Сэтгэцэд нөлөөт эмийн тайланг дутуу хөтөлсөн зөрчил гаргажээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 14

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн түгээлт, зарцуулалт, чанар, аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх шалгалтыг 02.27-03.17-ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хийгдсэн энэхүү шалгалтад нийт 88 эм хангамжийн байгууллагыг хамруулав.

Шалгалтаар мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмээр ханган нийлүүлэх чиглэлээр аймгуудад ажиллаж буй эм ханган нийлүүлэх байгууллагуудын 70 хувь нь Улаанбаатар хотод байрлалтай эм ханган нийлүүлэх байгууллагуудын тусгай зөвшөөрлөөр мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн хадгалалтын аюулгүй байдлын нөхцөл, шаардлагыг хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулсан, эм ханган нийлүүлэх байгууллагуудын 31 хувь, эмийн сангуудын 35 хувь нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн орлого, зарлага, зарцуулалт, устгалын бүртгэлийг бүрэн, тогтмол хөтлөөгүй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн зарцуулалтын тайланг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газарт тогтоосон хугацаанд хүргүүлээгүй зэрэг зөрчил дутагдлууд илэрчээ.

Мөн эмийн санд хүлээн авсан мансууруулах эмийн 55 жоронд судалгаа хийхэд 10 хувь нь стандартын бус маягтад бичсэн зөрчилтэй байна.

Зөрчил, дутагдал гаргасан 44 аж ахуйн нэгж, байгууллагад 151 заалт бүхий албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, хоёр байгууллага, нэг мэргэжилтэнд шийтгэврийн арга хэмжээ авч, шалгалтад хамрагдсан албан тушаалтан, мэргэжилтнүүдэд холбогдох хууль, дүрэм, заавар, журмыг сурталчилан таниулж хэрэгжүүлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

Шалгалтын дүнг үндэслэн хууль, тогтоомж тэдгээрт нийцүүлэн гаргасан стандарт, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай асуудлаар Эрүүл мэндийн яаманд 5 заалт, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газарт 4 заалт бүхий албан бичгийг хүргүүлээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top