ОХУ-ын Эрхүүд явагдаж байгаа бөмбөгтэй хоккейн XL ДАШТ-ий B хэсгийн хагас шигшээ тоглолтууд өнөөдөр явагдана. Унгарын баг Словактай, Монголын шигшээ “заналт дайсан” Украины багтай тоглох юм.
Хагас шигшээ
12.00 Унгар – Словак
14.30 Монгол – Украин
Заналт дайсан гэдгийн учир нь 2016 оны ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх тоглолт дээр Монгол, Украины баг зодолдож, шуугиан тарьсан юм. Тэр тоглолтод 5:5 харьцаатай үндсэн цагт тэнцэж, нэмэлт цагт Украины багийн Дмитрий Коваль ялалтын гоол оруулсны дараа багийн бүх тоглогчид оролцсон зодоон гарсан.
Манай баг шөвгийн наймын тоглолтод Чехийн багийг ялж, хагас шигшээд шалгарсан. Хэсгийнхээ бүх багийг итгэл төгс ялсан Монголын шигшээ хасагдах шатанд А хэсгийн 4 дэх баг Чехтэй таарсан. Плей-оффын өмнө Чехийн баг нэг өдөр амарсан бол манайхан Латвийн багтай хүнд тоглолт хийсэн тул амралт бага байлаа.
Тиймээс тоглолтын эхний хэсэгт удаан харагдаж байлаа. Чехүүд үүнийг ашиглан, гоол оруулах гэж оролдсон ч чадсангүй. Харин Монголын баг 12 метрийн торгуулийн цохилт хийх эрх авсан ч Г.Тамир алдлаа. Эхний үе 0:0 дууссан.
Хоёрдугаар үед манай баг илүүрхэж, 38 дахь минутад Б.Жаргалсайхан гоол орууллаа. Хоёр минутын дараа багийн ахлагч Г.Тамир алсын цохилтоор багийн тэргүүллийг бэхжүүлэв. Чехийн Иржи Жак нэг гоол оруулсан ч манайхан ялалтаа хамгаалж, чадлаа.
Сүүлийн хэдэн минутыг манай баг хүн дутуу өнгөрөөсөн ч хамгаалж чадсан.
Сэтгэгдэл ( 1 )
UZEJ BOLOKH SUWAG, FB BAYNA UU?