Нойргүйдлийн эмгэг залуужиж, энэ шалтгаанаар эмнэлэгт хандагсдын тоо эрс нэмэгджээ. СЭМҮТ-ийн Сэтгэцийн эмгэг судлаач, сэтгэл засалч Л.Жавхлантай нойрны хямрал, илрэх шинж тэмдэг, түүний шалтгаан болон эмчилгээний талаар ярилцлаа.
-Нойргүйдэл гэдэг эмгэг сүүлийн үед залуужиж байх шиг, унтаж чадахгүй долоо хонож байна гэсэн залуухан хүнтэй ч таарч байлаа. Ер нь нойрны хямралд орсноо хэрхэн мэдэх вэ?
-Насанд хүрэгчдэд өдөрт долоогоос найман цагийн нойр хангалттай, харин хөгшрөх тусам унтах цаг улам л багасна. Нойр нь хүн бүрийн хувьд ялгаатай байх бөгөөд зарим хүн шөнө ердөө л гуравхан цаг унтах нь ч бий. Олон шөнө нойргүй хоновол сэтгэл санаа тогтворгүй болж асуудлыг шийдэхэд хүртэл төвөгтэй болж эрч хүч алдагдах, хөдөлмөрийн бүтээмж муудах гээд олон сөрөг талтай. Нойрны хямралын хэд хэдэн эмнэлзүйн хэлбэр байдаг. Үүнд, органик болон органик бус нойргүйдэл (биеийн өвчний болон сэтгэлийн шалтгаант), нойр хэт хүрэх, унтах болон сэрүүн байх хэмнэл алдагдах, зүүдэн явдалт, шөнийн айдас, хар дарж зүүдлэх эмгэгүүд орно.
Нойрны хямрал нь амарч чадахгүй байх, ядраад байгаа хэр нь нойр хулжих, унтахаараа хар дарах, өглөө сэрэхэд нойр ханаагүй, бие хүндэрч сэрэх, олон дахин сэрвэлзэх, шөнө шээс байн байн хүрэх, бүрэн унтахгүй байх, өглөө хар үүрээр сэрээд нойр хүрэхээ болих, өдөр нойрмоглож ядрах зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Бид нам унтсан үед өглөө сэрэхэд л давсаг чинэрснээ мэддэг шүү дээ. Шээс хүрэх мэдрэмж төрөх нь булчин чангарсантай холбоотой бөгөөд нойрноос сэрэх явцад төдийлөн хүчтэй нөлөөлдөггүй. Бидний ихэнх нь хар дарах буюу хар дарж зүүдэлдэг. Нойр хулжсанаас болж өдөр тутмын хэвийн ажиллах чадвар алдагдана. Харин зүүдэн явдалт эмгэгийн үед унтаж байснаа гэнэт босож явах, явах үедээ ямар нэг үйлдэл хийх, гэхдээ шөнө босож явснаа огт мэдэхгүй байдаг. Мөн шөнийн айдаст эмгэгийн үед шөнө нойрон дунд хүчтэй дуу чимээ сонсож, хүчтэй айдас төрнө. Айдсын улмаас орилж, хашгирна. Босож суух, хүчтэй айдас төрүүлсэн зүйлийн заримыг санана. Хар дарж зүүдлэх эмгэгийн үед нойрон дундаа аймшигтай, айдас түгшүүртэй зүүд зүүдэлнэ. Зүүд маш тод байх учир зүүдээ санана. Сэрснийхээ дараа айж сандарна.
-Нойрны хямрал үүсэх гол шалтгаануудыг дурдана уу?
-Нойрны хямрал нь нэгдүгээрт сэтгэл зүйн шалтгаантай буюу стресс, сэтгэл түгшилт, дарамт хүчирхийлэл, улигт бодол албадмал үйлдэл, тайлбарлаж боломгүй бие махбодын шалтгаанаас болж нойрны хямрал үүсэж болно. Хоёрдугаарт бие махбодын эмнэл зүйн шалтгаан буюу өвчин зовууриас болж нойр хямарч болдог. Жишээ нь таны үе мөч янгинаж өвдөх, ходоод базлах, хурц ба архаг өвчин сэдрэх үед өвдөөд унтаж чадахгүй шүү дээ. Гуравдугаарт амьдралын хэв маяг болон цагийн зөрүүнээс шалтгаалж нойрны хямрал үүсдэг. Ээлжийн ажилтай хүмүүс 24 цаг гараад 48 амрах зэргээр нойр янз бүрээр солигдсоноос шалтгаалж өөрчлөлтөд ордог. Хүрээлэн буй орчин буюу бүгчим, дуу чимээтэй, тав тухгүй орчинд нойр хулждаг. Амьдралын дадал хэмнэлд тогтмол бус дэглэм, орой хүнд хоол их идэх, эсвэл бага идэх унтахын өмнө кофе, өтгөн байхуу, сүүтэй цай уух, хөдөлгөөний дутагдал, архи тамхины хэрэглээ, тураах үйлчилгээтэй эм хэрэглэх зэрэг нь нойрны хэмнэлийг алдагдуулдаг юм уу, сэтгэл хөдлөлийн талаас таагүй мэдрэмжүүд бий болдог. Үүнээс гадна сошл орчноос авч байгаа хэрэгтэй хэрэггүй мэдээлэл нь хүний сэтгэл хөдлөлд шууд нөлөөлдөг учраас бухимдал, зовнил өгч тархинд хэт их ачаалал өгч, толгой өвдөх, бие сульдаж, нойргүйдэх шалтгаан болдог.
-Монголчууд “Ханах нойр, хавдах сүүж биш” гэж нойр ихтэй хүнийг зэмлэдэг шүү дээ. Заавал ханатлаа унтах ёстой уу, эсвэл?
-Физиологийн нойроо ханасан эсэхийг юугаар үнэлж болох вэ гэхээр унтаад сэрсний дараа тухайн хүнд дахиад унтмаар санагдвал нойрны хэрэгцээ бүрэн хангагдаагүй байна гэсэн үг. Амарсан мэдрэмж байгаа эсэхийг мэдэх, ажиглах хэрэгтэй. Амарсан мэдрэмж төрөхгүй байх шинж нь хааяа нэг илрэхийг нойрны хямрал гэж ойлгож болохгүй. Унтах тав тухыг бүрдүүлсэн ч нөхцөл байдал хэвээр байвал, дээрх шинж тэмдгүүд тогтвортой илэрч буйгаар мэдэх боломжтой. Мөн зарим хүмүүс сэрэхгүйгээр өдөржин унтдаг. Энэ нь урьд шөнө нойр алдсан шалтгаанаас болдог. Ийм байдал удаан үргэлжилбэл чихрийн шижин, вирусний гаралтай халдварт өвчнүүд, бамбайн булчирхайн өвчин зэрэг өвчнүүдэд өртөмтгий болдог учир аливаа юмны тун нь ихдэхээр хортой.
-Өдрийн цагаар хэдхэн минут дугхийхэд амарсан юм шиг мэдрэмж төрдөг шүү дээ?
-Өдөр унтах нь амралт болж чадна. Гэхдээ өдөр унтвал бага цагаар унтах хэрэгтэй. Учир нь өдөр олон цагаар унтвал шөнө нь унтаж чадахгүй шүү дээ. Шөнийн нойрыг бусад аль ч үеийн нойроор нөхөх боломжгүй. Мөн өдрийн цагаар гэнэт хүчлэгдсэн нойронд автах нь нойрны эмгэгийг илэрхийлж байдаг. Ялангуяа чухал цуглаан дээр, олон нийтийн газар, жолооны ард гэх зэргээр идэвхтэй цагаар өөрийн эрхгүй нойр хүрч, хүн өөрийн удирдлагагүй гэнэт унтахыг нарколепсия гэнэ. Тухайн хүн харахад сэрүүн юм шиг, гадны юмсыг харж, сонсох боловч ямар ч хөдөлгөөнгүй болдог. Зарим тохиолдолд нарколепсия уурлаж цочирсон, сэтгэл хөөрч баахан инээсэн үед гэнэт булчин суларч коллапсад орохтой хамтран явагдах тохиолдол бий.
-Нойргүйдэл нь ажлын бүтээмжээс эхлээд эрүүл мэндийн хувьд олон сөрөг нөлөөг дагуулдаг байх нь?
-Хангалттай амарч чадахгүй бол амьдралын өдөр тутам гаргадаг амжилт бүтээл буурна. Учир нь хүний тархи өдөр нь ажиллаад шөнө амарч, маргааш нь ажиллах эрч хүчээ авах ёстой. Шөнө нь тархи амарч чадахгүй бол сэтгэл хөдлөлөө зохицуулахад асуудал үүсч, бие махбодод сульдалын шинж мэдрэгдэнэ. Тухайлбал, чих шуугих, нүд бүрэлзэх, уурлаж бухимдан сэтгэлийн хөдөлгөөн сөрөг болж, ачаалал даахаа болино. Нойрны хямрал тохиолдсоноор өдрийн туршид нойрмоглох, шалтгаангүй ядрах, ажлын бүтээмж муудах, анхаарал төвлөрөл сулрах, ой тогтоолт муудах, шийдвэр гаргахад бэрхшээлтэй болох, уур уцаар төрөх, ахуйн энгийн жижиг сажиг алдаанууд гаргах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Гадаад төрхөөрөө ч нурмагар, сульдсан, сүүмгэр, ядрангуй царайтай харагддаг бөгөөд арьс унжиж суларсан байдаг шигээ дотоод бүх эрхтнүүд амарч чадаагүй, үйл ажиллагаа нь сулардаг. Нойрны хямралтай байна уу гэдгийг мэдэх арга нь унтахаас өмнө хөл бадайрч байгаа юм шиг ирвэгнэх, арьс татваганах зэрэг нь мэдрэлийн эс, булчин амарч чадахгүй байгааг илтгэнэ. Унтсаны дараа хурхирах /өмнө нь хурхирдаггүй байсан хүн хурхирдаг болох, хурхирдаг байсан хүн илүү чанга, удаан хурхирах/ нь нойрны өөрчлөлтийн эмгэг шинж юм. Хэт чанга хурхирдаг хүн хамт унтаж байгаа хүндээ маш түвэг учруулдаг. Ийм хүмүүсийн амьсгал унтаж байх үед тасалддаг нь ноцтой эмгэг бөгөөд хүн унтаж байхдаа чанга хурхирч байгаад түр хугацаанд амьсгал нь зогсох үзэгдэл юм. Ийм зовуурьтай хүмүүс ойр ойрхон сэрж, дараагийн өдөр мэдэгдэхүйц их ядарснаа мэдэрдэг, учир нь амьсгал олон удаа тасалдсанаас тархи хүчил төрөгчийн дутагдалд орсон байдаг. Жин ихтэй, нас өндөр хүмүүст элбэг тохиолдоно. Бага унтдаг онцлогтой ч хүн байдаг. Энэ нь цөөн тохиолдолд илэрдэг боловч сүүлийн үед ихсэх хандлагатай болсон.
-Нойргүйдлийг эмчлэх ямар, ямар эмчилгээний арга байдаг вэ?
-Нойргүйдлийг эмчлэхийн тулд шалтгааныг нь эхлээд олох хэрэгтэй. Үүнийг тодруулахад мэргэжлийн эмч нар нарийн оношилж эмчлэх боломжтой. Сэтгэл зүйн шалтгаантай байна уу, бие организмын шалтгаантай байна уу, амьдралын хэв маягийн шалтгаантай байна уу, хүрээлэн буй орчноос шалтгаалж байна уу гэдгийг тогтоосноор зөвлөгөө, засал эмчилгээ хийхэд амар болдог. Эмийн эмчилгээ болон дэмжих эмчилгээ буюу сэтгэл заслын эмчилгээ хийдэг. Ялангуяа стрессийн шалтгаантай нойргүйдэлд дэмжих эмчилгээ маш чухал. Эмийн тухайд бие организмын шалтгаантай бол өвчин намдаах эм, тархи толгой өвдөөд байвал тархины цусан хангамж сайжруулах эм, айдас түшүүрт автаад нойргүйдээд байвал түгшилтийн эсрэг эм, ямар нэг зүйлд санаа зовоод булчин чангараад байвал булчин сулруулах эм уух, сэтгэл гутралын эм уух зэргээр шалтгааныг нь дарах эмчилгээг мэргэжлийн эмч үзэж оношлосны дараа хийнэ. Гэтэл хүмүүс нойр хүрэхгүй байна гээд аль тааралдсан эмээ уугаад байдаг. Нийтлэгээр ерөнхий сэтгэл гутралын эм болох амитриптилиныг ам дамжин хэрэглэх болсон нь нийгэм өөрөө ерөнхий байдлаар хөнгөн сэтгэл гутралтай мэт байгаад байх талтай. Зарчмын хувьд нойрны эм гэж байхгүй. Нойрны эмгэгт хүргээд байгаа асуудлууд руу чиглэсэн эмчилгээ хийхэд л нойр аяндаа хүрдэг болно. Ялангуяа баруунаас орж байгаа хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд, нойронд сайн гэсэн олон төрлийн амин дэмтэй витаминуудыг тус улсдаа хориглочихсон байдаг. Буурай орнууд руу орж ирээд өндөр үнээр зарагдаад байдагт нь маш харамсдаг. Тиймээс хүмүүс мэргэжлийн эмчид хандаж, зааврын дагуу жорын дагуу эм уух хэрэгтэй. Эм бол тоглоом биш химийн бодис учраас тасралтгүй хэрэглээд байх хоол унд биш шүү. Тиймээс эмийг заагдсан хугацаанаас хэтрүүлж ууж болохгүй, хэтрүүлвэл хор болно. Жишээ нь булчин суллах эмийг байнга уугаад байвал булчин аяндаа сулрах механизмаа алдаж эмээ уухгүй л бол хамаг булчин нь чангараад унтаж чадахаа болино гэсэн үг. Эмийг замбараагүй хэрэглэвэл эмэнд дасал болох, донтох эмгэг үүсдэг.
-Зарим хүмүүс нойр хүрэхгүй бол ганц хоёр зуун грамм юм татчихаад унтчихаар нам унтдаг гэдэг шүү дээ?
-Байж болно л доо. Гэхдээ зөв гэж хэлэхгүй. Архи, согтууруулах төрлийн ундаа хэрэв биед сайн юм бол яагаад эмийн санд биш дэлгүүрт зарагддаг юм бол? Архи гэдэг этилийн спирт бөгөөд биед ороод элэгнээс ялгардаг архи задалдаг алкогольдегидрогеназа фермент, завсрын бүтээгдэхүүн буюу хорт бодисыг задалдаг альдегидрогеназа гэж хоёр ферментийн нөлөөгөөр архи задарч ус, нүүрстөрөгчийн хий болж задардаг. Ази хүмүүст европ хүмүүсийг бодвол бие мах бодын хувьд ялгаатай байдаг учраас архиных нь градус харьцангуй сул байдаг. Жишээ нь Солонгосын сөжү, Японы сакей зөөлөн амттай байдаг нь элэг шүүж чадах хэмжээнд нь барьж байна гэсэн үг.
-Хүрээлэн буй орчноо аят тухтай бүрдүүлээд, сэтгэл санаа тайван байвал нойр бүтэн, эрүүл байх үндэс юм байна даа?
-Хүний унтахад хамгийн таатай хэм нь +17С юм. Тайван, дуу чимээгүй орчин тогтмол цагт унтаж, босож сурах хэрэгтэй. Таны хэлсэнчлэн алхах, дасгал хөдөлгөөн хийх, усанд сэлэх зэргээр цусны эргэлт сайжруулах хэрэгтэй. Мөн орондоо орохын өмнө тайвширч биеэ суллахыг хичээ. Эмчээсээ тайвшруулах дасгалыг заалгаж авч хэрэглэх хэрэгтэй. Хэрвээ та ямар нэг юмны төлөө санаа зовж, түүний төлөө юу ч хийж чадахгүй байгаа тохиолдолд орондоо орохоосоо өмнө бүгдийг нь доош жагсааж бичээд би маргааш бас дараа дараагийн өдрүүдэд ч үүнийг хийж заавал чадна гэж өөртөө хэл. Нойр хүрэхгүй байвал ном уншиж, зурагт үзэх, намуухан хөгжим сонсох зэргээр өөрийгөө тайвшруулвал аяндаа нойрсоно.
Сэтгэгдэл ( 1 )
Би гар утас хэрэглээд нойргүйдэлд орсон юм алга л байна.