Д.Ган-Очир: Залуус захиагаар харилцахаа больсноор нандин дурсамж, үнэт зүйл үгүй болж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 06

Хүн төрөлхтний харилцааны хамгийн чухал хэрэглээ, соёлын харилцааны нэг хэлбэр бол захидал юм. Тэгвэл улс, албан байгууллага, хүмүүсийн хооронд гүүр болж, томоохон үүрэг гүйцэтгэсээр ирсэн захидал хэмээх сэдвийн тухай ярилцахаар өнөөдрийн ярилцлагын буландаа МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, сэтгүүлч Д.Ган-Очирыг урилаа. Тэрбээр захидал, марк цуглуулах сонирхолтой билээ. “Цаг хугацааг нэрэхүй”, “Үүлсийн галбир”, “Бясалгагч шүүдэр”, Сэтгэлийн реализм” зэрэг яруу найргийн номын зохиогч төдийгүй  дууны яруу найргийн мастер, мөн сэтгүүлч гэдгээр нь олон хүн түүнийг мэднэ. Тэгвэл хувийн сонирхол, цуглуулгаар нь дамжуулаад тухайн хүний дотоод ертөнц хийгээд хүсэл бодлын тухай мэдэх боломжтой.


-“Эвхэж нугалсан цагаан шувууны дэвэлт

Эрчлэх салхи эсгэн эсгэн зүснэ

Энхрий чам руу минь шунган тэмүүлэх

Энэ сэтгэлийн үгс яаран яаран донсолно”  гээд захидал гэдэг үг таны номонд орсон шүлгүүд ч цөөнгүй байдаг. Чухамхүү хэзээнээс эхлээд захидал, марк хадгалах болсон бэ?

-Улс үндэстний хамгийн том үнэт зүйл, мөнгөн тэмдэгттэй дүйцэхүйц түүхэн дурдатгал бол захидлын марк гэж боддог. Надад 1994-1999 оны хооронд хэрэглэж байсан Монгол шуудангийн бүх марк байдаг. Намайг оюутан болсноос хойш Төрсөн нутаг Дорнод- Улаанбаатар хоёрын хооронд аав ээж, амраг садан, ах дүүсээс минь илгээсэн захидлууд шувуу шиг жим татуулан нисэх болсон. 1994 оноос хойш аав, ээж, эмээ, эгчийн надад бичсэн  захиа одоо хүртэл байна. Эхнэр бид хоёрын бие биедээ бичсэн зуу гаруй захиа байх жишээний /Хоёр цэнхэр хавтас дүүрэн захианы цуглуулгаа харуулав/.

Хоёр зуу орчим захиа байна даа. Яруу найргийн ертөнцөд хөл тавьснаас хойш “Эрээнцавын эвдрээгүй найрагч” Д.Нямсүрэн, Сүхбаатар аймгийн уугуул хүүхдийн зохиолч Н.Доржцэрэн, яруу найрагч Т.Содномнамжил, Дорнодын найрагч анд Б.Тайван, Г.Хүрэлчулуун  гээд мундгуудын захиагаар цуглуулга маань баяжжээ. Тэдний захиас, урмын үг, зэмлэл гээд чин сэтгэлийн үгс захидлынх нь хуудас бүрээс нэвт гэрэлтдэг дээ.

 

-Таны захианы цуглуулгад ер нь хэдэн захидал байна вэ?

-Хоёр зуу орчим захиа байна даа. Яруу найргийн ертөнцөд хөл тавьснаас хойш “Эрээнцавын эвдрээгүй найрагч” Д.Нямсүрэн, Сүхбаатар аймгийн уугуул хүүхдийн зохиолч Н.Доржцэрэн, яруу найрагч Т.Содномнамжил, Дорнодын найрагч анд Б.Тайван, Г.Хүрэлчулуун  гээд мундгуудын захиагаар цуглуулга маань баяжжээ. Тэдний захиас, урмын үг, зэмлэл гээд чин сэтгэлийн үгс захидлынх нь хуудас бүрээс нэвт гэрэлтдэг дээ.

-Л.Түдэв гуай “ Захидал бол жаргах цагт сэтгэлийн жигүүр-баярын идээ, зовох цагт итгэлийн жолоо-тайтгарлын эм тан” гэсэн байдаг. Багш нараасаа их урам дэм авдаг байсан байх. Та анхны захиагаа хэзээ, хэнд бичиж байв?

-Анх 14 настайдаа дөрөвдүгээр л анги байсан санагдана, ангийн дарга охиндоо сайн болоод “Үерхье” гэж бичиж өгч томоогүйтэж байсан санагдана.

-Тэр охин нь зөвшөөрсөн үү?

-Зөвшөөрсөн./инээв/

-Та гэргийтэйгээ бас л захиагаар уяраасан байх нь ээ?

-Би есдүгээр анги, манай хүн долоодугаар анги байлаа. Тэр үеийн бүх л хүүхдүүд захиагаар харилцдаг байлаа. Бид их азтай гэж боддог. Гар утас, компьютер, цахим орчин гэж байгаагүй, бүх л харилцаа амьд. Одоогийн залуус нүүр номоороо өнөөдөр танилцаад, маргааш дотносоод, нөгөөдөр салж байна. Гэтэл бид бие биеэсээ захиа хүлээж, догдолж, сэтгэл зүрхний хэмнэлээ бичгээрээ дамжуулж, уулзаж учирч, ичингүйрч, сандарч сэтгэлийн бүхий л хөдлөлийг мэдэрч өсжээ. Энэ нь ч хүн байхын, хүнлэг сэтгэлийн мөн чанарыг суулгадаг байх.

-Захидал гэдэг өнгө өнгийн давтагдашгүй нандин дурсамжийг өөртөө агуулдаг. Сонин содон дурсамжаасаа санаж байвал хуваалцана уу?

-Сурагч байхад Москва, Чех, Болгар улс руу захидал илгээдэг байлаа. Нэг удаа Болгарын Тиндо хотын нэгдүгээр сургуулийн ... дугаар ангийн журналын 13 дугаар номерын хүүхэдтэй танилцъя! гээд захидал илгээтэл удалгүй нэг охиноос хариу ирж байсан. Бидний үед аймаг хооронд ийн танилцаж харилцдаг, дотно сайхан найзууд болсон түүх зөндөө бий. Бас нэг мартагдашгүй дурсамж гэвэл 1991 онд  улсын “Хүрэл тулга” шүлгийн наадамд оролцохоор Найрамдал зуслан ирж, оролцсон би гуравдугаар байр эзлэв ээ. Тэр үеэс хойш Хэнтий, Сэлэнгэ, Улаанбаатар гээд олон газраас охид захидал илгээж билээ. Шүлэг найрагт дуртай их ч олон найзтай болсон юм даг.

-Охид гэснээс  бүсгүйчүүд танд захиа хэр их илгээж байв даа?

-Зөндөө авч байсан гэвэл өөрийгөө дөвийлгөсөн юм болох вий дээ. /Инээв/

-Та олны хүртээл болсон олон сайхан дуутай. “Зүүдэнд ирэх жаргал”, “Явах цаг боллоо”, “Хуучраагүй жинс”, “Цамцаа тайл” гээд залуус бидний зүрхэнд дурсамж гэрэлтүүлсэн дуунууд бий. Захидал орсон дуу нэлээн байх шиг?

-Бидний дурсамж яах аргагүй захидал гэдэг нандин сэжмээр холбогддог болохоор тэр байх л даа. Эхнэртээ дурлаад бичиж байх үеийн захиа маань дуу болж байсан. Дуучин Д.Болд дуулдаг байх аа...

“...Хайраа шингээж бичсэн мөрүүд минь

Хавсарга салхинд хийсэн одно...”   /Дуулав/

-Техник технологи хөгжөөд захидал бичих  харилцааны соёл аажмаар үгүй болжээ. Та залуустаа хэрэгтэй, сургамжтай афоризм нүүр номдоо идэвхтэй оруулдаг, түүний ач холбогдол нь хэр мэдрэгдэж байна?

-Залуус захиагаар харилцахаа больсноос нандин дурсамж, үнэт зүйл үгүй болж байна. Сүүлийн дөрвөн жил санаанд орсон, хэрэгтэй, чухал зүйлүүдээ тэмдэглэж аваад, боловсруулж, нүүр номдоо ил захидал маягаар өдөр тутам оруулдаг. Миний бичвэрийг унших гээд хүмүүс их хүлээдэг болсон нь анзаарагдсан. Тэмдэглэлийн дэвтэрт минь 10 мянга гаруй богино бичлэгүүд байна /Үзүүлэв./ Хүмүүс  урт сунжирсан юм унших дургүй болж, тийм ч цаг зав бага болж, цаашид энийгээ эмхэтгээд Д.Батбаярын “Аниргүй эрвээхий” шиг бэсрэг бэсрэг бичвэртэй “Яруусахуйн зүг”, “Бодролын зүг, “Сэтгэлийн зүг”нэртэй цуврал номууд гаргаж байгаа.

-Ном гэснээс Франц Кафкагийн “Захидлууд, Л.Толстойн “Захидал” гээд дэлхийн утга зохиолын түүхэнд захидлаар бичигдсэн олон номууд бий. Түүнээс улбаалаад Монголын утга зохиолын ертөнцөд Р.Чойномын захидлуудаар боть ном гаргаж, О.Дашбалбар агсны захидлуудаар “Миний захидал” ном гарсан гээд олон жишээ дурдаж болно. Та энэ захидлуудаараа бүтээл гаргах бодол байдаг уу?

-Цаг нь ирэхээр гаргана даа. Унших тусмаа мэдэхгүйгээ мэдэх юм. Мэдэх тусмаа хүн даруу болдог шиг, нэг их яарахгүй байна. Их бодож, төлөвлөж, бүтээлч амьдрах юм сан гэж хичээж явна. Дэлхийн номын сангуудыг судалж байна, ямар номууд бэстселлэр болж байна, манайд орчуулагдсанаас нь уншиж байна.

-Та “Монголчууд” гэдэг сэтгүүл гаргаж байгаа. Бас дууны цомгууд, яруу найргийн ном бичихийн хажуугаар “Есенин Монголд” түүхэн судалгааны ном, “Бодролын цонх” бодрол, хөрөг, дурсамж, эссений ном гаргалаа. Энэ их ажлыг хэрхэн амжуулдаг нууцаа хуваалцана уу?

-Миний захидлууд маш их тус болдог. Хэзээ хэнтэй хаана, юу хийж явснаа эндээс сөхөж дурсамжаа сэргээж болно. Зургаан жилийн өмнө хэвлүүлсэн “Бодролын цонх” номын амин сүнс энд байх жишээний. Өдөр тутмын ажлаа дэвтэр дээр бичиж төлөвлөдөг. Залуус маань сууж сурах хэрэгтэй байна. Хамгийн гол нь бичиж тэмдэглэх . Цахим орчинд хүмүүс маш их хайран цагаа үрж байна. Ер нь нэг ондоо бүтээлийн төлөвлөгөөгөө гаргаад бичихийн хажуугаар ивээн тэтгэгч олно. Бас болоогүй сэтгүүлээ хэвлүүлэх гээд өөрийгөө өдий төдий ажлаар завгүй байлгадаг даа.

-Хамгийн сүүлд хэзээ, хэнээс захидал хүлээн авсан бэ?

-Яруу найрагч Ч.Ууганбаяр дүү маань Германд сурч байхдаа 2015 онд захидал илгээж байсан. Ингээд бодохоор захидал бичих нь аль аль талаасаа ховорджээ.

 

*              *              *

“...Учрахдаа надад бэлэглэсэн үзэсгэлэн гоод

Уртын урт захидал бичсэнээ дайлаа

Цагаахан дарвуул сарны зүг хөвөхдөө

Цалгин давлагаалах их уснаа захирагдлаа

Замдаа мэнд яваарай! Миний шууданч минь

Заавал эргэж ирээрэй! Миний дууч минь” /”Цаг хугацааг нэрэхүй” 2012он, 83-р тал/

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.191.130) 2020 оны 04 сарын 06

Цахим цаасаар

0  |  0
Top