Монголын Үндэсний музейн Алтан сан хөмрөг | НОЁН ДЭЭЛ XVII-XIX зууны эхэн үе

2020 оны 11 сарын 24

Zindaa.mn сайт Монголын Үндэсний музейтэй хамтран тус музейн Алтан сан хөмрөгт хадгалагдаж буй түүх, соёлын үнэт үзмэрээс дээжлэн цувралаар хүргэж буй. Уг цувралын өнөөдрийн дугаарт Монголын уламжлалт хувцас (XVII-XX зууны эхэн)-ын талаар хүргэе.


НОЁН ХӨЛТ МАГНАГ ДЭЭЛ XVII-XIX ЗУУНЫ ЭХЭН ҮЕ
XVII зууны үеэс Манж Дайчин улс нь Монгол, Хятад зэрэг орныг эрх нөлөөндөө оруулан тэдгээр орны иргэдэд өөрийн угсаатны хувцасны хэв маягийг дэлгэрүүлсэн байна.

Чин улсын албаны хувцас нь хуанди, хуантайж, гүнж, ван гүнгүүдийн хувцаснаас гадна иргэний гэж ялгардаг байжээ. Ван гүнгүүдийн нэгэн адилаар Монголын тайж түшмэдийн зэрэг дэвийн хувцасны хэв маягийг тогтоосон байна. Чин улсын үеийн ноёдын хэргэм зэргийг тодорхойлох гол шинж тэмдэг нь лууны дүрс байжээ. Энэ нь эртний хятадын төрийн бэлгэдлийн зүйл болно.

Манж Чин улсын хувцасны загвар Монголд нэвтэрсэн нь Хятадад дэлгэрснээс нэлээд өвөрмөц. Монгол хувцас нь манж зүрчдийн хувцастай төстэй, нөгөө талаар монголчууд эрт үед хятад оронд ноёрхлоо тогтоож байхдаа өөрсдийн хувцасны хууль гарган уугуул монгол хувцасны загвараа хадгалан ирснээс хятад хувцсанд уусаагүй зэрэг нь монгол хувцсыг нэлэнхүйд нь манж хятад маягтай болгож чадаагүй юм. Гагцхүү ноёд түшмэдийн зэрэг дэвийн хувцас л манж ёсны дагуу нэлээд өөрчлөгджээ.

Богд хаант Монгол улсын үеэс эхлэн Ар Монголын ноёд түшмэд, тушаалтан лам нарын ёслолын хувцас болон цэргийн дүрэмт хувцсыг “Зарлигаар тогтоосон Монгол улсын хуулиар” тогтоосон байна. Энэ үеийн ноёд түшмэдийн ёслолын хувцасны зэрэг дэвийн тэмдэг, ямбаны хэрэгсэл нь манжийн үеийнхээс нэлээд өөр болсны дээр лам түшмэдийн албаны хувцасны маяг шинээр буй болжээ. Ноёд түшмэдийн хувцасны зэрэг дэвийн ялгаа нь малгай, жинс, отго, хэргэмийн фүс зэргээс харагдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top