Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн /2020.04.17/ ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр коронавирусний халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэх чиглэлээр ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн эмч, ажилтнуудад илүү цагийн цалин хэрхэн олгож байгаа талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө.
Д.Нямхүү “Манай эмч ажилчид, журмын дагуу нэмэлт цалин авч байгаа. Жишээлбэл өмнө нь 1.5-1.6 саяын цалин авч байсан эмч хүн халдварын энэ үед дайчлагдаж ажиллаад 4 сая гаруй төгрөгийн цалин авч байна. Тодруулбал, 4.5 сая төгрөгийн цалин авч байгаа. Сувилагч гэхэд үндсэн цалин нь хоёр дахин нэмэгдэж байна. Цалин, илүү цагийн мөнгөө эмч, мэргэжилтнүүд цаг тухайдаа авч байна.
Голомт банкнаас өгсөн 100 сая төгрөгийг эмч нартаа бүгдэд нь хувааж өгсөн. ХӨСҮТ-ийн 800 ажилтан бүгд энэ халдвартай тэмцэж байгаа. Франц өвчтөний ажилладаг компаниас 100 сая төгрөг хандивласан. Мөн л бүгдэд нь ижил, тэнцүү хувааж өгсөн. УОК-оос нэмэгдэл урамшуулал өгсөн. Энэ бүх хандивыг ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтэнд тэнцүү хувааж өгсөн. Манай эмнэлэгт цалин мөнгөтэй холбоотой ямар ч хэл ам гараагүй. Гадуур харин хүмүүс хүний өмнөөс энэ мэт хардаж сэрдсэн яриа гаргаж байгаад харамсаж байна” гэлээ.