Лев Лещенко Оросын оддод халдвар тараасан уу!

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 27

ОХУ-ын Ардын жүжигчин, алдарт дуучин Лев Лещенко шинэ төрлийн коронавирусний халдвар авч, эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эхнэрийн хамт хэвтэн эмчлүүлж байна.

Лев Лещенко эхнэртэйгээ хамт АНУ, Канадад тоглолт хийгээд буцахдаа Францын Марсель хотоор дайрсан байна. Тэнд түүнийг халдвар авсан гэж эмч нар үзэж байгаа юм.
 


Лев Лещенко бие нь муудсанаас найм хоногийн дараа буюу энэ сарын 24-нд эмнэлэгт хэвтсэн бөгөөд энэ хооронд маш олон хүнтэй уулзсаныг тогтоожээ.

ОХУ-ын телевизийн хөтлөгч Ксения Собчак алдарт дуучныг хэн хэнд коронавирус халдаасан байж болзошгүйг мэдээлсэн байна.

Лев Лещенко халдвар авсан байхдаа хөгжмийн зохиолч Игорь Крутойн дүү эмэгтэйн төрсөн өдрийн хүлээн авалтад оролцжээ. “Тэр хүлээн авалтад байсан бүх хүн шинжилгээ өгөх ёстой” гэж Ксения Собчак хэлсэн байна. Хүлээн авалтад дуучин Игорь Николаев, Олег Газманов, Валерий Леонтьев, Александр Розенбаум, Ани Лорак, Алсу нар байсан бөгөөд Игорь Николаев энэ сарын 26-нд коронавирусний халдварын сэжигтэйгээр мөн эмнэлэгт хэвтээд байгаа юм.

Telegram сувгийн мэдээлснээр мөн дуучин Николай Басков, Александр Серов, Ирина Аллегрова, Александр Ревва, хөтлөгч Лера Кудрявцева, уран гулгалтын тамирчин асан Татьяна Навка, Ерөнхийлөгч В.Путиний хэвлэлийн төлөөлөгч  Дмитрий Песков нар хүлээн авалтад оролцсон гэнэ. Тэгэхээр Ерөнхийлөгч В.Путин ч хоёр дахь хавьтлын хүмүүст орж магадгүй байгаа аж.

Лев Лещенко дараа нь  “Россия 1” телевизэд Андрей Малаховын нэвтрүүлэгт оролцжээ. Нэвтрүүлэгт яруу найрагч Лариса Рубальская, хошин шогийн жүжигчин Геннадий Хазанов, дуучин Аркадий Укупник, Екатерина Шаврина, хөтлөгч Ангелина Вовк нар байсан байна.

Top