Ведийн шашны нэрт зурхайч Алина Кузимович зурхайн нууц, зурхайчид юуны учир хандах ёстой, энэ гайхалтай шинжлэх ухаан ямар асуултад хариулт өгч чадах талаар ярьжээ. Бид өнөөдөр амжилттай яваа хүмүүсийг харж, чин сэтгэлээсээ бахархаж, тэднийг дуурайх, заримдаа эсрэгээр тэд хэрхэн ийм оргилд хүрч, тэднийг яагаад амжилт дагаж байдгийг гайхдаг. Үүний нууц нь юу вэ. Бараг бүх чинээлэг, алдартай хүмүүс, шоу бизнесийн од, улстөрч, бизнесмен, тэрбумтнууд бусдаас арай илүүг мэддэг зурхайчдын зөвлөгөөг сонсон дагадаг. Зурхайн сонирхолтой баримтын талаар түүнтэй хийсэн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
-Зурхай хобби юу эсвэл ажил хэрэг үү?
-Одоо бол амьдралын ажил хэрэг болоод байна. Хобби маягаар ч эхэлж байгаагүй юм байна. Анхны алхмаа хийж байхдаа л энэ бол насан туршийнх гэдгийг ойлгосон. Учир нь зурхайн ухаан нэг өдөр, нэг жилийн дотор сурдаг шинжлэх ухаан биш. Үүнийг бүхий л амьдралынхаа туршид танин мэдэх учиртай. Маш олон нарийн зүйл байдаг учир байнга хөгжих хэрэгтэй. Таван мянган жилийн өмнө бий болсон энэ ухаан үнэхээр гүн гүнзгий. Би өөрөө ведийн зурхайн ухаанаар дагнадаг.
-Үүний онцлог нь юунд оршдог вэ?
-Ведийн зурхайн ухааны аргачлалаар өнгөрсөн үе, одоо үе, ирээдүйг харах боломжтой байдаг. Нэг сард төрсөн хүмүүс өөр өөр байдаг. Учир нь бидэнд маш олон зүйл нөлөөлдөг. Нарыг бодвол сарны байрлал маш чухал. Энэ ведийн зурхайн ухааны үндэс юм. Нар бол сэтгэл, харин сар бол ухаан юм. Түүнчлэн, зөвхөн төрсөн орд төдийгүй бүх орд бидэнд нөлөөлдөг. Амьдралын 12 мандал, 12 орд байдаг. Орд бүр тэр мандлуудыг удирддаг. Тиймээс орд бүр бидэнд нөлөөлдөг.
-Зурхайч болж төрдөг үү?
-Миний бодлоор хүн болгон зурхайч болж чадахгүй. Хүний амьдралын зурлагыг гаргах төвөггүй ч түүнийг зөв тайлдаг чадвартай байх ёстой.
-Хүний амьдралын зурлагыг гаргахад танд ямар мэдээлэл шаардлагатай байдаг вэ?
-Төрсөн он сар өдөр, цаг, газар. Зарим тохиолдолд хүмүүс төрсөн цагаа мэддэггүй. Гэтэл энэ бол маш нарийн бөгөөд чухал үе. Тиймээс би төрсөн цагийг нь тооцоолдог. Илүү баттай гаргахын тулд, амьдралын зураг нь тухайн хүний гадаад төрхтэй нийцэж байгаа эсэхийг мэдэхийн тулд гэрэл зураг шаардагдах тохиолдол ч гардаг.
-Тухайн хүнийг таньдаг байх эсвэл өөрийн биеэр байлцах нь үр дүнд нөлөөлдөг үү?
-Үгүй. Хамаагүй. Эсрэгээр, би хүнийг амьдралынх нь зургаар таних дуртай. Түүний талаар ямар ч мэдээлэлгүй байгаад хамгийн нарийн зүйлийг нь хэлж гайхшруулах дуртай.
-Зурхайн ухааны юу нь таны сонирхлыг татав. Яагаад үүнтэй амьдралаа холбосон бэ?
-Бүр багаасаа ийм зүйлийг сонирхдог байсан. Миний эмээ онцгой чадвартай байсан. Тэр хүмүүст тусалдаг байсан бөгөөд өөд болсных нь дараа хүртэл хүмүүс талархал илэрхийлдэг байсан. Би ер бусын хүч байдаг, хүмүүс ер бусын чадвартай байдаг гэдэгт итгэж, ийм орчинд өссөн. Хожим нь би ведийн шашин, энэ ертөнц хэрхэн оршдог талаар судалж эхэлсэн. Би Рами Блектийн сургуульд сурсан. Тэрбээр маш сонирхолтой арга барилтай.
-Тухайн хүний талаар хэр бодиттой, бүрэн мэдээлэл авах боломжтой вэ?
-Хүний гаднах төрх, зан чанар, эрүүл мэнд гээд бүх л мэдээллийг унших боломжтой. Амьдралын зурлага тухайн хүн хэзээ төрсөн, төрсөн зорилго, үйлийн үр, эцэг эх, ах дүүс, зан чанар, тухайн хүнтэй ямар нөхцөл байдал учрах зэрэг бүхий л мэдээллийг өгдөг. Зурхайчийн хувьд би тухайн хүн хэдэн удаа гэрлэхийг харж чадна, гэхдээ тухайн хүнээс, үйлдлээс нь шалтгаалдаг гэдгийг хэлэхийг хүсэж байна. Ведийн зурхайн ухаан нөхцөл байдлыг өөрчлөх, амьдралыг сайн тал руу чиглүүлэх хүчтэй. Санхүүгийн, гэр бүлийн зэрэг бүхий л мандлыг шүтэлцүүлэх боломжтой. Хүний гарт бүх зүйл бий, бүхнийг өөрчлөх боломжтой.
-Хүн бүр ямар сургуульд орох, ямар мэргэжил сонгох, ирээдүйд хэн болох, ямар зүйл хийх сонголт дээр асуудалтай тулгардаг. Үүнийг зурхайн ухааны тусламжтайгаар тодорхойлж болдог уу?
-Мэдээж, бололгүй яах вэ. Маш олон эцэг эх хүүхдийнхээ зурхайг бага байхад нь гаргуулдаг. Хүний авьяас чадвар, мөнгө авчрах салбарыг харж болдог. Зарим хүмүүс өмнөх амьдралдаа хийж байсан үйл ажиллагаа энэ амьдралдаа үргэлжлүүлэн хийх тохиолдол ч байдаг. Ингэхдээ бүх зүйл болж байгаа юм шиг санагдаж, тааламжтай бүсээс гарахыг хүсдэггүй. Гэтэл энэ амьдралд тэрбээр өөр зорилготой ирсэн байдаг. Бид айдсаа даван туулах ёстой. Ингэсэн тохиолдолд хорвоо ертөнц янз бүрээр талархаж, бидэнд хэрэгтэй хүмүүс, хэрэгтэй үйл явдлыг илгээдэг. Тиймээс айдастайгаа тэмцэх нь чухал.
-Мэргэжлийн зурхайчийн гол зорилго эмчийн адил үйлчлүүлэгчийн тусын тулд. Нөгөө талаар, зурхайд үргэлж л сайхан зүйлс, үйл явдал байдаггүй. Энэ тохиолдолд хэрхэн зөв үйлдэл хийх вэ?
-Шүтэлцээний аргын талаар би эхэлж ярьдаг. Ямар нэг гарагийн үйлчлэлийг нэмэгдүүлэх тухай. Муу зүйл хэлж буй зурхайчид итгэхгүй байхыг зөвлөдөг. Муу зүйлийг харж болдог. Гэхдээ амьдралын төөрөг зургаас гадна тухайн мэдээллийг үгүйсгэх эсвэл батлах өөр олон зурлага, үеүд бий. Гараг бүр өөрийн эрчимдээ байрлаж, нэг тэмдэг янз бүрийн утга илэрхийлэх боломжтой. Дахин хэлэхэд шүтэлцээний арга чухал. Үүнийг баримталснаар тухайн хүний бүх зүйл сайн зүгт засагддаг. Санчир гарагийн шилжилт гэсэн ойлголт байдаг. Энэ нь хүн бүрийн амьдралд 3-4 удаа тохиодог таагүй үе юм. Тиймээс хүн бүр энэ үеийн талаар заавал мэдэж байх ёстой. Учир нь мэдсэнээр их зүйлээс сэргийлэх боломжтой.
-Зөвлөгөө өгөхөөс татгалзах тохиолдол гардаг уу?
-Үнэндээ би хэзээ ч хэн нэгэнд зөвлөгөө өгөхөөс татгалзаж байгаагүй юм байна. Миний ажилд тохуурхсан, үл итгэсэн байдлаар ханддаг хүмүүстэй ажиллахад хүнд байдаг. Амьдралын зурлагыг гаргаж байхад энэ нь мэдрэгддэг. Зурхайч үйлчлүүлэгчийнхээ үйлийн үрийн хэсгийг өөртөө авдаг гэж үздэг. Энэ бол үнэн. Ийм хүнтэй уулзсаны дараа маш их ядарсан байдаг. Гэхдээ зурхайч бүр үүнд бэлэн байх ёстой, эрчим хүчээ нөхөх чадвартай байх ёстой. Би хувьдаа иогоор хичээллэдэг. Лаа асаадаг. Энэ нь тодорхой хэмжээнд сөрөг эрчмийг шатаадаг. Мөн дэргэдээ сахиус байлгадаг.
-Зурхайн ухаан зөн билэгтэй холбоотой юу?
-Эзотерик ухаантай холбоотой. Зурхайч хүн маш хүчтэй зөн билэгтэй байдаг. Мөн амьдралын эрүүл хэв маягтай. Зурхайч байж тамхи татаж, архи ууж, мах идэн, шөнийн цэнгээний газраар зугаацдаг бол зөн билгийн талаар мартах ёстой. Зөн билэг амьдралын арга ухаанд оршдог.
-Эрэгтэй хүмүүс танд хэр их ханддаг вэ?
-50х50 хувьтай. Өндөр албан тушаалтай эрчүүд, бизнесменүүд ихэвчлэн надад ханддаг. Тэд санхүүгийн болон хувийн амьдралынхаа талаар илүү сонирхдог.
-Сэтгэл зүйн мэдлэг зурхайч хүнд хэр шаардлагатай байдаг вэ?
-Би сэтгэл судлалыг судалж байсан. Энэ салбарын мэдлэг надад маш их хэрэг болдог. Сэтгэл зүйч болохыг мөрөөддөг үе байсан. Гэхдээ би зурхайч болсон. Тиймээс миний мөрөөдөл тодорхой хэмжээнд биелсэн гэж боддог. Би чинь энэ мэргэжлийнхээ хүрээнд сэтгэл зүйчийн үүргийг гүйцэтгэж байгаа шүү дээ.
-Танд өөрийн гэсэн арга барил бий юу?
-Өмнө нь хэлж байсанчлан би зурхайн ухааны сургуульд сурсан. Үүнээс ч өмнө би маш их уншдаг байв. Маш их бэлтгэж байж сургуульдаа орж байлаа. Сургуульд сурч байхдаа олон янзын аргачлалыг танин мэдэж, төрөл бүрийн мэдээлэл судалсны дүнд туршлага хуримтлуулж, өөрийн гэсэн арга барилтай болсон. Бусдаас арай өөрөөр хийдэг гэдгээ мэдэрдэг.
-Зурхайчид хэр их хандах ёстой гэж та зөвлөх вэ?
-Үүнийг бол тухайн хүн өөрөө л шийдэх ёстой. Би хэрхэн ажилладаг вэ гэвэл амьдралд нь ганц тохиох чухал зөвлөгөө авахаар надад ханддаг. Би амьдралын зурлагыг нь гаргаж, мэдээлэл өгдөг. Тухайн хүн энэ мэдлэгтэй үлдэнэ. Зарим нь зөв амьдарч байснаа ойлгож, тэр эрчээ хадгалдаг бол өөр нэг нь өөртэйгөө ажиллаж, хэрэгтэй мандлаа шүтэлцүүлдэг. Зарим нь дахин ханддаг. Гэхдээ энэ тохиолдолд би зурлага дахин гаргадаггүй. Тухайн хүн ямар үе шат дээр явж байгаа, тухайн нөхцөл байдлыг хэрхэн засаж залруулах тал дээр нь зөвлөгөө өгдөг. Хүмүүс өөрийн хийж буй зүйлдээ эргэлзэх үе байдаг. Тэр үед буруу замыг сонгож, хүндрэл бэрхшээлтэй тулгардаг. Харин амьдралын зурлагатай хүн түүний тусламжийг авч, хүндрэл бэрхшээлийг даван туулж, илүү сайн үр дүнд хүрэх боломжтой. Таагүй үе дуусна гэж бодон сөрөг зүйлд ач холбогдол өгөх хэрэггүй.
Сэтгэгдэл ( 0 )