Монголын үндэсний музейн ХОСГҮЙ ҮНЭТ ҮЗМЭР МӨНГӨН БУГА

2020 оны 03 сарын 13

Монголын Үндэсний музей нь сан хөмрөгтөө хадгалагдаж буй түүх, соёлын хосгүй үнэт үзмэрээ дээжлэн цувралаар хүргэж байна.

Энэ удаа VIII зууны үед Монгол нутагт төр улсаа байгуулан хүчирхэгжиж асан Түрэгийн хаант улсын үед холбогдох нэгэн сонирхолтой дурсгалыг толилуулъя.

5. МӨНГӨН БУГА Хэмжээ: 16 см х 12 см, Жин - 243,1 грамм, Архангай аймгийн Хашаат сумын нутаг Хөшөө цайдамд орших Билгэ хааны онгоноос 2001 онд олдсон олдвор. 2001-2003 онд Соёлын өвийн үндэсний төвд сэргээн засварлаж, Монгол Улсын Засгийн газрын 2003.05.21-ны өдрийн 124-р тушаалаар Монгол Улсын хосгүй үнэт үзмэрт бүртгэсэн байна. Өөрөөр хэлбэл энэхүү үзмэр нь зөвхөн Монголын Үндэсний музей нь сан хөмрөгт л хадгалагддаг гэсэн үг юм.

Бугын хийц нь тухайн үеийн дархны урлалын хөгжлийг илэрхийлдэг. Уг бугыг бүтээхдээ хөөмөлдөх, цутгах, цоолборлох, сийлэх, алт шармал болон гагнуурыг чадамгай ашиглажээ. Бугын эвэр, чих, хошуу нүдийг тойруулан, дал, ташаан толгой, сүүлийг нь хурц үзүүртэй багажаар гүехэн сийлж алтаар шаржээ. Хэвлий тус газраа жижиг цоорхойтой. Эвэр, толгой, хөл сэлтийг их биетэй нь гагнасан. Бугын туруун доод хэсэгт ямар нэгэн зүйл шигтгэн тогтоож байсан бололтой хадаас мэт суурь буй. Бугын хоёр дал, ташаан толгой орчимд урдаас хойш чигтэй цэцэг навчин хээг далавч адилаар сийлж, сийлбэрийн нарийн зураасыг тодруулан алтаар шарсан. Нэг эвэр нь хугархай, нөгөө эвэр нь 6 салаатай, гагнаасгүй сул. Нүдний цөцгий, зовхи, хошуу, амыг нь товойлгон урласан. Өндөр нарийн хүзүүг их биетэй нь гагнасан, зогдорын үсийг нарийн зураасаар сийлж алтадсан, мөн их бие, хөлний ихэнх хэсгээр олон нарийн хэрчлээ зураасаар үс хялгасыг нь дүрсэлсэн. Хавиргыг нь хажуу биед 3 хэрчлээс гарган цоолборлон сийлсэн. Босоо далбагар өрөөсөн чихтэй. Монголын Үндэсний музейн II дугаар танхимд үзмэрт буй.

Иймэрхүү бугын модон сийлбэр 1924 онд П.К.Козловын Ноён ууланд малтсан Хүннүгийн 6-р булшнаас гарч байжээ. Энэ дурсгалын судалгааг эрдэмтэд хийж буй бөгөөд одоогоор дараах эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэгдсэн.

-Баяр Д., Амартүвшин Ч., Энхтөр А., Гэрэлбадрах Ж. Билгэ хааны тахилгын онгоны судалгаа// Studia archeologica. Tom. XXI (I), Fasc.9.УБ.,2003, т.75-84., Д.Баяр. Древнетюркские мемориальные компексы в Монголии/, Довдойн Баяр. Монголын дундад зууны археологийн судалгаа УБ.,2014, 61-70 тал мөн Sorn Stark, "Die Altturkenzeit in Mittel und Zentralasien, Archaeologische und Historische Studien. Weisbadan 2008, abb 101 болон Some Remarks on the Headgeear of the Royal Turks// Journal of Inner Asian Art and Archaeology 4 (2009) pp 119-133, С.И.Руденко Культура Хуннов и Ноин-улинские курганы. М-Л.,1962. Стр 200, тав-XXX.

Эх сурвалж: Монголын үндэсний музей

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top