Д.Нямхүү: Эсрэг биет бол коронавирустэй тэмцэх “АРМИ” юм

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 17

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн /2020.04.17/ ээлжит мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ээс өчигдөр эмчлэгдээд гарсан таван хүний ийлдэст шинжилгээ хийхэд эсрэг биет илэрсэн талаар мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр Д.Нямхүү эмч хүмүүсийн хүсэлтээр эсрэг биетийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү:

-Эсрэг биет гэдгийг тайлбарлаач гэсэн хүсэлт нэлээд ирсэн байна. Нийт иргэдэд мэдээлэл өгч байгаа учраас энгийн тайлбарлая. Гаднаас вирус орж ирэхэд хүний бие дотор түүнийг эсэргүүцдэг дархлал үүсдэг. Хүний биед дархлалын систем гэж бүхэл бүтэн арми ажиллаж байдаг. Гаднын биет шинээр орж ирэнгүүт дархлалын систем ажиллаад эсрэг бие буюу түүнтэй тэмцдэг биетийг гаргаж ирдэг. Үүнд тодорхой хугацаа өнгөрдөг. Тодорхой хугацааны дараа тухайн вирусийг дарж чаддаг эсрэг биет үүсдэг. Үүнийг дархлалын системийн онцлог гэж үзээд байгаа юм.

Коронавирус өмнө нь хүний биед байгаагүй учраас түүний эсрэг дархлалын систем ажиллаад коронавирусний эсрэг зориулалтын биет гаргаад тавьчихаж байгаа юм. Тэр биет нь коронавирусийг таньдаг болсон учраас түүнтэй тэмцдэг.

Бид нарийндаа бол коронавирустэй ил “дайн” хийж байна. Монгол Улсын хилээр халдвартай хүнийг оруулахгүй гэж бид тэмцээд байгаа. Гэтэл бидний дотор коронавирустэй тэмцдэг бүтэн арми хүлээж байдаг.

Хүний биед коронавирус орж ирэхэд түүний эсрэг дархлалын систем ажилладаг. Өчигдөр би тайлбарласан. Эдгээд таван хүн ажиглалтад гаргасан. Хүний биеэс коронавирус арилж, эдгэрсэн байхад эсрэг биет нь үлддэг. Тэр нь хүний биед коронавирус ороод гарчээ гэсэн тэмдэг юм. Халдварын эсрэг тэмцсэн “цэрэг” үлдсэн гэсэн үг. Тэр “цэрэг” бол удаан хугацаанд хүний биед байж болдог. Коронавирус дахин нэвтрэхгүй удсан нөхцөлд өөрөө аажмаар алга болдог. Тэгэхээр эсрэг биет ихээр үүсэх нь дархлал нь сайн байна гэсэн үг. Эсрэг биеийн хэмжээг тоолдог. Эсрэг биет ихсээд вирус багасаад ирэхээр хүний бие эрүүл болоод халдвараас салж байна гэсэн үг юм.

Тэмбүү өвчин тусаад эдгэсэн хүнийг хүртэл мэдэх боломжтой байдаг. Арван жилийн өмнө тэмбүүгээр өвчилсөн хүн байлаа гэхэд тэр хүн дээр тэмдэг тавиад орхисон байдаг. Түүнийг нь цусны шинжилгээгээр мэдчихдэг. Эсрэг биет үүссэн байдаг.

Top