Zindaa.mn сайт Монголын Үндэсний музейтэй хамтран түүх, соёлын үзмэрүүдийн талаарх мэдээллийг цувралаар хүргэж буй. Цувралын өнөөдрийн дугаарт Монголын Үндэсний музейн Куратор Б.Ууганбаярын бэлтгэсэн Тэмээн жингийн хонхны талаарх мэдээллийг хүргэж байна.
Авто болон агаарын тээвэр үүсэн хөгжиж эхэлсэн ХХ зууны эхэн үеийг хүртэл дэлхийн хуурайн газрын нилээд хэсэгт ачаа барааг ердийн хөсгөөр, тэр дундаа тэмээн жингээр тээвэрлэх нь түгээмэл байжээ. Тэмээг “Тэнгэрийн амьтан”, “Тэмээн дээрээс наран ойрхон” хэмээдэг монголчуудын амьдралд ойр зуурын нүүдэл суудлаас эхлээд алс холд аян жин тээх зэрэгт тэмээний нэмэр их байж.
Тэмээ сургах, зүслэх, нэрлэх, буур сонгох, ингэ хөөслөх, тэмээ уралдуулах, сэтэрлэх, тэмээний тоног хэрэглэл урлах гэхчлэн тэмээ өсгөн үржүүлэх, уналга эдэлгээнд хэрэглэх, ашиг шимийг нь хүртэхтэй холбоотой зан үйлийн баялаг өв цогцлоосон нь өдгөө ч хэвээр.Тэмээн жингээр алсын аянд явах нь хүн, малын шандас, тэвчээр сорьсон бэрх хэцүү ч бахдам сайхан ажил байсан гэдэг. Нэрт монголч эрдэмтэн О.Латтиморын бичсэнээр, тэмээн жингийн цуваа хүний алхаанаас төдий л их биш хурдтай явдаг байсан ба хүрэх газрын хол ойр, тэнгэр хангай, зам харгуйн нөхцлөөс хамаарч өдөрт 40 км хүртлэх газар туулдаг аж.
Монголчуудын тэмээн жинг зорих газрын хол ойроор нь аймаг дотор, хошуу хооронд тээх жин буюу “ахар жин”, аймаг хошуунаас алсад хил хязгаарыг даван одох жин буюу “Холын жин” хэмээн ангилдаг.
Жин тээхэд 10-15 тэмээ бүхий цуваа нэг “гал” болох ба дээд тал нь 10 гал буюу 150 орчим тэмээ бүхий цуваагаар аян жинд мордох нь цөөнгүй байжээ. Нэг тэмээний тэн ачаа нь дунджаар 200 гаруй кг хүнд. Тив дэлхийн хөгжил урагшлахын хирээр тэмээн жингийн цуваа алсран мартагдаж буй ч түүнтэй холбогдох цөөнгүй зүйл үзмэр болон хоцорсны нэг нь энэхүү жингийн хонх юм.
Төмрийг хавтгайлан хуйлж гонзгой хэлбэр гарган хийсэн энэ хонх нь 32 см өндөр, 19 см өргөнтэй. Хонхны дотор эргэн тойронд нь нимгэн төмөр хадаж тогтоосон хавтгай бөөрөнхий хэлбэртэй модон хэл харагдах ба түүнд бэхэлсэн төмөр цагирагнуудаас улаан өнгийн хялгасан молцог маягийн зүйл унжуулжээ. Хонхны гадна, дээд талд хавтгай төмөр бариул сэнж гагнаж тогтоосон байх ба түүнээс хос суран оосор уяжээ.
Монголчууд алс хол аян жин тээхдээ чимээ өгөх зорилгоор сүүлийн тэмээний хүзүүнд иймэрхүү хонх зүүдэг байжээ. Жингийн хонх нэгэн хэмээр дуугарах тэр дууг “дууних” хэмээн нэрлэдэг байна. Өнгөрснийг сануулан дүнгэнэх тэмээн жингийн эл хонхыг 1986 онд Улаанбаатар хотын Сүхбаатарын районы 20-р хорооны иргэн Ванчиндоржийн Амараа хэмээгчээс 50 төгрөгөөр худалдан авч музейн цуглуулгад нэмэрлэжээ.
Сэтгэгдэл ( 0 )