Альпын хүнээс Аюушийн түрийвч хүртэл

2020 оны 11 сарын 28

Zindaa.mn сайт Монголын Үндэсний музейтэй хамтран тус музейн Алтан сан хөмрөгт хадгалагдаж буй түүх, соёлын үнэт үзмэрээс дээжлэн цувралаар хүргэж буй. Уг цувралын өнөөдрийн дугаарт ХХ зууны эхэнд Монголын алс баруун хязгаарт дугуйлан байгуулж зарга өдүүлэх зэргээр шударга үнэний төлөө бурангуй ёсны эсрэг тэмцэж Ард хэмээн алдаршсан Аюушийн хэрэглэж байсан хуучин бор түрийвч талаарх мэдээллийг  хүргэе.


Музейд өнгөрсөн түүхийн гэрч, хосгүй ховор, хамгийн гэх тодотголтой бүхэн бий. Тэдгээрийн нэг нь Манж гүрэн сүүлчийн амьсгалаа авч байсан тэртээ ХХ зууны эхэнд Монголын алс баруун хязгаарт дугуйлан байгуулж зарга өдүүлэх зэргээр шударга үнэний төлөө бурангуй ёсны эсрэг тэмцэж Ард хэмээн алдаршсан Аюушийн хэрэглэж байсан хуучин бор түрийвч юм.

Түрийвч, хэтэвч хэмээн бидний нэрлэх энэхүү эдлэлийн хамгийн эртнийхийг 1991 онд Итали, Австрийн хил дээрх Альпын нурууны нэгэн өндөрлөгөөс (3200 м) олдсон Ötzi (Ötztal Alps хэмээх олдсон газрынх нь нэрээр ийн нэрийджээ. Отци, бас Эци гэх нь бий) гэх 5300 гаруй жилийн тэртээх хүний занданшуулсан шарилын олдвор, түүний бүсэндээ бэхэлсэн хэтэвч маягийн зүйл ажээ. Эртний Египет, Ром, Грек, уугуул Америкчууд гээд бүгд л түрийвчтэй байжээ. Библид дурдснаар, 30 мөнгөн зоосны төлөө Есүсээс урвасан Иуда ч мөн анхдагчдын тоонд багтдаг байна.

Аюушийн түрийвч нь 18 см урт, 11 см өндөр хэмжээтэй. Харагдах байдал нь, хоёр талдаа тус бүр гурав, гурван тооны цэцгэн хээг дармалдаж гаргасан хүрэн бор өнгийн савхин гадартай, дотор талыг нь мөн л хүрэн өнгийн даалимба маягийн эдээр урласан байх ба том жижиг хоёр таславч буюу тусгаар хэсгээс бүрдэх аж. Түрийвчний амсарт оньсон түгжээ бүхий хоёр тийшээ дэлгэн онгойлгодог төмөр нугастай. Мөн түгжээний хоёр талд анхандаа бариултай байсныг илтгэх 2 ширхэг бариулын суурь харагдана. Чанарын хувьд ихэд эдлэгдэж хуучирсан. Ур хийцийн тухайд хоёр талын дармал цэцгэн хээнээс өөр гойд чамин юм ер үгүй.  Гар хийцийн бус харагдах эл түрийвчийг Викторианы үеийн Өрнө дахинд үйлдвэрлэж өргөнөөр хэрэглэж байсан түрийвч хэтэвч зэрэгтэй тун төстэй төдийгүй ХХ зууны эхэн болон тэргүүн хагаст Хаант Орос, ЗХУ-д хийгдсэн байх ч магадтай юм.

Музейд буй холбогдох данс, баримтаас үзэхэд Аюушийн түрийвч тэртээ 1960-аад оны эхээр музейн цуглуулгад оржээ. “1962. 29/46. Мөнгөний хар түрийвч. Ховдын Цэцэг нуурын Ард Аюуш хэрэглэж явжээ” гэснээс илэрхий байна. Харин түрийвчин дотор он удтал хадгалагдсан ам дөрвөлжин нугалбарт “1961-11-25-нд. Думаагийн Наваанаас. Өөрийн гар дээр хадгалагдан байгаа цоож 2, хятад түлхүүрийн хамт. Үүнд орос түлхүүр 2, монгол түлхүүр 3-ын хамт. Эдгээр 5 түлхүүртэй. Жич: Ард Аюушийн мөнгөний түрийвч. Эдгээр хэдэн зүйлийг надад шилжүүлэн өгсөн болой. Би ийнхүү тусгайлан хадгалав. Дамдин.” гэж монгол бичгээр бичсэн тэмдэглэл байна. Цаасны ар талд “Энэ Ард Аюушийн хуучны мөнгөний цүнх мөн” хэмээж.  Энд дурдагдан буй Наваан, Дамдин тэргүүтэн нь 1950- 60-аад оны үед Улсын Төв музейн үзмэр худалдан авах комиссын дарга, сан хөмрөгийн эрхлэгч зэрэг алба хашиж байсан хүмүүс ажээ.  Ийнхүү, нэгэнтээ алдаршсан Аюушийн үйл хэргийг мөнхлөх их хэрэгт нэмэрлэх үүднээс үлдэж хоцорсон ганц түрийвчийг нь ойрын нэгнээс нь авч музейд хадгалсан бололтой. Хаа холын Альпаас эхтэй, үйлдвэрлэгдээд зуу гаруй он музейд ирээд нэгэн жарныг элээж буй бор түрийвчний богино түүх энэ буюу.

 

МҮМ-н Сан хөмрөгч Б.Ууганбаярын өгүүлэлээс товчлон авав.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (192.82.75.114) 2020 оны 11 сарын 29

Манибадар гүн болон орон нутгийн язгууртнууд гэх нэртэй шулаачид, хятадын пүүсүүдийн эсрэг тэмцсиймш дээ. Одоо ийм ойлголттой болчих гэж.

0  |  0
Зочин(64.119.25.122) 2020 оны 11 сарын 29

Их британичууд манж готой хар тамхины дайн хийснээс манжын хүч суларсан

0  |  0
Зочин(202.55.188.101) 2020 оны 11 сарын 28

Аюуш гуай зайлуул яг юуны төлөө тэмцсэн нь тодорхойгүй л зүтгээд байсан байналээ.

0  |  1
Top