255-301 оны үед холбогдох ДОРГОНЫ АРЬСАН ДАХ

2020 оны 12 сарын 05

Zindaa.mn сайт Монголын Үндэсний музейтэй хамтран тус музейн Алтан сан хөмрөгт хадгалагдаж буй түүх, соёлын үнэт үзмэрээс дээжлэн цувралаар хүргэж буй. Уг цувралын өнөөдрийн дугаарт Ховд аймгийн Мянгад сумын нутаг Урд улаан үнээтийн уулнаас олдсон доргоны арьсан дахны талаарх мэдээллийг хүргэж байна. Уг малталгаа судалгааны ажлыг Монголын Үндэсний музейн ЭШТ-ын дарга Ж.Баярсайхан, Ч.Баяндэлгэр, Т.Түвшинжаргал нар хийсэн байна.


УРД УЛААН ҮНЭЭТИЙН ДОРГОНЫ АРЬСАН ДАХ

Ховд аймгийн Мянгад сумын нутаг Урд улаан үнээтийн уулнаас олдсон Доргоны арьсан дах нь тоногдож сүйтгэгдсэн бөгөөд уг уулын зүүн энгэрт байрлах хадны оршуулгаас олджээ. Сэнжит хадны зүүн доод хэсэгт 670 см урт, 230 см өргөн, баруун болон зүүн хойд талдаа нэжгээд амтай намхавтар агуйн хонгилд, уг дурсгалыг үйлсэн байв.

Агуйн баруун амны гадна талд хар сортой зэрлэг амьтны (дорго) арьсаар хийсэн хувцасны тасархай хэсэг шарилын хамт олдсон бөгөөд 45-55 орчим настай, эрэгтэй хүнд уг хувцсыг өмсгөн оршуулсан байлаа. Цайвар шаргал өнгөтэй, урт хар сортой, өтгөн ширүүн үстэй доргоны арьсаар хийж, зах, хөвөөг нь бор өнгэтэй, нарийн зөөлөн, богино үстэй, гялгар сортой, үнэт ангийн арьсаар эмжин урлажээ.

Олдворын баруун энгэр, ар тал харьцангуй том үлдэгдэлтэй, зүүн талын энгэр, ар, ханцуй тус бүр 50 орчим хувийн үлдэгдэлтэй байсанд үндэслэн хэмжилт судалгаа хийсэн байна.

Загварын байдлыг ажиглахад тусдаа эсгэлттэй захгүй, хүзүүний хэсгийн эмжээрийг зах маягтай болгон шийдсэн байна. Дахыг халздай доргоны арьсыг элдэж боловсруулан, үсийг гадагш харуулж хийсэн нь их биеийн хэсэг дэх үлдэгдэл үснээс тодорхой харагдах ба зах, энгэр, хормой, ханцуйн үзүүрийг гялгар хүрэн сортой (булганы арь мэт),  нарийн, богино, ноолуурлаг үстэй ангийн гоёмсог арьсаар эмжсэн нь оёдлын завсар, ёроолоор үлдсэн үсний үлдэгдэлээс илэрхий байна.

Зах, суга, арын гол хэсгийн эсгүүрийг маш нягт, нямбай тооцоолон эсгэсэн нь үлдэгдэлд нарийвчилсан хэмжилт хийх явцад тодорхой байлаа. Үүнд: хүзүүний ухаарын хэсгийн урт нарийн, гурвалжин оруулга, арын голын хэсгийн голоор нь хотойлгосон хэлбэр, суганы хэсэгт гарын хөдөлгөөн болон өмсгөлийг тооцон эсгэж, оёсон байдал зэрэг орно. Оруулга, зүйдэл, эмжээр, нийлүүлэх оёдол зэргийг 0,15 см зайтай маш жигд хөвөрдөж оёсон байна. Урд улаан үнээт уулын хадны оршуулга нь  91,1 хувийн магадлалаар НТ 243-357 он, 48,1 хувийн магадлалаар НТ 255-301 оны үед холбогдох нь тогтоогдсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top