Zindaa.mn сайт Монголын Үндэсний музейтэй хамтран тус музейн Алтан сан хөмрөгт хадгалагдаж буй түүх, соёлын үнэт үзмэрээс дээжлэн цувралаар хүргэж буй.
МАНЛАЙ ВАН ЖАМСРАНГИЙН ДАМДИНСҮРЭН (1871- 1921)
Богд хаант Монгол улс тусгаар тогтнон Монгол хүн бүрийн цээжинд тусгаар улсын иргэний бахархал ассан он жилүүдийн түүх, Монголчуудыг гэрэлтүүлсэн домогт баатрууд, цэцэн билэгт өвгөд дээдсийн өвөөс хуваалцья. Монголчууд эд нь хэврэг эзэн нь мөнх байг хэмээн ерөөдөг ч эд нь эзнийхээ үйлийг гэрчлэн музейн үзүүллэгт залран байна. Музейн нэгэн гайхамшиг энэ билээ.
Манлай баатар 1912 онд Баргын эх орончдыг тэргүүлэн Нийслэл хүрээнд ирэхэд Богд хаан Баргын Дамдинсүрэнг талархан хүлээн авч Гүн цол шагнан Богд хаант Монгол Улсын Гадаад яамны дэд сайдаар томилов. Гадаад Яамны Дэд сайдын хувиар Дамдинсүрэн 1912 онд Монгол, Төвдийн гэрээнд Монголын талын төлөөлөн гэрээнд гарын үсэг зуржээ.
Ж.Дамдинсүрэн 1912 онд Ховдыг чөлөөлөх байлдааныг Хатанбаатар Магсаржавын хамт удирдаж, гавьяа байгуулсны учир Богд хааны зарлигаар Цэргийн жанжин, Манлай баатар цолоор шагнуулжээ. Манлай баатар Дамдинсүрэн 1913 оны 3 дугаар сарын 16-нд Цэргийн яамны эрхлэн зөвлөх сайд, мөн оны 7 дугаар сарын 1-нд Өмнө зүгийн цэргийг дайчлан захирах жанжнаар тус тус томилогдож, Өвөр монголыг чөлөөлөх дайныг удирджээ. Энэ үедээ түүний өмсөж явсан малгай музейн цуглуулгад ирсэн түүхийг толилуулъя.
1924 онд Судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтэд музейн анхны цуглуулгыг албан ёсоор хийж эхлүүлсэн бөгөөд уг малгай анх тэнд бүртгэгджээ. Улмаар Улсын Төв музейн сан хөмрөгт бүртгэлтэй байгаад 1976 онд Хувьсгалын музейн сан хөмрөгт шилжүүлжээ. Одоо Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж байна.
МАНЛАЙ ВАН ДАМДИНСҮРЭНГИЙН МАЛГАЙ
Малгайн өндөр 18 см, диаметр 28 см, жин 465 гр Хүрэн чулуун жинстэй, отготой дугуй хилэн малгай. Жинс гуурсны мөнгөн суурийг шармалдсан, эвэр угалзтай.
Жинсний суурины доороос малгайн нарийн оройн 6 талруу нь хар дэвсгэрт өнгийн утсаар эвэр угалз хатгасан 6 хошуу сампин даруулсан. Малгайн олон хуниаст гозгор оройг улбар шар цоохор торгоор оёжээ.
Малгайн ар бүч нь улаан бөс, улаан залаатай болно. Малгайн дугуй дэрэвгэр туурганы дотрыг цагаан цэнхэр торгоор гадрыг хар хилэнгээр тус тус оёжээ. Малгайн орой саравчны татуулга тавьж ширж оёсон байна.
Малгай ерөнхийдөө нам бөгөөд томовтор юм. Отгоны бөөрөнхий шар чулуун гуурсны нуруун тал нь хавтгай. Малгайн отго тогосын нэг нүдэн өдтөй буй нь олон удаа зэрэг хэргэм хүртэж яваагүй, 1911 оноос эхлэн Монголын үндэсний тусгаар тогтнолын төлөө гадаад дайсантай амь хайргүй удаа дараа байлдаж, тухай бүр ялалт байгуулсан учир Богд хаант Монгол улсын Засгийн газраас Манлай ван цол хэргэм шагнасан байна.
Сэтгэгдэл ( 0 )