Улсын хэмжээнд мал төллөлт 20 гаруй хувьтай, төл бойжилт сайн байна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 06

Малчны хотонд төлийн дуу цангинаж, өнтэй сайхан хавар болж байна. Зарим аймгуудад өнгөрсөн жил зуншлага тааруу байснаас өвс, тэжээл хомс байгаа ч малын хорогдол харьцангуй бага байгаа аж. Энэ жил улсын хэмжээнд 29.2 сая толгой эх мал төллөнө. Төл бойжилт сайн, хорогдол багатай байгаа талаар аймгуудын Засаг даргын Тамгын газраас мэдээлж байна. Аймгуудаас мал төллөлт, төл бойжилт, хаваржилтын талаар ирүүлсэн мэдээллийг аймаг бүрээр нь хүргэе.


ӨВӨРХАНГАЙ АЙМАГ өнгөрсөн 2019 оны жилийн эцсийн байдлаар 5.6 сая толгой мал тоолуулсан. Үүнээс 2.2 сая нь хээлтэгч мал бөгөөд мал  хээлтүүлгийн мэдээгээр 1.8 сая толгой мал төллөхөөр бэлтгэл ажил хангагдсан байна. 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар төллөвөл зохих хээлтэгчийн 22.8 хувь буюу 430 мянган мал төллөж, 16 мянган төл мал хорогдож, гарсан төлийн 96.8 хувь буюу 414.0 мянган төл мал бойжиж байгаа талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээлж байна. Нийт хээлтэгчийн 0.6 хувь нь буюу 12.7 мянган мал хээл хаяснаас гадна цаг агаарын нөхцөл байдлын улмаас аймгийн хэмжээнд нийт малын 0.5 хувь буюу 30.3 мянган мал зүй бусаар хорогдсон дүн мэдээтэй байна.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН 15 сумын 59 багт 6108 малчин өрхөд 3.0 сая толгой мал тавтай сайхан хаваржиж байна. Нийт нутгаар хаваржилт хэвийн, гурван сар гарсаар Булган, Сэврэй, Даланзадгад, Ханхонгор сумдаар гурван удаа бага зэргийн цас орж шуурсан, одоогийн байдлаар Говь гурван сайхан уулаа дагаж бага зэргийн цастай байна. Энэ жил 1,169,537 хээлтэгч төллөхөөс дөрөвдүгээр  сарын 2-ны байдлаар 19.6 хувь нь буюу 229,374 хээлтэгч төллөжээ. Ингэ 8866, гүү 560, үнээ 814, эм хонь 92,719, эм ямаа 126,415 төллөж, гарсан төл 100 хувь сайн бойжиж байгаа ажээ.

Засгийн газрын 285 дугаар тогтоолын дагуу аймаг, сумын аюулгүйн нөөцөд өвс тэжээлийг бүрдүүлснээс хавар задлан, сумын малчин өрх, малын тоо, өвөлжилтийн нөхцөл байдлыг харгалзан 44,3 тонн эрдэс долооц, 600 боодол ногоон тэжээлийн үнийг 100 хувь, 99.04 тонн өвсийг 90 хувь, 20.0 тонн хивгэн тэжээлийг 50 хувь хямдруулан сумдад олгосон байна. Одоо Өмнөговь аймгийн нөөцөд 70.7 тонн хорголжин тэжээлийн үлдэгдэлтэй, нэг уут нь 27000 төгрөгөөр нийлүүлэх ажээ. Нийт 20 өрхийн 13.4 мянган толгой мал Дорноговь, Дундговь, Өвөрхангай аймагт, аймаг дотроо 209 өрхийн 70.9 мянган толгой мал өөрийн аймгийн бусад сумдад оторлон өвөлжөөд хаваржиж байна. Хилийн зурваст 173 өрхийн 62.8 мянган толгой мал, тусгай хамгаалалттай газар нутагт 616 өрхийн 260.8 мянган толгой мал отроор өвөлжөөд, хаваржиж байгаа ажээ.

Цаг хүнд байгаа Дундговь, Өвөрхангай, Баянхонгор аймгаас хил залгаа сумдын 135 өрхийн 118.3 мянган толгой мал отор нүүдлээр өвөл орж ирсжээ. Дундговь аймгаас 75 өрхийн 71536 толгой мал, Өвөрхангай аймгаас 41 өрхийн 38301 толгой мал, Баянхонгор аймгаас 19 өрхийн 8420 мал өвөл орж ирж, өвөлжөөд хаваржиж байгаа бөгөөд одоо буцах хөдөлгөөн эхэлсэн байна.

ДОРНОД АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 2,629,622 толгой мал тоологдсоны 1,190,051 толгой хээлтэгч буюу нийт малын 45.2 хувийг эзэлж байна. Үүнээс ингэ 2320 толгой, гүү 95877 толгой, үнээ 107052 толгой, эм хонь 616170 толгой, эм ямаа 368632 толгой тус тус эзэлжээ. Гуравдугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийт хээлтэгч малын 2.3 хувь буюу 23449 толгой мал төллөөд байна. Үүнд Ингэ 70 толгой, гүү 1143 толгой, үнээ 3998 толгой, эм хонь 10833 толгой, эм ямаа 7405 толгой гэж аймгийн Хүнс, Хөдөө, аж ахуйн газраас мэдээлэв. Аймгийн хэмжээнд энэ онд 1,190,051 хээлтэгч малаас 1,029,535 толгой төл мал хүлээж авах төлөвлөгөөтэй байна. 

АРХАНГАЙ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД энэ онд 2 сая 359 мянган хээлтэгч мал төллөхөөс гуравдугаар сарын 26-ны байдлаар 343.5 мянган толгой мал төллөсөн гэж аймгийн Хөдөө аж ахуйн газраас мэдээлж байна. Аймгийн хэмжээнд нийт 174.6 мянган толгой мал хорогдсон байна. Сумдаар дэлгэрүүлж авч үзвэл Хайрхан суманд хамгийн их буюу 47,309, Цэцэрлэг суманд 29,318, Өлзийт суманд 19,099, Жаргалант суманд 15,683, Эрдэнэмандал суманд 14,092 толгой мал хорогджээ. Хорогдсон малын ихэнх хувийг бог мал эзэлж байгаа аж. Малын хорогдол хаваржилт хүндрээд буй аймгийн зүүн сумдад түлхүү байна. Том малын зүй бус хорогдол дээрх тоонд хүрснээр Архангай аймгийн мал сүргийн 2,5 хувь нь хорогдоод байгаа юм байна.

УВС АЙМАГТ 2020 онд 1,437,845 хээлтэгч төллөхөөс гуравдугаар сарын 26-ны өдрийн байдлаар нийт хээлтэгчийн 32 хувь буюу 459,764 толгой эх мал төллөөд байна. Аймгийн хэмжээнд 457,175 толгой төл мал бойжиж байна. Гарсан төлийн 0.6 хувь буюу 2803 толгой төл мал хорогдоод байна. Аймгийн хэмжээнд нийт малын 0,1 хувь буюу 4529 толгой мал зүй бусаар хорогджээ. Аймгийн хэмжээнд нийт хорогдсон малын гурван хувь буюу 140 толгой хээлтүүлэгч мал хорогдсон байна. Аймгийн хэмжээнд нийт хорогдсон малын 2.7 хувь буюу 127 толгой мал өвчнөөр хорогдсон байна.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ихэнх сумдад цас багатай, харьцангуй дулаан өнтэй өвөл болж өнгөрчээ. Сэлэнгэ аймгийн хувьд хаваржилт, мал төллөлт хэвийн байна. Нийт 788,835 хээлтэгч төллөхөөс 149,984 толгой мал төллөөд байгаа бөгөөд үүнээс гүү 353, үхэр 4434, хонь 79676, ямаа 65521 төллөж, мал төллөлт 19.5 хувьтай, төл бойжилт 99.8 хувьтай байна. Төлийн хорогдол 319, том малын зүй бус хорогдол 638 байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top