан, явагдаж байгаа. Швед, ОХУ, Финланд, Казахстан, Норвег, АНУ, Герман, Эстонийн хүчтэй багууд багтсан А хэсгийн тоглолтууд гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 5-нд болох юм.
Манай багийн багтсан В хэсэг дотроо А,В гэсэн хоёр хэсэгт хуваагдсан. А хэсэгт Унгар, Украин, Нидерланд, Чех, Швейцар, В хэсэгт Монгол, Япон, Латви, Словак, Сомалийн багууд орсон.
Өчигдөр хэсгийн сүүлийн тоглолтууд болж, хасагдах шатанд өрсөлдөх багуудын нэг тодорлоо.
Сомалиг 10:0, Словакийг 4:0, Японы багийг 2:1 ялаад байсан манай шигшээ баг сүүлийн тоглолтод Латвийн багтай тоглолоо. Хасагдах шатанд шалгарах нь тодорхой болсон манай баг хэсгээ тэргүүлэхийн төлөө, харин латвичууд шалгарахын төлөө үзэлцсэн тул маш хатуу ширүүн тоглолт боллоо. Бүтэн 60 минутын турш хурц өрсөлдөж, зарим үед зодолдон торгуулж байлаа.
Манай баг тун чухал энэ тоглолтод “хурдан” гоол оруулж чадсан. Тав дахь минутад Б.Жаргалсайхан гоол хийсний дараа ч манайхан дайрсаар Латвийн багийн хаалгач хэдхэн минутын дотор гурван удаа багаа аварсан. Дөрөв дэх удаагаа аврах гэж хичээсэн ч чадсангүй, Г.Тамир чөлөөт цохилтоос тооны харьцааг 2:0 болголоо. Завсарлагаас өмнө манай баг 12 метрийн торгуулийн цохилт авсан ч гоол оруулж чадсангүй. Гэхдээ 2:0 ялалтаар хэсэгтээ итгэл төгс тэргүүллээ.
Манай баг хасагдах шатанд А хэсгийн 4-р байр эзэлсэн Чехийн багтай өнөөдөр 10 цагаас тоглох юм. Чехийн багийг ялахад Украин, Латвийн багуудын хэн ялсантай тоглоно.
Тоглолтын дараа манай багийн дасгалжуулагч Б.Жаргал “Бид эхний үед төлөвлөгөө ёсоороо тоглож чадсан. Үр дүнд нь хоёр гоол хийсэн. Хоёрдугаар үед тааруу тоглосон ч хаалгаа хуурай манаж чадлаа” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.
Хасагдах шатны тоглолт
10.00 Унгар – Япон
10.00 Чех – Монгол
12.00 Нидерланд – Словак
12.00 Украин – Латви
Сэтгэгдэл ( 0 )